m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 23:34
191
Риберигийн зурагтай баг Сүнсний баяраар сайн борлогддог

Францын шигшээ болон Мюнхений “Бавари” багийн гол тоглогч Франк Риберигийн тухай уншигч таны тэр бүр мэддэггүй сонирхолтой баримтуудыг толилуулъя.

1983 - Энэ оны хоёрдугаар сарын 7-нд Францын Булонь-сюр-Мер хотноо төржээ.

1985 - Риберигийн гэр бүлийнхэн ачааны машинтай мөргөлдсөн бөгөөд эцэг нь хоёр настай хүүгээ зориулалтын суудалд суулгаагүйн улмаас хагарсан салхины шил мөргөжээ. Түүний нүүрний баруун дээд хэсэгт хоёр урт сорви байдаг нь тэрхүү ослын ул мөр ажээ. Хожим Франк Марселийн “Олимпик”-т тоглож алдаршиж эхлэх үед түүний нүүрний хэлбэртэй баг Сүнсний баяраар хамгийн сайн зарагддаг болжээ. “Марсель”-ийн удирдлага түүнийг гоо сайхны хагалгаанд орохыг санал болгож, эмчилгээний зардал амласан ч тэрбээр “Энэ сорви надад эрч хүч, зориг хайрладаг. Түүнийгээ ямар ч мөнгөөр солихгүй” гэсэн татгалзсан хариу өгчээ.

1989 - Риберигийн хамгийн анхны баг бол “Конти Булонь”. Дараа нь “Лилль”-ийн залуучуудын багт тоглож байгаад 19 настайдаа “Марсель”-тай гэрээ байгуулж, жилийн дараа “Брест”-ийг зорьжээ.

2004 - Мэргэжлийн тоглогчийн анхны гэрээгээ “Метц”-тэй үзэглэв.

2005 - Өвлийн солилцоогоор “Галатасарай”-д таван сая еврогоор худалдагдав. Тэр улиралд Туркийн цомд түрүүлсэн нь Риберигийн анхны томоохон амжилт байлаа. Гэвч баг нь хоёрдугаар сараас хойш цалингаа дутуу авюч байсан учир 2005/06 оны улиралд “Марсель”-д эргэн иржээ.

2006 - Тавдугаар сарын 27-нд “Гурван өнгөтнүүд”-ийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо Мексикийн эсрэг хийв. Харин анхны гоолоо ДАШТ-ий 1/8 шигшээд Испанийн хаалганд оруулсан юм. Харин тус тэмцээний финалд Италийн эсрэг тоглоход түүнийг нэмэлт цагт буюу 100 дахь минутад Давид Трезегегээр сольсон билээ. Харамсалтай нь Рибериг орлохоор гарч ирсэн Трезеге тоглолтын дараа 11 метрийн цохилтыг алдаж, багаа хөөөдсөн билээ. Мөн онд Рибери алжир гаралтай бүсгүй Вахиб Белхамитай хуримлажээ. Хайртай хүүхэнтэйгээ гэрлэхийн тулд тэрбээр лалын шашинд орж, Билаль Юсуф Мохаммед хэмээх сахилын нэрийг авчээ. Рибери талбайд гарахын өмнө хувцасны өрөөнд хэсэг зуур чимээгүй сууж, залбирдаг зуршилтай.

2007 - Франц хагас хамгаалагчийн төлөө “МЮ”, “Реал”, “Бавари” өрсөлдсөнөөс Германы баг түүнийг Бундеслигийн рекорд болох 25 сая еврогоор өөрийн болгосон юм. Тэрбээр Мехмет Шоллийн 7 дугаарыг авч, 2011 он хүртэл гэрээ байгуулав. Өнгөрсөн хугацаанд Рибери “Бавари”-гийн хамтаар Германы АШТ болон цомын тэмцээнд тус бүр гурвантаа түрүүлж, Аваргуудын лиг, Европын супер цомыг хүртэн Францын болон Германы оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарчээ.

2008 - Европын АШТ-д Италийн эсрэг тоглохдоо Замброттатай мөргөлдөж, гэмтэл авснаар түүний хувьд тэмцээн өндөрлөсөн юм.

2009 - Төрсөн өдрөө тэмдэглэж яваад 17 настай Захьи Дехар хэмээх охинтой зочид буудалд шөнийг өнгөрүүлсэн нь илэрч. Францын хуулиар насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд татагсад торгууль төлөөд зогсохгүй шоронд хоригдох учиртай. Гэхдээ шүүх түүнийг харж үзэн хэргийг нь хойшлуулж байв.            

2010 - Аваргуудын лигийн хагас шигшээд “Лион”-ы эсрэг тоглолтод улаан хуудас хүртсэнээр финалыг өнжив. Түүнийг эзгүйд “Бавари” шигшээ тоглолтод “Интер”-т 0:2-ээр хожигдов. Тэр зун нь Мюнхений багтай гэрээгээ 2015 он хүртэл сунгажээ.

2011 - Жилийн 11.4 сая еврогийн пүнлүү авах болсноор Францын хамгийн өндөр цалинтай тамирчин болжээ. Луи ван Галийн удирдлага дор “Бавари” ямар ч цом авсангүй. Харин Юпп Хайнкес ирснээр Рибери илүү чөлөөтэй тоглох болов.

2012 - Багийн анд Роббентой зодолдож, Бундеслигийн сахилга батын хорооноос 50 мянган еврогоор торгуулжээ. Аваргуудын лигийн шигшээ тоглолтод мөн л азгүйтэж, “Челси”-д торгуулийн цохилтоор дийлджээ.

2013 - “Бавари”-тай хамт оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, албан ёсны 52 тоглолтод 13 бөмбөг оруулж, 27 гоолын дамжуулалт өгчээ. Аваргуудын лигт түрүүлсэн орой цомоо өвөртлөн унтсан зургаа интернэтэд тавьжээ. Улмаар Месси, Роналду нарыг ардаа орхиж, Европын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. "Бавари"-тай гэрээгээ 2017 он хүртэл сунгав.

2014 – Хоёр дахь ДАШТ-дээ оролцохоор төлөвлөж байсан Риберигийн нурууны архаг гэмтэл сэдэрснээр Бразилийг зорьж чадсангүй.