m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 06:49
260
Г.Дашням: Замын хөдөлгөөний дүрэм, журамд өөрчлөлт оруулмаар санагддаг

Монголд нарны энерги, цахилгаанаар явдаг мотоцикль, мопед, дугуйг Ганбаатарын Дашням хэмээх залуу санаа нийлсэн хэсэг найзуудын хамт өөрсдийн гараар хийж байна. “Никель” Ганбаа хэн нэгний гарыг харж хойш суулгүй өнөөдрийн энэ амжилтад хүрчээ. Тэрээр энэ зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн анх цахилгаанаар явдаг дугуй хийж, дараа нь мопед хийх гэж бүтэн хоёр жилийн турш өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн аж. Ингээд бид мопед, дугуй хийдэг үйлдвэрийн цех дээр нь очиж сурвалжлагаа бэлтгэлээ.

-"Никель  Ганбаа" компанийг байгуулах санаа хэрхэн төрөв?

Би зохион бүтээгч хүн. Тиймээс тэр зүйлд сонирхолтой найзуудтайгаа ярилцаж энэ компанийг байгуулах санааг олсон. Монгол улсад дугуй үйлдвэрлэдэггүй.Хятадаас  олон тоогоор  чанаргүй унадаг дугуй орж ирдэг. Үүнийг эцэг эхчүүд  хүүхдүүддээ авч өгдөг. Ямар нэгэн осол аваар гарахыг үгүйсгэхгүй. Дугуйны тоормос ажиллахаа больсоноос эсвэл унаж чадахгүйгээс бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс эх орондоо өөрсдийн гараар бүтээсэн чанартай унадаг дугуй бүтээе гэж шийдээд зориглоод, хөдөлмөрлөсний эцэст зорилгодоо хүрээд үйлдвэрлэл явуулж байгаадаа баяртай байна.

-Цахилгаанаар ажилладаг мопед, дугуйг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?

-Ер нь юм хийж, шинэ санаа гаргаж байгаа нэгнээ муулж, доош нь хийдэг зан манайханд байдаг. Чи ийм зүйлээр оролдож байхаар өөр зүйл хийсэн нь дээр, чи хийж чадахгүй гэж хэлдэг хүмүүс байсан. Гэхдээ шүүмжлэхээсээ урам зориг, сэтгэлийн дэм өгдөг нь олон юм билээ. Миний ирээдүйн зорилго суудлын автомашиныг эх орондоо үйлдвэрлэх. Мопед, унадаг дугуй хийж эхлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Энэ бүхэнд найз нөхөд минь л тусалж байсан. Энэ бүх зүйлийг би ганцаараа хийгээд байгаа юм биш. Санаа нийлсэн есөн сайхан залуу байна. Би 2010 онд анхныхаа цахилгаан хөдөлгүүртэй дугуйг хийж байлаа.

-Манай улсын  иргэд унадаг дугуйг өдөр тутмын амьдралдаа  хэрэглэж заншаагүй.  Хэрэглээний талаар болоод хүмүүсийн  үзэл бодлын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын нийгэмд унадаг дугуйтай хүнийг бараг л хүн явж байна гэж хүлээж авдаггүй. Замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох боломж байдаггүй. Зориулалтын дугуйн зам гэж бүр ч байхгүй. Ямар нэгэн байдлаар машинд мөргүүлэх, бэртэж гэмтэх тохиолдолд дугуй унаж явсан  хүн л буруутдаг. Тэдний хохирлыг барагдуулж, үнэнээр шүүх хуулийн заалт байхгүй учраас  тэд хохирогч заримдаа хариуцагч болдог. Тиймээс замын хөдөлгөөний дүрэм журам, хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулмаар санагддаг. Унадаг дугуй унасанаар агаарын бохирдол үүсгэхгүй. Хөнгөн шуурхай, замын түгжрэл үүсгэхгүй, таатай, мөн хямд гэдэг утгаараа Монголчууд маань дулаан улиралд хэрэглэж заншвал их зөв алхам болно. Дэлхийн  хөгжилтэй улс орнууд аль хэдийн үүнийг хэрэгтэй гэж үзээд өдөр тутмын  амьдралдаа хэрэглэээд дадал болчихсон зүйл юм.

