Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.03.25 17:20
3354
АРДЫН НАМД СОНГУУЛЬД СОЙХ НЭР ЦЭВЭР ГИШҮҮН ҮЛДЭВ ҮҮ?

МАН бага хурлаа хийж, 2024 оны сонгуульд  дэвшүүлэх мөрийн хөтөлбөр  болон нэр дэвшигчдэд  тавигдах журмаа баталлаа.

Тус намын Үндсэн дүрмийн 36.2-т “Намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл энэ удаагийн бага хурлаар баталсан  сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах журамд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хүнийг УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй . Бусад төрлийн гэмт хэрэгт шүүхийн эцсийн шийдвэр гарсан бол нэр дэвшүүлэхгүй гэж журамдаа зааж өгчээ.

Харин Сонгуулийн тухай хуулийн  29.9-т Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан байдаг.

Бага хурлаар баталсан журмаар бол ямар нэг байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж буй л бол шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан ч нэр дэвших эрхгүй байхаар тусгаж өгсөн байна.

 

Үүгээр бол МАН-аас ямартай ч нэр цэвэр гишүүдээ сонгуульд сойх бодлогыг энэ удаа барьж байна. Гэвч бодит байдал дээр өнөөдөр парламентад сууж буй Ардын намын гишүүдээс нэр цэвэр торойж үлдэх гишүүд ховор. Эхнээсээ ч аавын хаалга татаж буй. Тэгэхээр шаардлагад нийцсэн гишүүд дахин нэг удаа сонгогдохоор зүтгэж болох ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль шүүхийн хаалга онголзуулж явсан түшээд Төрийн ордноос үг дуугүй явах ёстой болох юм, угтаа...

Эрх баригч намаас төрд шургалсан ч шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээд байгаа гишүүдээс дурдвал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноож, ₮1.8 тэрбумыг хураан улсын орлого болгох шийдвэр гарсан

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч давж заалдахаар хэргийг анхан шатны шүүх рүү дахин буцаасан.

Бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хэрэгт холбогдон хэргийн явц  үргэлжилж буй.

Харин хэрэг төвөгт нэр холбогдож, намынхныхаа чихийг халууцуулаад амжсан гишүүдээс нэр цохвол Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар гээд үргэлжилнэ.

Мөн шоронгийн өрөөнөөс гишүүний суудалд заларсан Ж.Эрдэнэбатыг ч мартаж болохгүй.  

Засгийн газраас ч 2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Ерөнхий сайд түүчээлж буй энэ цагт эдгээр гишүүд дараагийн сонгуульд горилох аваас Ардын намд, ялангуяа Засгийн тэргүүний авлигатай тэмцэнэ гэж ам ангайх бүртээ хэлж буй үгс амны уншлага төдий болоод өнгөрнө.  Ард түмний итгэлийг ч ахин авахаасаа “дашийн шог” болох биз!