m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.24 03:44
210
Цуврал-17 Олсон хутга мэсийг гэртээ оруулахыг цээрлэдэг нь учиртай

 

Монголчуудад амнаас ам дамжин ирсэн, түүнийг нь  ёсчлон биелүүлдэг хэвлэгдээгүй хууль бий. Хаалга алдалдаггүй, гэрийн босгон дээр гишгэдэггүй, орондоо дуулдаггүй, өглөө эрт билэг дэмбэрэлгүй үг хэлэлцэхгүй гэх мэтчилэн. Энэ мэт ёс жаягын нэг нь олсон хутга мэсийг гэртээ оруулахаас цээрлэх ёс юм. Хүйтэн зэвсэг гэдэг утгаар нь өвөг дээдэс ийн цээрлэсэн хэрэг. Хээрээс олсон хутга хүргэндээ өгсөн өвгөний гал голомтыг сүйтгэн, амь насыг нь хөнөөсөн хэргийн талаарх хавтаст хэргийг сөхье.

Сэлэнгэ аймгийн Баянхараатын сангийн аж ахуйд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар цагдаагийнханд дуудлага ирэв. Шинийн 1-ний өглөө аав, ээж ах дүүдээ золгох ёстой ч ажил учир цагдаагийнхан шуурхай зөвлөлдөн хэн хэн хаашааявж,  яаж ажиллах тухай ярилцаад хэргийн газар руу явцгаав. Цагдаагийн туршлагатай ажилтан Н.Баасандорж хэргийн газар ирлээ. Таван ханатай гэр саяхан шатаад дууссан бололтой утаа уугиж байна. Зуухны ойролцоо сууж байсан бололтой нэг эмэнгтэй хүний цогцос хэн гэдэг нь танигдахгүй болтлоо шатжээ. Ойролцоох айлын хүмүүс нь “Эмгэнээс гадна өвгөн нь байх ёстой” гэж хэлснээр хоёр хүн цаг бусаар энэ хорвоог орхисныг мэдэв. Хэргийн талаар дэлгэрэнгүй сайн мэдэх хүн урд айлд бий гэж нэгэн хүн хэлснээр тэр айлыг зорив. Энгэртээ нялх үрээ тэвэрсэн Нараа гэх эмэгтэй уйлсаар тэднийг угтав. “Рагчаа, Рагчаа” хэмээн уйлах бүсгүйг тайван байж хэргийн талаар ярихыг зөвлөв.

 

“Өглөө эрт ээж цайныхаа дээжийг өргөн идээ будаагаа засаад золгох гэж байтал Рагчаа ирсэн. Шинийн 1-ний өглөөний эхний зочноо хүндэтгэн цай хийж өгөн золгох гэтэл Рагчаа үхрийн мөнгө өг, эсвэл үхрээ авна гэсэн. Өнөөдөр билэггүй зүйл яриад яахав гэтэл шууд л аав, ээж хоёрыг хутгалсан. Миний хүүг бас хутгалсан. Тэгээд хүүгээ сайн хүн болгоорой гээд давхиад явчихлаа” гэж арай ядан ярив. Рагчаа гэгч хэн бэ, юуны учир өөрийн аав, ээжээс ахмад хүнийг хутгалав гэх мэтчилэн олон асуултын хариуг Нараагаас асуух гэсэн болов ч аймшигт хэргийг нүдээр харсан тэр нэг хэсэгтээ шокноос гарахгүй нь илт байв. Нутгийн олноос асууж тодруулахад “Нараа дагавар хүүхэдтэй аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Рагчаа гэх энэ залуу хотод ажилладаг байсан гэсэн. Тэндээ хулгайн хэрэгт холбогдоод ял эдэлж байгаад хайгуулын экспертүүдийн тогоочоор ажиллах болсон гэсэн. Тэгж яваад Нараатай танилцан нэг гэрт орсон. Гэсэн ч аав, ээж нь их дургүй, байнга хөөж, охиноосоо холхон байхыг сануулдаг байсан. Сүүлдээ нэг жижиг гэрээ өгөөд явуулсан” гэв. Энэ бүгдээс Н.Баасандорж өшөө хонзонгийн сэдлээр үйлдсэн гэмт хэрэг гэдгийг төвөггүй мэдэв.

