m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 08:48
30
Өргөдлийн байнгын хороо хуралдлаа

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний эхний хоёр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох хэсгийн хэрэгжилт болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн мөн холбогдох хэрэгжилт гэсэн хоёр хуулийн хэрэгжилтийн талаарх асуудал байв.  Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирсэн өргөдлийн мөрөөр арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хоёр хэсэг байгуулагдсан байсан бөгөөд хоёуланг нь ахлаж ажилласны хувьд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулга хийсэн юм.  Энэ асуудлаар ажлын хэсэг хоёр ч удаа хуралдан асуудлыг тал талаас нь нягтлан хэлэлцсэний дараа Байнгын хороонд хоёр санал оруулсан.  Тухайн асуудлаар гишүүдийн зүгээс олон санал гарсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Батзандан, С.Ганбаатар, М.Батчимэг нар үзэл бодлоо хэлсэн юм.

tigertiger

 

Үүний дараа ажлын хэсгээс гарсан хоёр санал дээр нэмж гишүүдийн санал шүүмжлэлийг тусган, НДҮЗ-өөр тодорхой тоон судалгаа гаргуулах, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар яг одоо ямар дүрэм журам боловсруулж байгаа талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөх 14 хоногийн хугацаатай даалгаврыг Засгийн газарт өгөхөөр болж, салбарын сайд С.Эрдэнийг байлцуулан энэ асуудлыг дахин нухацтай хэлэлцэхээр болов.  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хувьд ажлын хэсгийн ахлагч дээрх саналтайгаа өөрөө бас зөрчилдөн эргэлзэж байгаагаа хэлээд энэ асуудлаар тусгайлсан, яг мэргэжлийнх нь баг ажиллаж байж шийдвэр гаргахгүй бол шударга ёсны зарчим алдагдана гэж эмээж байгаагаа хэлж байлаа. Асуудалтай холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар нар санал бодлоо хэллээ.  Эцэст нь Байнгын хорооны дарга Р.Бурмаа гишүүний хэлснээр мэргэжлийн байгууллага болон бусад олон талын оролцоотойгоор энэ талаар нарийн судалгаа хийлгүүлж, асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар Өргөдлийн байнгын хороонд мэдэгдэхийг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн юм.  Энэ өдрийн хуралдаанаар мөн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцсэн бөгөөд үүний дараа Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлаж, иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл сонслоо.