m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.16 10:28
39
УИХ-ын гишүүн Г.Уянга жагсаалынхаа талаар мэдээлэл хийв

Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд төв талбайд болсон Монголын нэг өдөр 2014 амьдрал таниулах ард түмний цуглаан болсон. Уг цуглааны зохион байгуулагч УИХ-ын гишүүн Г.Уянга жагсаалынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус жагсаалд ойролцоогоор нийт хоёр мянга гаруй хүн оролцсон бөгөөд эдгээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч гурван хэсэгт хуваан багцалжээ.

Нэгдүгээрт, хогийн ногоон уутыг айл өрхүүдэд тараах болсон нь Улаанбаатар хотын иргэдийн эсэргүүцэл эгдүүцлийг хүргэж байна. Өнгөрсөн онд улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулж нийслэлийн 317 айл өрхөд хүчээр тараасан бол энэ жил 4.3 тэрбум төгрөгөөр ногоон уутаа тараах гэж байна. Үүнийгээ 2016 он хүртэл үргэлжлүүлнэ гэж сүрдүүлж байна. долоон тэрбум төгрөг бол долоон цэцэрлэг, сургууль, ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, эмнэлэг, спорт цогцолбор долоо, долоог барих мөнгө. Тэр ч бүү хэл энэ мөнгөөр Улаанбаатар хотыг бүхэлд нь ногоон зүлгээр хучихад хүрэлцэх байтал хогны уут нэртэй хог үйлдвэрлэж байна. Энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардлагыг НИТХ-аар хэлэлцүүлэн тодорхой шийдвэр гаргахыг хүсч байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентад суудалтай эрх баригч, улс төрийн намуудын удирдагчдад хандан уриалга хүргүүлж байна. Энэхүү уриалгад "Эх орон газар шороо, шударга ёсны төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр тэргүүтэй "Гал үндэстэн" хөдөлгөөний удирдагчдыг төр засаг гянданд хийж шийтгэлээ. Бид монгол улсын иргэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг чанд сахих болон сахиулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентад суудалтай эрх баригч, улс төрийн намуудын удирдагчдаас шаардаж байна. Учир нь төрийн эрх барьж байсан болон эрх барьж байгаа намд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан олон хүн улс орны эдийн засагт учруулсан хор хохирол нь илт болсон ч албан тушаалаа хашсаар байгаа баримт олон бий. Тиймээс энэ цуглаанд оролцогчид шударга ёс тогтоох үүднээс гэмт үйлдэл нь илэрсэн улс төрийн намын гаралтай албан тушаалтнуудын гэмт явдлыг нэн даруй мөрдөн шалгаж, цээрлүүлэхийг шаардаж байна. Хариуцлага тооцож чадахгүй бол Ц.Мөнхбаяр тэргүүтэй "Гал үндэстэн" хөдөлгөөний удирдагчдыг суллах нь шударга ёсонд нийцнэ. Бид энэ шаардлагаа бүрэн биелэх хүртэл тэмцэх болно. 

Гуравдугаарт, Монголын ардчилал бидний хүсэн мөрөөдөж байсан тэр хэлбэрээсээ гажиж байна. Жагсаалд оролцож үг хэлсэн хүн бүр өнөөгийн манай улс төрийн тогтолцоо ёс суртахууны хийгээд ажил хэргийн бүхий л чадамжаа алдаж байна. Тиймээс монголын нийгэм, улс төрийн байдалд шинжлэх ухааны үндэстэй шинжилгээ хийх хэрэгтэй. Ингэхдээ монголын нийгмийн дэвшлийг хангаж чадах цөөнхийн дарлал мөлжлөгөөс ангид, монголын бүх нийгмийн давхаргын оролцоог хангасан ард нийтийн санал асуулгыг хуулийн дагуу явуулахыг шаардаж байна. Бидний уриалгыг хүлээн авч ард нийтийн санал асуулгаар төрөө шинэчлэх ажилд бүгдээрээ бэлдэцгээе. Өнөөдрөөс эхэлж хүн бүхэн дараагийн шинэ Үндсэн хуулийн тухай дор бүрнээ бодож, хэлэлцүүлэг өрнүүлье. Ард түмэнд эрх мэдэл байдаг юм бол төрөө өөрсдөө мэдээд байгуулъя" гэсэн  асуудлуудыг нэгтгэн холбогдох хүмүүст хүргүүлж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга ярилаа.