m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:29
87
Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирлоо

Япон Улсын Токио хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ажлын айлчлал албан ёсоор өнөөдөр эхэллээ. Энэ айлчлалын хүрээнд Монгол-Японы эдийн засгийн форум болж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумийг нээж үг хэлсэн.

Энэ удаагийн форум өргөн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцож байна.

Монгол Улс түүхийн онцгой маш үед ямагт Япон улстай харьцаж байсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумийг нээж хэлсэн үгийнхээ эхэнд онцолсон юм. Тухайлбал, Хубилай хаан Монголын эзэнт их Юань гүрнийг үүсгэн байгуулж байхдаа Японы эзэн хаанд хандан захидал илгээж байсан,  1911 онд Их Богд Жавзандамба Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Япон руу элч илгээж байсан, 1990 оны эхээр Монгол Улс социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих эгзэгтэй, хүнд үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар Монгол Улсад бүр талын тусалцаа, дэмжлэг хүсэн захидал илгээж Ц.Элбэгдорж дурдлаа. “Энэ бол Монгол, Японы ард түмэн найрсаг харилцаа тогтоохыг үргэлжид эрмэлзэж ирсэний тод илэрхийлэл” хэмээн Ерөнхийлөгч онцоллоо.

Ядон Улс Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнийг онцлон тэмдэглэхийг Ц.Элбэгдорж хүсээд “Япон Улс зөвхөн өөрөө Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүс нутгийн бусад улс орон, Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагуудаар Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсыг эгнээндээ нэгтгэх ямагт дэмжиж ирсэнд гүн талархаж явдагаа Ц.Элбэгдорж хэллээ.

“Хүний тусыг бүү март гэж монголчууд ярьдаг. Та бүхний тусыг монголчууд бид хэзээ ч мартахгүй. Япончуудын дэмжлэгт нэг онцлог бий. Энэ бол Японы тусламж, дэмжлэг ямагт нүдээ олсон дэмжлэг байсан. Монголын цахилгаан станцууд зогсч улс орон хөлдөх аюул нүүрлээд байсан хүнд үед, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед чухамхүү япончууд ч тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг” гэлээ.  Гэхдээ нэг нь үргэлж авч, нөгөө нь үргэлж өгдөг цаг дуусч байгааг Ерөнхийлөгч санууллаа. “Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна. Одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ. Японы жирийн иргэдийн төлсөн татварын мөнгө Монголын ард түмэн хэцүү хүнд цагийг даван туулж, Монголын хөгжилд маш чухал дэмжлэг болсон. 1990-ээд онд дөнгөж төрсөн унага шиг Монгол өнөөдөр бие жагссан агт болжээ. Сүүлийн 10 жилд Монголын ДНБ хэд дахин өслөө. Эдийн засгийн гол түшиг тулгуур болсон хувийн хэвшил маань хөл дээрээ зогслоо. Одоо хувийн хэвшилдээ түшиглэн хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг ирлээ. Тийм ч учраас өнөөдөр энд бид энэ уулзалтыг хийж байна” хэмээн Ц.Элбэгдорж хэллээ.

Хэдийгээр Монгол-Япон улсын харилцаа тасралтгүй хөгжиж ирсэн ч цөөн хэдэн компани, салбарын хүрээнээс халихгүй байгаа юм. Хоёр улсын хоорондын худалдаа эргэлт бага, ердөө 100 сая ам.доллараар хэмжигдэж, Японы шууд хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт хүрэхгүй байгаа нь хангалтгүй байгаа юм. Хочр улсын хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах цаг нь болсоныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын парламентын танхимд хэлсэн үгэндээ “цаг нь боллоо, одоо сэрцгээе” хэмээн илэрхийлж байсан. “Би одоо энэ үгийг дахин хэлмээр байна. Үнэхээр энэ үгийг ажил хэрэг болгох боломж ч бүрдлээ. Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохирлоо. Энэ шийдвэрийг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд өнөөдөр орой Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе бид хоёр гарын үсэг зурах гэж байгаагаа мэдэгдэхэд таатай байна” хэмээн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн юм.

Монгол Улс энэхүү хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг дөрвөн жилийн турш хийсний эцэст ийнхүү хоёр тал харилцан тохиролцож чадлаа. Ингэснээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Хоёр улсын эдийн засгийн харилцааны дүр зураг эрс шинэчлэгдэн өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал боллоо.

“Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд хоёр орны хувийн хэвшилдээ хоёр улсын Засгийн газар хамтарч дэмжлэг үзүүлье гэсэн шийдвэрт хүрлээ. Монгол бол онцгой байрлалтай орон. Хамгийн том газар нутагтай хамгийн их хүн амтай дэлхийн хоёр гүрэнтэй бид хиллэж байна. Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзэл давхцаж байгаа ” гэлээ.

Ашигт малтмалаас хамаарсан эдийн засгийн өсөлтийн үед монголчууд үүрл ийм байх мэт хөөрцөглөж явсан нь алдаа байсныг ухаарч, одоо засч залруулахын төлөө явж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Бэлэн мөнгө тарааж, олсоноосоо илүү үрж сагаж явсаны горыг монголчууд амсч байгааг нуугаад байгаад зүйл байхгүйг ч хэллээ. Одоо улс төрийн зорилгоор бэлэн мөнгө амлахыг хуулиар хориглоод байгааг дуулгалаа. Мөн бизнест оролцох төрийн оролцоог хумих чиг барьж байгаагаа, мөн төр гадаадын хөрөнгө оруулалтад хувь эзэмших явдлыг зогсооно хэмээн хэлсэн нь танхимд цугласан Японы бизнесмэнүүдэд таатай сонсогдсон. Энэ чиглэлд хийж байгаа анхны алхам нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй байх шийдвэрийг УИХ гаргаснаар жишээ татсан юм.

Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж буй Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын талаар Ерөнхийлөгч мөн байр сууриа илэрхийллээ. “Энэ ордын ашиглалтыг хувийн хэвшилд даатгах нь зүйтэй гэсэн шийдэлд Монголын тал хүрч байна. Тавантолгойн төсөлд оролцох Японы компаниуд Монголын хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллахыг Монголын төр дэмжинэ” гэдгээ Монголын төрийн тэргүүн мэдэгдлээ.