m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 06:16
4525
Галдан бошигт хаан

Монголын улс төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт (1644-1697) нь Зүүнгарын хаан байв. Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон мэндэлжээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүдтэй 5,9 хатантай байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд байдаг. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг зүйл бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг мэндэлэхэд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ.

Тэрээр долоон настайдаа Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавилан суух болжээ. Галдан Төвдөд 20 жил шавилан сууж шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн нэгэн ажгуу. Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнө Монголчууд тэнгэр шүтлэгтай байлаа. Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт хөнөөгджээ. Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байжээ. Сэнгэ ханыг хороосон Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Төвдөд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Төвдөөс дуудаж хан ор суулгасан нь үүний баталгаа биз ээ.

Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг хатан болгож, тархай бутархай байсан баруун Монголыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулж хаан нь болсон билээ. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй хамаг Монголыг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв. Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон Торгоны замыг хяналтдаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.

Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учир зүйн үүднээс авч үзвэл Ойрад, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадаас хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Төвдийн шарын шашны тэргүүнүүд хөндлөнгөөс оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.

Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн Манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон бөгөөп энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв. Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.

 

Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж: 

"Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.

Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлсэн домогтой.