-Унадаг дугуйн зогсоолууд бий болгоно гэж байгаа. Зориулалтын ийм зогсоолтой болвол хүмүүс таатай хүлээж авах байх?

-Тэгэлгүй яахав. Энэ бол унадаг дугуй сонирхогч залуусын хүсэн хүлээж байгаа зүйл юм. Бид ч мөн энэ ажлыг дэмжиж байгаа. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд НИТХ-аас дэмжин унадаг дугуйн зогсоолыг барьж эхлэх гэж байгаад баяртай байна. Бидний үйлдвэрлэх дугуйг залуус маань унаж, зриулалтын зогсоол дээр дугуйгаа тавьдаг болвол их л таатай  байх болно.

-Мопед угсарч, рамыг нь зангидах, их биеийг хэвэнд цутгахаас эхлээд тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл явагдана. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, байрны асуудлаа шийдсэн үү?

-Бид эхний ээлжинд жижигхэн цехтэй боллоо. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө өөрсдөө хийсэн. Бид бүх эд ангийг нь гараараа хийж байна. Олноор нь биш хэдхэн ширхэг дугуй, мопедийн хөнгөн цагаан трубаг таслаад, хэлбэрт оруулж гагнахад цех маань хангалттай байгаа. Гэхдээ олноор үйлдвэрлээд эхлэхээр зориулалтын том байр хэрэг болох нь тодорхой.

-Хэдэн төрлийн дугуй үйлдвэрлэж байна вэ?

-“Zetro” гэж нэрлэсэн. Fixie /хотын унадаг дугуй/, уг дугуй нь S (Small), L (Large) гэсэн хэмжээтэй. Мөн хөгжлийн бэрхгээлтэй иргэдийн тэргэнцэр, мопед, хамгаалалтын малгай бас үйлдвэрлэж байгаа.

-Зах зээлд мопедийг олноор үйлдвэрлээд эхлэхээр сэлбэг, засвар үйлчилгээ шаардлагатай болно.  Ямар үнэтэй борлуулахыг хэрэглэгчид сонирхож байгаа байх?

-Мэдээж засвар үйлчилгээний цогц төв нээж ажиллуулна. Мөн дуудлагаар үйлчлэх бодол байна. Одоогийн байдлаар бүх зүйлийг гар аргаар хийж байгаа ч үнийн хувьд хямд талдаа орно. Олноор нь үйлдвэрлээд ирэхээр үнэ буух нь мэдээж. Том хүний дугуй 440 мянга орчим, мопед, мотоцикль сая төгрөг орчим байна. Хамгийн гол нь баталгаат хугацаа урт, эх орондоо үйлдвэрлэсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс ойгох хэрэгтэй. Зарим хүмүүс надад хэлдэг. “Ингэж махаа идэж байхаар Хятадаас хямд бэлэн бүтээгдэхүүн авчраад зарсан нь дээр” гэж. Миний болон манай багийнхан эх орондоо энэ чиглэлийн үйлдвэртэй болох мөрөөдөл тээж яваа учраас гадны бүтээгдэхүүн авчирч зарж ашиг олох бидэнд сонин биш.

-Мэргэжлийн бус болохоор дугуй, мопед, мотоцикль хийхэд хэцүү байх. Зөвлөгөө авдаг хүн бий юу?

-Эверестэд авирсан Г.Өсөхбаярын аав н.Готовдорж гэдэг хүнтэй байнга холбоотой байдаг. Бид загваруудаа гаргахдаа Готов ахаас зөвлөгөө авдаг. Ер нь иймэрхүү зүйл сонирхож оролддог хүмүүс хоорондоо их хурдан холбогдож амархан ч ойлголцдог. Мэдэхгүй зүйлээ бие биеэсээ асууна. Түүхий эд байхгүй бол авчихна. Хуучин Залуу техникчдийн ордон гэж үнэхээр сайхан ордон байлаа. Би тэр ордонд усан загвараар хэдэн жил хичээллэсэн. Тэр үед сурсан зүйлүүд одоо надад эргээд хэрэг болж байна.

Ярилцсанд баярлалаа.