m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 02:11
83
Хотын "амралт" хорьхон хоног

 

Хотын дуу чимээ багасаад нэг л өөр болж. Иргэн та анзаарсан уу. Наадмаа дуусгаад монголчууд уугуул угшлаа санагалзан хөдөө орон нутгаа зорих нь их. Энэ жил олон аймаг, сумын түүхт ой болж буй учир нийслэлчүүд нутгийн зүг жолоо залсан нь энэ аж.  Нэг орцны 36 айлын 2-3-хан л гэртээ байгаа нь илт. Өөрөөр хэлбэл нийслэл хотын амасхийх өдрүүд буюу амралт эхэлж. Харамсалтай нь энэ амралт хорин хоног хүрэхтэй үгүйтэй л үргэлжилнэ.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй их хот сүүлийн хэдэн өдөр л өөрийн “хүчин чадлаараа ажиллаж” буй гэлтэй. Уг нь нийслэлийн дэд бүтэц 500 мянган хүн амьдрахад зориулсан гэдэг ч хотжилт тэлсээр нийслэл өөрөөсөө хэд дахин хүнд ачааг үүрсээр олон жил болж байна.

Аймаг, сумын наадмыг телевизээр үзэх зуураа иргэдийн амнаас, сэтгэлийн гүнээс хэлж буй үг энэ нийтлэлийг бичих санааг өгсөн юм. “Төрсөн нутагтаа ирэх сайхан байна. Хорин жил ирээгүй энэ жил санан санан ирлээ. Хөдөө нутагт дэд бүтэц бусад асуудлыг нь шийдээд өгчихвөл хүн амьдрах боломж улам сайхан болохсон” хэмээн сануулах, халаглахын завсар үгээ тээсээр байна.Тиймээ нүүдэлчин удамтай монголчууд бид их хотын дуу чимээ, соронзон орноос дайжихыг илүү хүсэх болсон нь үнэн. Харин хүсээд байгаа нутагтаа очоод сар болоод хот руу тэмүүлдэг нь бас үнэн. Яагаад тэр вэ?

 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн 2014 он

 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн1962  он

 

Нийслэл одоогоос тавин жилийн өмнө ямар байсныг эргээд нэг саная. Хүн ам нь 350 мянга орчим, хүн гайхаад байх байшин барилга үгүй, техник технологи ч маруухан, хотын замаар тоотой хэдхэн машин давхилдаж, жолооч нар нь толио ашиглахгүй хөдөлгөөнд оролцдог байсан цаг.  Хот руу шилжин ирэгсдээс их хэмжээний мөнгө авдаг бодлого байсан ч хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан иргэд хот руу шилжин ирэхийг тэгтлээ тэмүүлдэггүй байсан гэдэг. Үүний учир шалтгаан нь ердөө амьдрах таатай орчин байсан гэдгийг тухайн үед амьдарч байсан иргэд, өндөр настнууд хэлж байна. Өөрөөр хэлбэл хот хөдөөгийн ялгаа тэгтлээ их байгаагүй аж. Монгол хүний цусанд хэзээ ч үл балрах нэгэн эс байгааг бид бүхэн мэднэ. Ямар ч хөгжилтэй оронд очсон, хичнээн баяжсан ч аав, ээж, ах дүүсээ гэдэг чанар юм. Монголоо гэх сэтгэл бидний сэтгэл зүрхнээс уяатай байдаг нь үндэстний онцлог, бусдад гайхуулах чанар юм. Тэгвэл бид энэ сайхан чанараа эх орноо хөгжүүлэх, тэр дундаа орон нутгаа хөгжүүлэхэд ашиглах ёстой бус уу.

Улаанбаатар хотын төв талбай 2014 он

Улаанбаатар хотын төв талбай 1965 он

Нутгийнхаа сайхныг магтан дуулаад, санан, хоргодон, нулимс дуслуулан хотын зүг яваа хүмүүс нутагтаа хайргүй, тэндээ амьдрах дургүй хүмүүс биш  гэдгийг баттай хэлнэ. Харин тэнд хүмүүсийн хүсээд буй хөгжил, дэд бүтэц нь алга. Сэтгэлийг нь татаад байгаа тэр зүйлийг нь шийдээд өгвөл бид үүрээ эргэх шоргоолж адил шавж амьдрах шаардлага алга. Хотоосоо хорь, гучхан км яваад  байгалийн сайхныг мэдэрч, цэвэр агаар, уул усныхаа сайхныг бахдан суудаг хүмүүс биднээс өөр бараг үгүй болов уу. Нийслэлийн захын дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх санаа, бодлого Засгийн газар болон хотын удирдлагуудад байдаг ч ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Хамгийн гол нь цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг анхаарж шуурхай ажилламаар байна. Уудам сайхан  нутагтай хэрнээ 4,704.4 км² газарт чихцэлдэн амьдрах нь таагүй байна.

 

...Тиймээ нүүдэлчин удамтай монголчууд бид их хотын дуу чимээ, соронзон орноос дайжихыг илүү хүсэх болсон нь үнэн. Харин хүсээд байгаа нутагтаа очоод сар болоод хот руу тэмүүлдэг нь бас үнэн. Яагаад тэр вэ?...

Түгжрэл эрс буурч, жолооч, иргэдийн уур бухимдал багасчээ. Хотод үлдсэн иргэд нэг хэсэгтээ л чих амар, бухимдал багатай байх нь .  Гэхдээ л ирэх сарын дундаас хойш хот буцалж эхэлнэ. Яана даа...