m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 09:33
92
Шинэ шүүгчдэд зориулсан сургалт өндөрлөлөө

Анхан болон давж заалдах шатны шүүхэд шинээр томилогдсон 46 шүүгчид зориулсан “Шинэ шүүгчийн сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгууллаа. 

Сургалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог, шүүгчийн ёс зүй, зан төлөв, шүүгчийн хараат бус байдал болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн үндсэн болон процессийн эрх зүйн онцлог, шүүхийн хэрэглээний програм зэрэг сэдвээр суурь, мэдлэг ур чадвар олгоход чиглэсэн хичээлийг хууль зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид, шүүхийн ажлын олон жилийн туршлагатай шүүгчид удирдан явууллаа. 

Тухайлбал Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Хууль ба үйл баримт”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч, хууль зүйн ухааны доктор М.Туяа “Үндсэн хууль дахь Шүүх эрх мэдлийн суурь зарчмууд,  үзэл баримтлал”,  Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа “Шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог” сэдвээр хичээл заасан юм.

Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах, хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа”, “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр бичих аргачлал”, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр бичих аргачлал”, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Захиргааны хэргийн шүүхээс хууль хэрэглэх, хууль тайлбарлах” зэрэг салбар эрх зүйн чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг удирдан явууллаа.

Сургалтын үр дүнд шинээр томилогдсон шүүгчдийн шүүн таслах ажиллагааг хараат бус, шударгаар үр нөлөөтэй хэрэгжүүлэх суурь мэдлэг, ур чадвар дээшилж, шүүхээс иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл, боломж улам бүр нэмэгдэж байна.