m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 07:38
80
Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тайланг гаргалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдэээлэл сургалтын хүрээлэнгээс Үндэсний статистикийн хорооноос баталсан 13-р  маягтын дагуу энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг гаргасан байна. Энэхүү судалгааны дүн мэдээг өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд танилцууллаа.

Энэ оны эхний хагас жилд анхан шатны журмаар эрүүгийн 3407 хэрэг, иргэний 16007 хэрэг, захиргааны 554 хэрэг, нийт 19968 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 2044 хэрэг буюу 9,3 хувиар буурсан гэх тоо гэнэ. Мөн шүүн таслах ажиллагааны төрлөөр нь авч үзвэл анхан шатны журмаар нь хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9,4 хувиар, захиргааны хэрэг 2,7 хувиар тус тус өссөн байна. Харин иргэний хэрэг 12,8 хувиар буурчээ.  

Нийт дүнгээрээ энэ оны хагас жилд эрүүгийн 1083 хэрэг, иргэний 976 хэрэг, захиргааны 435 хэрэг, нийт 2494 хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулбал 286 хэргээр буюу 12,9 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.

Харин хяналтын шатны шүүх хуралдаанаар эрүүгийн 320 хэрэг, иргэний 481 хэрэг, захиргааны 184 хэрэг нийт 985 хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг хэдийгээр зургаан хувиар буурсан хэдий ч шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг өмнөх оноос 20,4 хувиар, иргэний хэрэг 1,2 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15,7 хувиар өссөн байна.

Мөн энэ оны гол баримталсан зарчим бол эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ байсан. Үүнийг хэрэгжүүлснээр 1900 орчим хэрэг орсны 50 хувь нь эвлэрсэн байна. Ийм учраас шүүхээр таслагдаж байгаа хэргийн тоо буурсан үзүүлэлт гарч байгаа аж. Харин түрүү жилийнхээс амь насыг хохироосон хэрэг 265 байснаас 296 болж нэмэгджээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т. Мэндсайхан

-Шүүгч нарын гаргасан шийдвэр хүчингүй болоод байна гэж байна. Шүүгч нар өндөр цалин авч ажиллаж байгаа шүү дээ. Эргээд  шүүгч нарт  ямар хариуцлага тооцдог бэ?

-Шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэртэй бол хариуцлага хүлээх ёсгүй байдаг. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг учраас олон улсын хэмжээнд дээд шатны шүүхээр шийдвэр өөрчлөлт орсон тохиолдолд хариуцлага тооцдог ийм асуудал байхгүй. Манай улсад ч мөн адил  анхан шатны шүүхийн шийдвэрт гарсан шийдвэр давж заалдах шатанд өөрчлөгдсөн тохиолдолд хариуцлага тооцохгүй. Хэрэв хүлээдэг болчих юм бол шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл давж заалдах хяналтын шатны шүүхийн анхан шатныхаа шүүгчийг хянадаг систем руу орчих гээд байгаа. Шүүх бие даасан байна гэдэг нь анхан шатны шүүх ч бие даасан давж заалдах ч мөн адил хянах ч мөн адил хараат бус бие даасан байна гэсэн үг. Ийм байдлыг цаашид ч гэсэн хэвээр нь явуулна. Хариуцлага тооцдог олон арга байдаг. Хэрэв ноцтой алдаа гаргасан нь нотлогдох юм бол шүүгчийн ёс зүйн хороо гэж байдаг. Энэхүү хороогоор оруулж тухайн шүүгчид сануулахаас эхлээд ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг. Ёс зүйн хорооны шийдвэр гарсан тохиолдолд шүүгчийг огцруулдаг.

-Сая Г.Сарангэрэлийн өмгөөлөгч шүүгчийг солих хүсэлт тавсан. Яагаад хүсэлтийг хүлээж аваагүй юм вэ?

-н.Мөнх-Эрдэнэ шүүгчийн асуудал хуулиараа хараат бус байдал нь хангагдсан байсан. Зөвхөн хуульд заасан үндэслэлийн дагуу шүүгчээсээ татгалзах ёстой. Тийм үндэслэл байхгүй байсан учраас ерөнхий шүүгчээр хэвээр нь ажиллуулсан.

Анхан шатны шүүхэд өөрчлөлт орох тохиолдол байдаг. Өнөөдрийн хувьд энэ асуудал их өндөр төвшинд байна. Энэхүү сөрөг талыг бууруулахын тулд онцгой анхаарч шүүгч нарыг шинээр томилох асуудалд анхааралтай хандуулж байгаа. Шүүхийн судалгааны хүрээлэн шинээр байгуулагдсан. Энэ шүүгч нарын алдааг хянаж дүгнэж байдаг. Нөгөө талаас хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ямар асуудлыг хянах ёстой зааг ялгааг нь гаргах хэрэгтэй.

-Иргэдээс хэр их давж заалдах хүсэлт ирдэг вэ?

-Монгол улсын хуулинд иргэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд давж заалдаж залруулах бүрэн эрхтэй гээд заагаад өгчихсөн байдаг юм. Давж заалдах шатны 21 шүүх ажилладаг. Шүүхээр шийдвэрлүүлж байгаа Эрүүгийн хэргийн гурван хэрэг тутмын нэг нь давж заалддаг.

-Эрүүгийн хэргийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Шүүхээр шийдэгдэж байгаа эрүүгийн хэргийн тоо бол өссөн байгаа. Ялангуяа иргэдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүн амь нас эрүүл мэнд хохирлын хэмжээ нэмэгдсэн байна. Энэ нь  эрүүгийн хуулийн зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулахгүй хэрэгтэйг харуулж байна. Мөн шүүхээс хорих ял авч байгаа байдал өсөх хандлагатай байна.