m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.23 09:37
1080
Театрын алтан үеийн жүжгүүд

Монгол Улсад орчин үеийн музей үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд театрын түүхэнд дурсагдах шилдэг тоглолтын зургаас "Гэрэл зураг түүх өгүүлнэ" булангаараа дамжуулан хүргэж байна. 

1.“Ханбүргэд” дуурийн үеэр

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай төлөөлөгч Манлайбаатар Дамдинсүрэнгийн эх оронч тэмцлийн тухай өгүүлсэн гурван бүлэг, таван үзэгдэлт “Ханбүргэд” дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэв, шүүмжлэгч Ж.Ринчен самбуу нар бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн найруулан тайзнаа амилуулжээ. Хожим нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын мэндэлсний 80 насны ой, Манлайбаатар Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан 2006 онд тайзнаа шинэчлэн тоглосон байна.

2. Хүүхэд залуучуудын театрын хамт олон 1980 он

3.  Театрын анхны мэргэжилтэн А.А.ЕФРЕМОВ

Монголд мэргэжлийн театрын урлаг үүсэн бий болох, орчин үеийн театрын урлагийн хөгжилд Оросын театрын зүтгэлтнүүд ихээхэн хувь нэмэр оруулсан. 1930 онд Ардыг Гэгээрүүлэх яамны урилгаар Орос улсаас театрын анхны мэргэжилтэн А.А.Ефремов уригдан иржээ. Найруулагч А.Ефремов ирсэн даруйдаа театрын анхны түр сургууль байгуулсан ба тэрбээр анхны мэргэжлийн театрын эх үндсийг тавилцагчдын нэг хэмээн зүй ёсоор тооцогддог юм.

4. Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. УДЭТ хөгжлийнхөө тодорхой үе шатыг туулж, уран бүтээлчдийн багаа бүрдүүлэн, бүтээж туурвих арга туршлага хуримтлуулсан тэр цаг үе буюу 1955 онд У.Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амилуулсан юм. Төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн орчуулсан уг жүжгийн найруулагчаар С.Гэндэн, зураачаар Л.Гаваа ажиллаж, авьяас чадвар нь ид жигдэрч явсан Г.Гомбосүрэнг Отеллод тоглуулжээ. Дездемонд Ч.Долгорсүрэн, Ягод Е.Гомбодорж, Брабанциод Б.Пүрэв, бусад дүрүүдэд театрын жүжигчид тоглосон аж.

Найруулагч С.Гэндэн “Отелло”-г тавихдаа бусад орны туршлагыг хуулбарлалгүй, Монгол үндэсний театрын түүхэн онцлогт тохируулан, бие даасан бүтээлч шинж байдлыг хадгалах зарчим баримтлан ажилласан байна.

Буурал бүсгүй жүжиг

1950-иад оны эхээр Монголын шинэ цагийн театрт анх удаа Монголын уран бүтээлчдийн тоглосон Хятадын “Буурал бүсгүй” жүжиг тавигдсан юм.  И.Сталины шагналт Хэ Цин Чжи, Дин И нарын зохиол энэхүү жүжгийг 1945 онд Жанчхүүгийн театрт анх тогложээ. Тэр цагаас хойш Хятадын олон муж болон гадаадад тухайлбал, Вьетнамын чөлөөлөгдсөн мужууд, Тайланд, Бирмийн зарим театрт тоглосон байна. Хятадад энэ зохиолоор кино бүтээжээ.

Гол дүрийн жүжигчин  Пүрэвсүрэн

Улсын хөгжимт драмын театрт 1952 онд анх тоглоход Л.Ванган найруулж, Л.Намхай цэрэн тайзны зураачаар ажилласан уг жүжгийг бүтээснийх нь төлөө 1959 онд тус бүрт нь Маршал Чойбалсаны нэрэмжит II зэргийн шагнал, 15000 төгрөгийн хамт хүртээжээ. Зохиолыг Б.Түмэнжаргал хятад хэлнээс орчуулж, хөгжмийг Макэ бичсэнийг Маршал Чойбалсаны нэрэмжит хошой шагналт Б.Дамдинсүрэн монгол ахуйд зориулан найруулсан юм. Удирдаачаар С.Гончигсумлаа ажилласан байна.

Зах зээлийн нийгэмд хөл тавьсан 1990 оноос хойш өдрөөс өдөрт театрын амьдралд нийгмийн нөлөө тод тусаж, гэрэлтэй, сүүдэртэй он жилүүд урсан одсоор 1996 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг найруулагч Ч.Найдандорж дэглэн, зураачаар Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан юм. Энэ жүжиг нь театраас холдсон үзэгчдийг урлагийн ариун сүмд эргүүлэн авчирч, ХХ зууны сүүлч XXI зууны эхэн үеийн Монголын театрын жүжигчдийн багийг бүрдүүлж, тэдний ур чадварт нөлөөлж чадсан билээ. Энэ удаа 20 жилийн өмнөх тавилтаас өөр орчин, цаг үеийн үзэгчдийг сонгодог зуунд аваачиж, залуусын мөрөөдөл, ариун гэгээн хайр орчлон ертөнцөд байдаг юм гэсэн сонгодог жүжгийн дуурсахуй дуулал болгон баримталж тавьснаараа онцлогтой юм. Ромеод О.Гэрэлсүх, Д.Алтанбагана хоёр харилцан адилгүй дүр бүтээсэн билээ.

Хөдөлмөрийн бааатар, ардын жүжигчин, профессор Г.Хайдав, МУГЖ, дэд профессор М.Найдалмаа