Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.02.21 18:29
7350
Т.Ариунболд: Х.Мандахбаяр миний хийлгэсэн “Хангарьд” шувууг дээрэмдэж, хотхоныхоо урд тавьсанд сэтгэл санааны хувьд асар их хохиролтой байна

Иргэн Т.Ариунболд өөрийн хийлгэсэн бүтээлээ бүлэг дээрэмчдэд алдсан  талаар манай сайтад хандсан юм. Ингээд түүнээс юу болсон талаар тодрууллаа.

-Юу болсон талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярихгүй юу?

-2019 оны дөрөвдүгээр сард над дээр юм хийдэг байсан н.Энхтайван гэх залуу ажил хиймээр байна гэж над дээр ирсэн. Тухайн үед би өөрийн зуслан дээр баримал хийлгэе гэж бодоод нөгөө залуутай  25-35 хоногт баримал хийлгэхээр хугацаа, үнэ хөлсөө тохироод эхлүүлсэн. Эхэлсэн хугацаанаас санхүү, цаг хугацаа нь даваад жил 7 сарын дараа арай гэж нөгөө баримал маань дууссан юм. Түүнээс хойш манай хашаанд байсан баримлыг  хийж өгсөн залуу маань гэнэт гарч ирээд “Би танд хамаагүй бага үнээр хийж өгчээ. Илүү үнэтэй байх байжээ” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь анхны тохирсон үнээсээ хэтэрсээн. Тийм зүйл байхгүй гэж хэлээд явуулсан. Гэтэл Мандах гэх залуу гарч ирсэн юм. 

-Х.Мандах гэх хүнээ та тодруулахгүй юу?

-Х.Мандахбаяр гэдэг залуугийн талаар барилгын төслүүдэд ажилладаг, сэтгүүл зүйн салбарт ажилладаг гэх ойлголттой л байсан. Би гэхдээ танихгүй.

Эхний удаа уулзахад "Би таны баримлыг тэрбум төгрөгөөр худалдаад авчихлаа. Тэрийгээ авмаар байна" гээд ирэхэд би их гайхсан.

Манай хашаанд хоёр, гурван жил болж байгаа баримлыг тэр хүн худалдаад авлаа гэхээр миний хувьд ойлгомжгүй санагдсан л даа. Тиймээс би "Тийм зүйл байхгүй" гэдгээ бас хэлсэн. Өгчих л дөө гээд хоёр ч удаа ирж гуйсан. Гэтэл их эрдсэн байдлаар "Та өгөхгүй бол би өөрөө авнаа" гэж хэлээд явсныг нь би ойшоогоогүй юм. Гэтэл 2021 оны намар гэртээ байж байтал манай зуслангийн хаалгыг 20,30 хүн хүчээр  эвдэж ороод, манай ажилтнуудыг газар хэвтүүлж байгаад машин кран оруулаад нөгөө шувууг тайраад аваад явах гэж байна. Би ч сандраад замдаа цагдаа дуудсан. Маргааш нь 50,60 машин цугласан, 100-аад хүн ирсэн байсныг цагдаагийн байгууллага тухайн үед зогсоосон.

-Танд хэлэлгүйгээр анх баримал хийсэн хүн тохироо хийсэн гэсэн үг үү?

-Би бол тэгж л ойлгосон. Надад хэлэлгүйгээр миний хашаанд байсан юмыг тэр хүмүүстэй тохиролцоод авсан. Над дээр ирэхдээ бол “Та энийгээ өгчих л дөө. Би худалдаад авчихсан” гээд ирсэн. Миний хашаанд байгаа юмыг яагаад худалдаж авч байгаа юм. Болохгүй биз дээ.  Ийм ойлгомжгүй юм болсон юм. Цагдаа  тэр үйлдлийг  зогсоосон үед Х.Мандахбаяр өөрөө надтай  танхай 8,9 хүнтэй хамт ирсэн. Тухайн үед манай жолооч “Таныг сүрдүүлж байна шүү дээ” гэж байлаа. Тиймээс би хүүхдүүдийн аюулгүй байдлаа бодоод сүүлдээ хүчинд автаад өгсөн. Дараа нь цагдаад өгсөн ч  хэрэг нь яваагүй  шууд хэрэгсэхгүй болсноос дахин гомдол өгч , хэргийг сэргээсэн.

-Таны гомдол юу вэ?

-Миний хашаанд байсан юмыг хүч түрж орж ирээд дээрэмдсэн. Сэтгэл санааны хувьд асар их хохиролтой байна.

-Та анх н.Энхтайван гэгч хүнд захиалга өгч баримлыг хийлгэж байсан. Энэ талаар баримал хийсэн хүнээсээ тодруулж асууж үзсэн үү?

Тэр надтай ямар ч тийм юм яриагүй. Ярих ч үндэслэл байхгүй. Учир нь надаас төлбөрөө аваад юмаа хийгээд явсан хүн байхгүй юу. Дараа нь хашаа руу чинь орж хөшөөний зураг авах гэсэн юм гэхээр нь тухайн үед оруулж байгаагүй.

-Танаас төлбөр авч хийсэн бүтээлээ өөр хүнд зарсан үйлдлээ юу гэж тайлбарласан бэ?

-Зарсан гэж юу ч надад хэлээгүй. Тэр хөшөө нь Х.Мандахбаяр гэж хүний барьсан хотхоны үүдэнд бий. Тухайн процессыг цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Энхтайван гэж хүн захиалга өгсөн гэж мэдүүлэг өгсөн гэж байгаа. Дээрмийн процесс явагдаад дээрэмдсэн эд зүйл маань Х.Мандахбаярын хотхоны үүдэнд байгаагаас харахад захиалагч нь хэн байсныг харж болохоор байна.