m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 09:44
173
Төв бассейныхаа төрхийг засахсан

Усан спортын төрлөөр хичээллэгсдэд бэлтгэл сургуулилтаа хийх заал, талбай хомс байдгаас  тив дэлхийн хэмжээнд амжилт гаргах нь бусад оронтой харьцуулахад бага байдаг гэлтэй. Учир нь манайд цорын ганц байдаг Усан спорт сургалтын төв ашиглалтанд ороод удаж буй ч энэ хугацаанд дорвитойхон шиг их засвар хийгээгүйн улмаас ашиглалтаас гарахад хэдийн бэлэн болжээ.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төв бассейныг ашиглаж болохгүй гэх акт дүгнэлтийг удаа дараалан гаргасан ч одоо хэр үйл ажиллагаагаа явуулсан хэвээр л байна.  Үнэхээр дээрх дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа зогсоолоо гэхэд тэнд бэлтгэл сургуулилтаа хийдэг олон зуун тамирчид шууд л гудамжинд гарна.

Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврийн болон бэхэлгээний гол төмөр унаж том бассейн ашиглалтаас гарсан. Азаар хүний амь нас хохироогүй ч мартагдах шахаад байсан төв бассейны барилгын асуудлыг эргэн сануулсан юм. Улмаар дөрвөн сар гаруйн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард том бассейны таазыг засварлах хөрөнгийг Нийслэлээс гаргаж өгснөөр засварын ажил эхэлсэн.

Засвар хийж буй төв бассейны хаалгаар ормогц өнөөх л ховхорч мөөгөнцөртсөн хана, тааз чийг үнэртсэн орчин угтсан юм. Бассейны захирлаас ямар, ямар засвар хийж байгааг тодруулахад зөвхөн том бассейны дээврийг янзалсан гэдгээ дуулгасан юм.

Уг нь “Өөдлөх айл үүднээсээ” гэж монголчууд ярьдаг даа. Гэтэл Төв бассейны үүдээр ормогц л дусаал дусаж, будаг нь ховхорсон хана, тааз харагдах нь энэ газарт их засвар зайлшгүй хэрэгтэйг илтгэнэ. Бассейны хуучин захирал Г.Арслан хэлэхдээ “Уг нь энэ барилгын яс нь их сайн учраас нэг сайн их засвар хийчихвэл сэргээд л ирнэ. Түүнээс биш энэ барилгыг нураагаад оронд нь хятадуудаар бассейн бариулна гэдэг байж болшгүй зүйл” гэж хэлж байсан. Юутай ч одоогийн захирал Ч.Эрдэнэчулуунаас засварын ажил хэрхэн хийгдсэн талаар  цөөн зүйлийг тодруулсан юм.

-Засварын ажил яг хэзээнээс эхэлсэн билээ?

-Гуравдугаар сарын 7-нд материалаа буулгаад барилгын засвар эхэлсэн.

-Хэдэн төгрөгний санхүүжилтээр ямар засварын ажил хийсэн бэ?

-Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 35 сая төгрөг гаргуулж, дээвэр, карказаа янзаллаа.

-Өмнө нь зориулалтын бус энгийн будгаар будсанаас болж зэврэлт үүссэн гэдэг асуудал яригдаад байсан?

-Ер нь будаж байгаагүй шүү дээ. Хэн ч будаж байгаагүй. Энэ дээврийн карказ төмрийг  1997 онд нэг л будсан. Түүнээс хойш будаг хүргээгүй.

-Засвар хийж байх хугацаандаа үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоосон уу, эсвэл хүмүүсээ авч байсан уу?

-Бүртгүүлсэн хүмүүсээ бүгдийг нь жижиг бассейндаа ээлжээр оруулаад л зохицуулж байлаа. Жижиг бассейнд орохгүй гэсэн хүмүүсийг заал руугаа оруулсан.

-Юун түрүүнд том бассейныхаа дээврийг янзлаад авчихлаа. Тэгвэл дараагийн ээлжинд хийх зайлшгүй шаардлагатай засварын ажил юу байна?

-Дараагийн ээлжинд үүдний дээврийн засвар, гадаах дулааны шугамыг солиулчихвал энэ өвлийг давчих гээд л байна. Үүнийг шийдвэрлүүлэхээр хот руу бичиг баримтаа өгчихсөн. Тамгын газар дээр л байгаа байх.

-Бассейны дээвэр нурсанаас болж хүмүүс цөөрсөн үү?

-Тийм ээ. Хүмүүс тэр явдлаас хойш нэг их ирж бүртгүүлэхээ больсон. Гэрээ байгуулчихсан байсан компанийнхан л ирж байна.

-Одоо том бассейн хэвийн ажиллаж байна уу?

-Тийм ээ, хэвийн ажиллаж байна.

 Ч.Эрдэнэчулуун захиралтай ярилцах зуураа дүүрэг бүрт байгуулсан бассейнуудын үйл ажиллагааны талаар тодруулахад“ Нээрээ тийм, тэр бассейнууд яахав ажиллаж л байна. Гэхдээ дүүрэг болгонд хоёрын хооронд хоёр замтай бассейн хийж байхаар энэ бассейнаа янзалчихвал дээр л санагдах юм. Манайх чинь улсдаа байдаг цорын ганц стандартын бассейн шүү дээ. Гэтэл дүүрэг болгон өөрсдөө л юмтай болох гээд зүтгээд байх юм” гэсэн.

Үнэхээр ч нэг талаараа дүүрэг болгон жижигхэн ч болов бассейнтай болж байгаа нь сайн хэрэг ч нөгөө талаас нь харвал дүүрэг бүрт бассейн барьсан мөнгөөрөө төв бассейнаа тордоод авчихсан бол өдийд манай тамирчид ядахнаа л олимпоос биш юм аа гэхэд олон улсын чанартай тэмцээнүүдээс хэдэн медалиар энгэрээ мялаачих л  байсан байх.

Юутай ч төв бассейн өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч засаж янзлах зүйл үнэхээр их байгаа аж. Уг нь байгаа юмаа тордож янзлаад авчихвал тамирчид маань ч сэтгэл хангалуун, тухтай  бэлтгэлээ хийж амжилт гаргамаар санагдах юм.

Гэвч төсөв, төсөл, тендер гэсээр  дараачийн Засгийн газар солигдож, дахиад л бас нэгэн албан тушаалтан өөр юм яриад сууна биз. Ингэсээр чанар сайтай хэдэн барилгуудаа дахин ашиглагдахааргүй болгон акталж орхиод балгасын эгнээнд шилжүүлчих вий дээ.