m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.19 11:37
540
Исаак Ньютон зодуулж, сургуулиасаа гарч байсан

Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эрдэмтэн хэмээн нэрлэгддэг, хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэнд хамгийн их хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй Исаак Ньютон юм.

Тэрбээр Жулианы тооллоор 1642 оны арванхоёрдугаар сарын 25-нд , шинэ цаг тооллоор 1643 оны нэгдүгээр сарын 4-нд Их Британийн жижиг тосгон Вулсторп Манорт мэндэлжээ. Түүнийг төрөхөөс гурван сарын өмнө аав нь нас барсан байсан бөгөөд тэрбээр маш жижигхэн төрсөн учраас амьдрах боломж бага гэгдэж байжээ. Гэсэн ч тэр шинжлэх ухааны түүхэнд томоохон хувь нэмрээ оруулж, 85 насалсан юм.

Исаак Ньютон зарим суутнуудын адилаар дунд сургуульдаа муу сурдаг байсан бөгөөд 1659 оны арваннэгдүгээр сард 15 настай байхад ээж нь түүнийг сургуулиас нь гаргажээ. Тэрбээр сургуульдаа залхуу, тэнэг, хөгжлийн хоцрогдолтой хэмээн хэлүүлдэг байсан аж. Ньютон  ижил дуудлагатай үсгийг ялгаж чаддаггүй учраас чөлөөтэй уншиж, бичиж чаддаггүй байснаас ийн хэлүүлж байсан гэдэг. Мөн тэрбээр сургуульд байхдаа ангийнхаа сайн сурлагатай, дээрэлхүү сурагчид зодуулж байсан бөгөөд түүнээс илүү гарахын тулд илүү их чармайж байсан нь түүний амжилтад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үздэг байна. Ньютоныг сургуулиас гарахад нь түүний ээж Ханна Эйскау тухайн үед хоёр дахь удаагаа нөхөргүй болоод байсан бөгөөд хүүгээ хөдөө аж ахуй эрхлэгч болгох хүсэлтэй байсан аж. Харин Ньютон үүнд нь дургүй байжээ. Аз болоход түүний хуучин сурч байсан “Хааны сургууль”-ийн багш Хенри Стоукс түүний ээжийг ятгаснаар Ньютон сургуульдаа эргээд суралцаж эхэлсэн байна.

1661 онд Ньютон Тринити коллежид элсэн орсон боловч тэрбээр сургуулийн зааж буй Аристотелийн сургаалд үндэслэсэн хичээлүүдийг голж Францын математикч, философич Декарт, Италийн физикч, математикч, философич, анатомич Галилео Галилей, Их Британийн одон орон судлаач Томас Стрит, Германы математикч, астрономич, астрологич Иоханнес Кеплер нарын бүтээлүүдийг уншиж судлах болжээ.

1665 онд эдүгээ бид амьдралдаа өргөн хэрэглэх болсон Ньютоны биномоо баталсан байна. Дараа нь гэртээ байх хугацаандаа дэлхийн таталцлын хууль болоод оптикийн талаар тодорхойлжээ. Тэрбээр 1687 онд “Байгалийн философийн математик зарчмууд” хэмээх номоо хэвлүүлсэн. Энэхүү номдоо бүх ертөнцийн таталцлын хууль, хөдөлгөөний гурван хуулийг тодорхойлжээ. Үүнээс гадна дэлхий дээрх бүх зүйл болон сансарт байгаа зүйлүүд нэг л хуульд захирагддаг гэдгийг нээж, нар нь нарын аймгийн төвд байгаа гэдгийг бүрмөсөн баталснаараа шинжлэх ухааны хувьслыг улам хөгжүүлж байсан аж. Мөн механик, гэрлийн, математикийн гээд салбар бүрт шинэ нээлтийг хийж хөргөлтийн хууль, дууны хурдыг хүртэл судалсан нь хойч үеийнхэндээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болсон билээ.

Ньютон цагаан өнгө нь орчлонгийн бvх өнгөнvvдийн нийлмэл болохыг тодорхойлж, гэрэл хугарч ойдог хуулиудыг нээв. Мөн өнөө vед ч одон орны салбарт хэрэглэж байгаа анхны ойдог телескопыг бvтээжээ. Ньютон интеграл тооны тухай нээлтээрээ орчин vеийн математикийн шинжлэх ухааны хөгжлийн эх суурийг тавьж, ихэнх ололтуудыг бий болгоход чухал ач холбогдол бvхий аргыг боловсруулсан байдаг. Тэрбээр механикийн алдарт хоёрдугаар хуулийг нээсэн нь сонгодог физикийн хуулиудын vндэс суурь болжээ.

