m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 08:15
134
Н.Буйдан: Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван хүн амиа алдсан

"Нийслэл өргөө" компанийн гүйцэтгэж байсан барилгаас гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 19 буюу өнгөрөгч амралтын өдөр гарсан билээ. Тэгвэл тэд чухам юунаас болж амиа алдсан талаарх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан байна. Онц ноцтой энэ хэргийн талаар бид сурвалжиллаа.

Амиа алдсан ажилчид 13 дугаар давхраас унажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Н.Буйдангаас тодрууллаа.

-Тус осол чухам юунаас болж гарсан талаарх дүгнэлтийг тодруулбал?

-Уг осол нь тус барилгын лифт юм уу, дүүжин өргүүрээс болж гараагүй. Харин барилгын 13, 14 дүгээр давхрын цутгалтыг хийж байх  явцад лифтийн хонгилыг цутгаж, түүнд хэв тавих, хэв авах хэрэгтэй болсон байна. Энэ үйл ажиллагаа болох явцад 13 дугаар давхрын шалны түр тавьсан хаалт цөмөрч, ажилчид доошоо унасан байсан.  Уг нь тухайн лифтийн давхар болгон дээр түр тавцан, шат хийсэн байх ёстой. Гэтэл тус барилгын хувьд давхар бүрт тийм шат хийгдээгүй, зөвхөн хамгийн дээд талын цөмөрсөн давхарт буюу 13 дугаар давхарт байсан байна.  Тийм учраас даагаагүй цөмөрч, шууд унасан байсан.

-Тэгэхээр осол гарсан шалтаан нь хөдөлмөр аюулгүйн ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй гэж үзэх үү?

- Тэгэлгүй яахав. Хамгийн гол нь тус барилгын компани барилгын технологио баримталж ажиллах ёстой байсан. Бетон цутгах ажил дээр хаанаа хэв, хашмалыг яаж тавьж авах уу, авахдаа хаана ямар шат тавьж ажиллах вэ гээд технологийнхоо ажлыг хянах ёстой. Хоёрдугаарт мэдээж хөдөлмөр аюулгүйн ажиллагаагаа хангах ёстой байсан. Жишээлбэл өндөрт ажиллаж байхдаа бүс хэрэглэх ч гэдэг юм уу. Хэрвээ бүсээ бүсэлсэн байсан бол ийм зүйл болохгүй байсан.

Талийгаачид 28-30 орчим насны иргэд байжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн

-Шинээр баригдаж буй барилгаас гурван иргэн унаж амиа алдсан хэргийн талаар тодруулбал?

-Энэ сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороо шинээр баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа гэдэг дуудлага 15.00 цагийн үед ирсэн. Мэдээлийн дагуу очиж шалгахад "Нийслэл өргөө" компанийн шинээр барьж байгаа 14 давхар барилга дээр шатны хэв хийж байсан гурван иргэн унаж амь насаа алдсан байсан.

-Амиа алдсан иргэдийн хувьд хэдээс хэдэн насны иргэд байсан бэ, хэргийг аль дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа вэ?

-Дундговь аймгийн харьяат 28 настай Т, Өвөрхангай аймгийн харьяат 28 настай Б,  мөн Өвөрхангай аймгийн харьяат 30 настай А нар нь барилгын шатны хэв авч байхдаа унаж амь насаа алдсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Талийгаачид газар дээрээ амьсгал хураасан гэсэн?

-Тийм. Энэ хүмүүсийн амиа алдсан хэрэг шалгагдаад, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлтүүдийг гаргуулах, хэрэг бүрдэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Тэгэхээр урин дулааны цагт барилгын ажил эрчимждэг. Энэ үеэр барилгын компани, аж ахуй нэгж хувь хүмүүс хөдөлмөр аюулгүйн ажиллагааны журмыг сайтар сахиж ажиллахыг дахин дахин сануулж байна.

Ямартай ч барилгын компаниуд хөдөлмөр аюулгүйн ажиллагаагаа баримталдаггүйгээс үүдэн хүний амь нас эрсдэх тохиолдлууд гарсаар байгаа ч үл тоосоор байгаагийн  нэг жишээг дээрх осол харууллаа.