m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:09
143
Мессигийн ертөнцөөр хамтдаа аялъя

Манай гаригийн шилдэг хөлбөмбөгч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг дөрвөнтээ гардсан, "Барселона" клубийн од, Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн амьдралын түүхийг гэрэл зургаар үзүүлье.

Лионель Андрес Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд үйлдвэрийн ажилчин Хорхе Орасио Месси болон Селиа Мария Куччитини нарын хүү болон мэндэлжээ.

Хүү таван настайдаа өөрийн аавын дасгалжуулдаг орон нутгийн жижиг клубт элсэн орсноор хөлбөмбөгч болох эхлэл нь тавигдсан юм.

2000 онд 13-хан настай хүү алс холын Испани орныг зорьж, алдарт "Барселона" клубтэй гэрээ байгуулжээ. Гэрээсээ хол байх энэ хугацаа түүний хувьд хүндхэн өнгөрсөн гэдгийг Месси дурсдаг. Каталоны багийн хувьд жаалхүүгийн авьяас чадварыг эртнээс мэдэрч, урт хугацааны гэрээ байгуулж чадсанаар амжилт гаргах үндэс сууриа бүрдүүлсэн билээ.

Тэрбээр эрийн цээнд хүрэх үед Испанийн шигшээд тоглох боломж бас байв. Гэвч төрж өссөн Аргентинийхаа төлөө тоглохоор шийдсэн юм. 2005 онд Голландад зохиогдсон залуучуудын ДАШТ-д Месси өөрийгөө дэлхий нийтэд нээн харуулж чадсан. Тэрхүү тэмцээнд Лео зургаан гоол оруулж, мэргэн буучаар тодорсон төдийгүй багаа алтан медальд хүргэсэн юм. Ялангуяа финалд Африк тивийн төлөөлөл Нигерийг 2:1-ээр хожиход Месси багийнхаа хоёр гоолыг хийжээ.

Энэ тэмцээнд түрүүлсний дараа тэрбээр Аргентиний шигшээд дуудагдаж, "Барселона" клубтээ байр сууриа бэхжүүлж авав. 2006 онд Германд болсон ДАШТ-д голдуу сэлгээгээр талбайд гарсан ч Сербийн хаалгыг нэг бөмбөгөөр мялаасан юм. Мөн "Барса"-гийн хамтаар Аваргуудын лиг, Ла лигт түрүүлж, давхар цохилт хийв.

Роналдиньо "Барса"-г орхисны дараа Лео багийнхаа жинхэнэ лидер болов. Улмаар 2009 онд анх удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гарджээ. Тэр улиралд Месси 51 тоглолтод 38 гоол хийсэн бол баг нь зургаан тэмцээнд түрүүлж, хожим эвдэхэд бэрх амжилт тогтоосон юм.

2010 оны ДАШТ-д Месси тэргүүтэй Аргентиний шигшээ хол явах байх гэж олон хүн бодсон ч шөвгийн наймд Германд 4:0-ээр хожигдон тэмцээнээ дуусгалаа. Лео тэр тэмцээнд нэг ч гоол хийж чадсангүй.

2012 он түүний хувьд оргил амжилтын жил байлаа. Месси тэр жил 91 гоол хийж, Баруун Германы домогт довтлогч Герд Мюллерийн 1972 онд тогтоосон 85 гоолын рекордыг давж гарчээ. Тэрбээр "Барса"-гийн төлөө 79, Аргентиний шигшээд 12 гоол оруулсан байна. Түүнчлэн Аваргуудын лигт 14 гоол дансандаа бүртгүүлж, дөрвөн жил дараалан энэ тэмцээний мэргэн буучаар тодров.

Месси "Барса" клубийн хамтаар байж болох бүх л тэмцээнд түрүүлсэн ч шигшээ багтаа том тус хүргэж чадалгүй байсаар өдийг хүрсэн. Харин энэ жил Бразилд болсон ДАШТ-д Мессигээр ахлуулсан аргентинчууд сайн тоглож, финалд шалгарсан юм. Месси нийт гурван гоол оруулж, тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон билээ.

Харамсалтай нь түүний баг Германд 1:0-ээр дийлдэн ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа авав. Гэхдээ багаа чирсээр 24 жилийн дараа финалд шалгаруулна гэдэг том амжилт байлаа. Одоо Месси шинэ улиралд шинэ сорилттой тулахаар бэлтгэлээ базааж байна.

Одоо тэрбээр эхнэр Антонелла Роккуццо, хүү Тьяго нарын хамт аз жаргалтай амьдарч байна.