Ньютон суут ухаантан байсан ч заримдаа орон гаран хүн шиг болдог, мартамхай байсан гэнэ. Мөн нэг л ажилдаа анхаарлаа төвлөрүүлбэл бүхнийг мартдаг байжээ. Ньютоны гэрийн үйлчлэгч нэг удаа зах гарч хүнсээ цуглуулахаар явахдаа түүнд “Энэ усыг буцлахаар өндөгөө хийгээд чанаад идээрэй” гээд гал дээр тавьсан савтай усны хажууд өндөг, цаг хоёр орхиод явжээ. Түүнийг захаар явж байгаад ирэхэд савтай усанд нь өндөг биш цаг нь буцалж байсан гэдэг.

Мөн нэг удаа найз нь түүнтэй хамт хооллохоор иржээ. Ньютон хоол болохоос өмнө ажлынхаа өрөөнд ороод гарч ирэхгүй удсан аж. Тэд тахиа шарж идэхээр болсон байсан гэнэ. Хоол болоход Ньютоныг гарч ирэхгүй болохоор нь найз нь тахианы махыг идээд ясыг нь таглаад орхисон байв. Тэгтэл орой болсон хойно Ньютон гал тогооныхоо өрөөнд орж ирээд ясыг харснаа “Өө би чинь хоолоо идчихсэн хэрэг үү. Гэхдээ ямар их өлсөж байна аа” гэж байжээ.

Ньютон өөрийн байгуулсан лаборторид сонин хачин туршилтуудыг их хийдэг байсан аж. Тухайлбал, урт зүү шиг багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, цаад хананд нь юу байгааг туршиж үзэж байжээ. Мөн нар луу удаан харахаар юу болдгийг туршиж үзэхээр удаан хугацаагаар нар луу харж, дараа нь харанхуй өрөөнд олон хоног байж нүдээ эдгээж байсан бөгөөд азаар энэхүү туршилтууд түүнийг гэмтээж бэртээгээгүй байна.

Мөн агуа эрдэмтэн Ньютон химид сонирхолтой байсан бөгөөд энэ талаараа 169 ном бичиж байжээ. Тэрбээр хар тугалга, мөнгөн ус зэрэг янз бүрийн элментүүдээр туршилт хийдэг байсан бөгөөд нэг удаа химийн бодистоо хордож байсан аж. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл Ньютон дэлхий 2060 онд дуусгавар болно хэмээн таамаглаж байсан гэнэ.

 Ньютоны энэ их ажлын эрч хүч 45 наснаас нь хойш эрс буурсан байна. Энэ талаар нь нилээд судалгаа хийсэн Францын эрдэмтэн Жан Батист Био золгүй явдал их эрдэмтний урам зоригийг хугалж, эрч хүчийг нь унтраасан гэж үзжээ. Учир нь Ньютон нэг удаа цэвэр агаарт зугаалахаар гарахдаа нөгөө л мартамхай зангаараа дэнгээ унтраахаа мартаж орхижээ. Түүний эзгүйд нохой нь бичгийн ширээн дээр нь үсэрч гарахдаа дэнг унагаснаар гал гарсан байна. Их эрдэмтнийг буцаж ирэхэд түүний олон жилийн хөдөлмөр, нээлт ололтынх нь тэмдэглэл, бичиг цаасууд бүгд үнс болсон байжээ. Түүний хичнээн их гашуудаж, бухимдсаныг хэлэхэд бэрх бөгөөд тэр цагаас хойш тэрбээр шинжлэх ухааны төлөө шаргуу зүтгэх нь багасчээ. Гэсэн хэдий ч Суут Ньютоны авьяас билэг насан өөд болтол ундран цалгисаар байсан бөгөөд энэ талаараа "Би өөрөө тэнгисийн эрэг дээр хавчийн ясаар тоглож буй хvvхэд шиг санагднам. Миний өмнө эрдэм мэдлэгийн их далай гар хvрээгvй хэвээр мэлтийн байгаа юм шиг санагдана" хэмээн хэлж байжээ.

Амьдралынхаа сүүлийн хэдэн жилд чулуужих өвчинд нэрвэгдэж, хэвтрийн голдуу дэглэмтэй өнгөрөөжээ. Хань ижил, үр хүүхэдгүй хүн тул асаргаа сувилгаа ихэд дутагдаж, хүнд өвчиндөө нэн их шаналдаг байсан гэнэ. Тэрбээр 1727 оны гуравдугаар сард таалал төгссөн бөгөөд үхэн үхтлээ суу билэгт ой ухаан нь саруул цэлмэг хэвээр байсан гэдэг. Их Британий Лондон хотноо түүнийг оршуулсан агаад шарилын хөшөөн дээр нь “Хүн төрөлхтний сүх жавхаа болсон энэ хүн та бидний дунд амьдарч байсанд бахархая” хэмээн сийлсэн байдаг ажээ. Тун жирийн, хээгүй их эрдэмтэн Исаак Ньютон гайхамшигт нээлтүүдээрээ хүн төрөлхтний түүхэнд мөнхрөн үлдсэн билээ. 

Г.Төгөлдөр