m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.27 06:16
121
"МН17"-ын асуудал ч бас хариултгүй үлдэх үү

Энэ сарын 17-нд Малайзын 298 хүнтэй Нидерландын Амстердамаас Куала Лумпурыг чиглэн явж байсан онгоц пуужинд оногдож сүйрсэн нь дэлхий нийтийг донсолгосон хэрэг байв. Дэлхийн бүхий л удирдагчид энэ талаар ярьж, хэвлэл мэдээллийнхэн бичсээр байна. Тиймээс бид энэхүү үйл явдлыг долоо хоногийн онцлох үйл явдлаар нэрлэн, тоймлон хүргэж байна.

Украины хэрэг явдал өнгөрсөн хоёрдугаар сараас тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахгүй, ОХУ-тай гэрээ хийснээр эхэлсэн юм. Тэр үеэс л жагсаал цуглаан тасрахгүй байсаар өдийг хүрсэн билээ. Энэ хугацаанд олон хүн шархдаж, нас барж, улс орны эдийн засаг нь ч туйлдаа хүрч байна.

 

298 хүнтэй осолдсон Малайзын онгоцны талаарх нэгэн чухал асуулт нь “Яагаад Украины дээгүүр явах болов?” Энэхүү асуултад Малайзын агаарын тээврийн удирдлагын багийн гишүүн Hugh Dunleavy “Бид энэ агаарын зам аюулгүй гэж бодоод үүгээр нислэг үйлдсэн” хэмээн хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “Eurocontrol” хэмээх агаарын тээврийн хяналтын байгууллагаас Украин улс 32 мянган футаас дооших зайг хаасан хэмээн мэдэгдсэн байна. Харин Малайзын онгоц ихэд доогуур буюу 33 мянган фут өндөрт нисэж явжээ. Тэднийг Донецк орчимд явж байхад нь дунжаасаа арай өндөрт яваад байна хэмээн анхааруулсны учраас бага зэрэг доошилсон аж. Харин Украины тогтоосон 32 фут хэмжээ өндөртөө тооцогдох юм байна.

 

Украины босогчид онгоцны хоёр хар хайрцгийг Малайзын удирдагчдад хүлээлгэн өгсөн. Голландын хүсэлтээр Их Британид хар хайрцагны мэдээллийг уншсан боловч дотор нь ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл байгаагүй юм. Энэ нь тэднийг гайхашралд оруулж, хэн нэг нь дотор нь байсан мэдээллийг устгасан байна хэмээн үзжээ. Уг хар хайрцгийг Украины босогчид авсан байсан учраас тэднийг устгасан байх хэмээн ажиглагчид хардаж байгаа юм. Гэхдээ хар хайрцаг 80 гаруй сувгаар бичилт хийдэг бөгөөд түүнийг хакердах оролдлого хийвэл мэдээллээ хувиргадаг ба ийм ч зүйл ажиглагдаагүй, жирийн үеийн бичлэг байжээ.

 

Шинжээчид ослыг Украины босогчид, пуужинг сайн мэдэхгүй хүмүүс харван алдаа гаргасан хэмээн магадлав. Гэвч салан тусгаарлагчид үүнийг үгүйсгэсээр байгаа. Үндсэндээ ОХУ-ыг дэмжигч хоёр ч бүлэглэл Украинд байгаа бөгөөд тэднийг террористууд хэмээн тодорхойлоод байна. Украины босогчид пуужинг харвасан гэх энэ мэдээ Владимир Путиныг багахан тайвшруулсан боловч түүнийг ОХУ-ыг дэмжигчдэд туслаж байгааг буруутгасан хэвээр байгаа юм. Зарим удирдагчид Владимир Путин осол гарахад нөлөөлсөн учраас тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн тэд Украины босогчид пуужинг сайн ашиглаж чадахгүй байгаа, тиймээс сайн зохион байгуулсан хэрэг байж болзошгүй ч гэж таамаглаж байна. Хэргийн эзэн уг пуужингийн системийг ОХУ-д бууцааж өгчээ.

 

Онгоцонд 193 Нидерланд, 44 Малайз, 27 Австрали, 12 Индонез, 10 Их Британи, дөрвөн Герман, Бельги, гурван Филиппин, нэг Канад, Шинэ Зеландын иргэн байсан нь эцсийн байдлаар тогтоогдсон байна. Даяарчлалыг дагаад аливаа зүйл улам л олон улсын чанартай болж байгаа бөгөөд Украины хямрал ч мөн олон улсыг хямрааж эхэлж байна.

“Чоно борооноор” гэгчээр ослын газар хулгай гарч байгаад салан тусгаарлагчдыг буруутгаад байсан. Ослын газар хамгаалалт гээд байх зүйл байхгүй, зөвхөн босогчид л байгаа юм. Гэхдээ тэд мөн л “Бид хүмүүсийн эд зүйлсийг хулгайлаагүй, бусад хүмүүсийг ч энэ газарт оруулахгүй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

 

Онгоцны ослоос олдсон цогцоснуудыг Нидерландад аваачсан. Тэд хүлээж аваад гашуудан эмгэнэсэн юм. Цогцоснуудыг таних үйл ажиллагаа бүтэн сар үргэлжлэх байх гэж тэд үзэж байна.

Нидерландчууд шарилыг хүлээн авч байна

Ослоор Австралийн нэг гэр бүлийн наймаас 12 насны гурван хүүхэд амиа алдаж, өмнө нь "МН370" дугаар нислэгт гэр бүлийн хүнээ алдсан хүн дахин "МН17"-д ч бас алдсан харамсалтай тохиолдлууд гарсан билээ. Мөн Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн эмээ ч бас байсан гэнэ.

