m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:01
98
"Энэ миний танд үгээ хэлэх сүүлчийн боломж. Би тандаа хайртай шүү"

Энэ сарын 16-нд буюу өчигдөр нийтдээ 475 хүнтэй Өмнөд Солонгосын усан онгоц баруун өмнөд эргээс Чежү арал явах замдаа осолдсон билээ. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсныг тогтоогоод байгаа бөгөөд 289 хүн ор сураггүй байгаа гэнэ. Онгоцон дээр байсан иргэдээс 179-ийг нь аварсан. Харин сураггүй байгаа хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тус хөлөг онгоц өчигдөр өглөө Солонгосын цагаар 8:58 үед түгшүүрийн дохио өгөөд дараахан  нь живсэн бөгөөд  хоёр цаг хорин минутын дараа гэхэд бүрэн живсэн байна. Онгоцон дээр Ансан Данвон дунд сургуулийн 375 сурагч, 14 багш Чежү арал руу дөрвөн өдрийн аялалд явж байсан ба үйл явдал болох үеэр зарим хүүхдүүд ээж, аавдаа “Би ярих боломжгүй байгаа учраас зурвас үлдээлээ. Та нартаа хайртай шүү”, "Энэ миний таньд үгээ хэлэх сүүлчийн боломж. Ээжээ би танд хайртай" гэх зэргээр зурвас илгээжээ. Харин тэд хариу бичихэд хүүхдүүдээс нь эргээд хариу ирээгүй байна.

Шинжээчид онгоцны ослыг усан доорх хад мөргөснөөс болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ усан онгоц живж буйг мэдсэн даруйдаа аврах багийг шуурхай илгээжээ. Харин АНУ-ын төрийн департмент хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлж, “Тусламж хэрэгтэй бол чадах бүхнээрээ туслахад бэлэн” гэжээ.

Г.Төгөлдөр