 

...Хашир туршлагатай дэд хурандаа гүйх явцдаа машины цаагуур хэн нэгний мөр гарсан мөн дээлний хормой цухуйж байхыг ажиглаад жолоочдоо дохио өгөн тэр зүг алсуур яван ойртов. Гэмт хэрэгтэн Рагчаа шууд хутгаа барин дэд хурандаа руу дайрахад жолооч нь самбаа гарган гар руу цохиж түүнийг гавлав...

Ингээд түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс өмнө саатуулах ажил эхлэв. Мөрийг нь мөшгөсөөр  олон газар очсоныг тогтоож, араас нь хөөсөөр байв. Тэрбээр замдаа морио сэлгэн унаж хүчээр шахуу хүний морь авсан байв. Эрлийн ажил үргэлжилсээр. Хамгийн ноцтой нь тэрбээр хоёр хөгшнийг ямар ч эргэлзээгүй шууд хөнөөсөн, тавхан настай бяцхан хүү болон эхнэрээ хутгалсан. Золоор эхнэрийнх нь өмднийх нь тэлээ таарч амь гарсан явдал юм. Ийм ноцтой хэрэг үйлдсэн хүн дахин хүний амь нас хөнөөхгүй гэх баталгаа байхгүй. Тэрбээр талийгаач хөгшний ангын бууг авч яваа юм.  Дархан, Эрхт, Салхитын төмөр замын өртөөг самнан хөөсөөр Зүүнхараа чиглэсэн болохыг тогтоон мөрийг нь мөшгисөөр хэдэн айлын ойролцоо цан хүүрэг болсон хөтөлгөө морь байхыг олж харав. Тэр морь гэрчүүдийн хэлсэнтэй яг таарч байв. Машинаа холхон тавиад айлууд руу сэм дөхлөө. Морь уяатай айлын гадаа очоод ортол хүүхэд хөхүүлж буй эмэгтэйгээс өөр хүн байсангүй. Морины эзнийг асуутал хажуу айл руу орсон гэв. Хэлсэн айл руу нь ортол бас байсангүй. Халуун мөрөөр нь ороод алдчихлаа хэмээн сандарч ойр хавиар хайсан боловч байсангүй. Хашир туршлагатай дэд хурандаа гүйх явцдаа машины цаагуур хэн нэгний мөр гарсан мөн дээлний хормой цухуйж байхыг ажиглаад жолоочдоо дохио өгөн тэр зүг алсуур яван ойртов.

Гэмт хэрэгтэн Рагчаа шууд хутгаа барин дэд хурандаа руу дайрахад жолооч нь самбаа гарган гар руу цохиж түүнийг гавлав. Хоёр хүний амь насыг яагаад  хөнөөсөн нь дэд хурандаагийн таамаглаж буйтай таарав. Тэрбээр өөрийг нь гадуурхаж хөөсөн, үхрийн мөнгө өгөөгүй учир ийн өш санан шинийн 1-ний өглөө хөнөөсөн гэдгээ хүлээжээ.Ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүний араас өдөр шөнөгүй даган мөшгиж саатуулж чадсан цагдаагийн ажилтнуудыг тухайн үед сайшаан урамшуулсан гэдэг. Харин хоёр хүний амь насыг санаатай хөнөөж, хүүхэд эхнэрийнхээ амь насыг хөнөөхийг завдсан Рагчаад цаазаар авах ял оноосон аж.

Хэргийг үйлдэхдээ ашигласан хутгыг талийгаач хөгшин ойд явж байгаад олоод хүргэн Рагчаад бэлэг гэж өгсөн аж. Зэвэрч хуучирсан хутгаа ирлэн нэгэн гэр бүлийнхнийг хөнөөсөн гэдгээ ч Рагчаа цагдаагийнханд хэлжээ.