m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.26 10:11
78
Хакүхо болон Котошёогикү нарын хэн нь вэ? Эсвэл ...

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 71 дэх аварга Какүрюү М.Анандтай барилдлаа. Өнөөдрийн барилдаан түрүүлэх магадлалтай бөхийг шийдэх байсан учир олны анхаарлыг тун их татаж байсан юм. Барилдаан эхлээд хоёр аварга тун тэнцүү байсан ба Хакүхо хүч шавхан байж дэвжээний зах руу түрэн гаргалаа. Хакухо ийнхүү давснаар 13 даваа 2 унаатайгаар тэргүүлэгчийн байр сууринд үлдлээ. Маргааш Хакүхо нутаг нэгт бөх ёкозүна Харүмафүжитэй барилдах ба Какүрюү М.Ананд озеки Кисеносатотай барилдана. Харин 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж озеки Кисеносатотай барилдав. Хоёр бөхийн барилдаан эхлэхэд Харүмафүжи аварга тун хурдан босож, ямар ч зай өгсөнгүй ёрокири мэхээр 10 дахь даваагаа авлаа. Тэрбээр маргааш Хакүхо аваргатай барилдана. Башёг Хакүхо аваргатай хамт тэргүүлж буй озеки Котошёогикү өнөөдөр бас нэг тэргүүлэгч Такаясүг хаясанаар түрүүлэх боломжоо хадгалан үлдлээ. Сүүлийн өдөр тэрээр сакивакэ Гоэйдотой барилдах ба Гоэйдод өөрт нь түрүүлэх мөн озеки болох боломж байгаа болохоор маш ширүүн барилдаан болох биз ээ. Энэ барилдаан болон хоёр монгол аваргын барилдаан түрүүлэх бөхийг шийдэх юм. Хэрэв тэргүүлэгч хоёр хоёулаа давбал хоорондоо нэмэлт барилдаан хийнэ. Харин аль нэг нь өрсөлдөгчөө давбал шууд түрүүлнэ. Хоёул унасан тохиолдолд Гоэйдо болон Такаясү нартай нэмэлт барилдаан хийх шаардлага гарч ирэх юм байна. Ийнхүү Нагоя башё 14 дэх өдрийн барилдааны дараагаар маш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсээр байгаа ба тэмцээний аварга маргааш тодорно. Мөн жюүрёо зиндаанд маргааш манай шинэ од "Малчин сүмоч" Ичиножёо өөрөөсөө нэг даваагаар дутуу байгаа Точиношинтэй барилдана.