m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 05:52
264
Олон улсын физикийн олимпиадаас манай улсын таван сурагч медаль авчээ

Олон улсын физикийн олимпиад 45 дахь удаагаа Казакстан улсын Астана хотод энэ сарын 13-21-ний хооронд болж өндөрлөлөө. Ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохиогддог физикийн тэмцээнд манай улсын таван сурагч амжилттай оролцон өнөө орой эх орондоо газардах гэнэ.

Олон улсын физикийн олимпиадад 85 орны 383 сурагч оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад БНХАУ-ын хоёр сурагч оноогоороо эхний хоёрт жагссан байна.

Алтан медалийг нийт оролцогчдын хамгийн өндөр оноо авсан зургаан хувь, мөнгөн медаль болон түүнээс дээш медалийн болзлыг хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 18 хувьд олгодог юм. Хүрэл болон түүнээс дээш медалийн хувьд хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 36 хувь нь авдаг. Шагналт байр болон түүнээс дээш байрын болзол нь нийт оролцогчдын хамгийн өндөр оноотой 60 хувь ноогдоно. Бусад оролцогчид оролцсон тухай сертификат хүртдэг. Хамгийн өндөр оноо авсан оролцогч (Үнэмлэхүй аварга) нь алтан медалиас гадна тусгай шагнал хүртдэг аж.

Тэгвэл манай улсаас оролцсон таван сурагчаас хоёр нь мөнгөн медаль, хоёр нь хүрэл медаль, нэг нь тусгай байрын шагналд шалгарсан байна. Үүнд ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Бат-Амгалан, “Орчлон” сургуулийн Д.Будмонде нар мөнгөн медаль, “Сант” сургуулийн сурагч М.Төгсбясгалан, Турк-Монголын хамтарсан сургуулийн сурагч Ж.Өнөртүвшин нар хүрэл медаль, “Сант” сургуулийн сурагч Б.Бат-Оргил тусгай байрт шалгарчээ.

Манай улсын хувьд өмнө уг олимпиадад оролцон нэг мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэж байгаа нь хамгийн дээд амжилт юм.

Олимпиадын онолын хэсэг нь гурван бодлогоос бүрдэх бөгөөд таван цагийн хугацаанд бодох ёстой. Энэ төрлийн бодлого нь ихэвчлэн хоёр болон түүнээс дээш хэсгүүдээс бүрддэг. Харин туршлагын ажил нь нэг юмуу хоёр ажлаас бүрддэг бөгөөд таван цагийн хугацаа өгдөг байна.