 

Дэлхийн олон орны удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь түүнийг Украины ОХУ-ыг дэмжигчдэд зэвсгийн тусламж үзүүлж байгаа гэж тэд үзэж байгаа. Цаашид ч зэр зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын зүгээс мэдэгдсэн. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа сайт дээр “Бид Украинд энх тайван тогтоосой хэмээн хүсч ажиллаж байгаа” хэмээн өөрийгөө хамгаалсан аястай зүйл нийтэлж, нарийн шалгалт хийх хэрэгтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд өөрийн авч буй арга хэмжээ буюу “Тус улсад тавих хоригийг илүү олон болгож, стратегийн арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

 

Энэхүү эдийн засгийн хоригоос болж улс орны эдийн засаг ганхах вий гэдгээс ОХУ-ын иргэд, тэрбумтнууд эмээж байна. Их Британийн Гадаад харилцааны нарийн бичгийн дарга нэгэнтээ “ОХУ шоовдорлогдсон улс болох эрсдэлтэй байна" хэмээн хэлж байсан. АНУ болон зарим орнууд аль хэдийнэ ОХУ-д хориг тавьсан. Харин “МН17”-ын ослын улмаас Их Британи, Недерланд ч бас ОХУ-ыг үзэж чадахаа болилоо. Эдгээр олон улсыг хамарсан хямрал, үзэн ядалтаас ОХУ-ын эдийн засаг хямрах вий хэмээн тус улсын иргэд, тэрбумтнууд санаа зовниж байгаа ч Владимир Путинтай ярьж зүрхлэхгүй байгаа аж.

 

Онгоцны осолд Нидерландын иргэд ихэнх нь буюу 193 нь байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Нидерландын Ворсхотен хотын дарга Питер Броертес “Путины охиныг эх орноосоо хөөх хэрэгтэй” хэмээн бичсэн ч дараа нь уучлал гуйсан. Гэвч ард иргэд нь түүний байшингийн гадаа жагсаал хийх санал гаргаад байсан. Энэ сургаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины охин Мариа Путина хоёр сая ам.долларын үнэтэй сууцаа орхиод хаашаа ч юм явжээ. Түүний хөршүүд Мариаг онгоц осолдсоноос хойш харагдахгүй байгааг анзаарсан байна.

 

Онгоцыг хэн буудсан нь хүмүүст сонин байсан боловч Украины босогчдын үүр болсон бас онгоц осолдсон тэр газар очсон хүмүүс гайхаад байх зүйл алга байна гэдгийг хэлж байлаа. Донецк хот нь Украины улсын арми болоод босогчид байгаа учраас автобусны буудлууд хаагдаж, машин чөлөөтэй хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болсон байгаа аж. Мөн тус хотод дөрвөн ч орон сууцны барилга үймээний улмаас нурж, хоёр хүн амь насаа алдсан байна. Энэхүү хямралын улмаас Украины тус бүс нутгуудаар амьдарч байгаа иргэд ихээр дүрвэх болжээ. НҮБ-ын гаргасан судалгаагаар 141 мянган иргэн ОХУ-руу дүрвэсэн бол 41 мянган иргэн ОХУ-аас орогнол хүссэн байна. Үүнээс гадна 101 мянган хүн одоогоор хаашаа явсан нь тодорхойгүй байгаа аж.  

 

Хонгконгийн “Aspire” агаарын тээврийн компанийн шинжээч “Энэ үйл явдал агаарын тээврийн ирээдүйд томоохон асуулт тавьж байна. Магадгүй тэд дампуурч болох юм" гэжээ. Гэхдээ Малайзын агаарын тээврийн хэрэглэгчид үнэнчээ харуулж байгаа аж. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын найманд онгоц сураггүй болсон ч гэсэн тавдугаар сард дөрвөн хувийн л бууралт ажиглагдсан байна.

 

Малайзын “МН17” нислэгийн ахмад нь 30 жилийн туршлагатай нисгэгч байжээ. Тэрбээр мөн агаарын тээврийн сэтгүүлд 75 жилийн турш ажилласан аж. Тиймээс Малайзын агаарын тээврийн буруутгахгүй байх нэг үндэслэл гарч ирж байгаа юм хэмээн ажиглагчдын зүгээс үзжээ. Гэхдээ тэд өмнө нь гуравдугаар сард осол болоход аюулгүй байдлыг дээшлүүлэх хэрэгтэй байсан бөгөөд сүүлд зарим нислэгээ Украины дээгүүр биш Сирийн дээгүүр нислэг үйлдэхээр болсон гэнэ. Энэхүү зам нь Сирийн Хом хоттой ойролцоо байгаа бөгөөд Хом ч мөн босогчдын үүр уурхай болсон газар билээ.

 

Ослоос хойш хоёр ч цэргийн онгоцыг буудсан хэмээх яриа гарсан. Украины босогчдын толгойлогч цэргийн хоёр онгоцыг босогчид буудсан хэмээн мэдэгдсэн бол Украины цэргийн хүчнийхэн ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс буудсан хэмээн мэдэгдсэн юм. Хэрвээ ОХУ-ын газар нутаг дээрээс буудсан бол “МН17”-г ч мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс юм уу ОХУ-ын иргэн буудсан байж болзошгүй хэмээн таамаглаад байсан.

Гэвч яг хэн онгоцыг буудсан /Украины босогчдыг сэжиглэсэн/, яагаад зорчигч тээврийн онгоцыг онилсон, онгоц яагаад үймээнтэй газраар ниссэн, олон улсын шинжээчид хэзээ ослын газарт очих зэрэг асуултууд хариултгүй хэвээр...

Г.Төгөлдөр