m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.19 13:48
254
Олон гол үертэй байна

 Нийт нутгаар бороо орж үер усны аюул нүүрлэж байна. Иймд Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ.

Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрголын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 15-60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25  см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см давсан хэвээр байна.

Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.