m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:21
134
“Монгол эмимпекс”-ээс болж 60 гаруй хүний эмчилгээ тасалджээ

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчний нэг нь хорт хавдрын өвчлөл. Гурван сая хүрэхгүй монголчуудын дөрөв­ний нэг нь энэ өвчнөөр хорвоог орхиж байна.  Дэлхий нийтийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл буурах хандлагатай болж байхад харин манайд эсрэгээрээ хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.  Жилд улсын хэмжээнд нас баралтын шалтгааны 20 хувийг хавдар эзэлж, үхэлд хүргэх аюул заналхийллээрээ хоёрдугаарт бичигдэж байна. Энэ үзүүлэлтээрээ хорт хавдрын өвчлөл манайд дэлхийн дунджаас даруй 10 дахин их байгаа юм. Хамгийн гол нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрвөн хүн тутмын гурав нь хожуу үедээ буюу эмчлэхэд бэрх болсон, өөрөөр хэлбэл эмчилгээгүй болсон хойноо эмчид ханддаг байна.

Харин дөрвөн хүний нэг нь эрт үедээ өвчнөө оношлуулж бүрэн эдгэрдэг гэдгийг ХСҮТ-ийн эмч нар хэлж байна.

Манай улсад нийт  28 төрлийн хорт хавдар бүртгэгдсэн байдгаас хамгийн элбэг тохиолддог нь элэгний хорт хавдар гэдэг. Дээр нь манай эрүүл мэндийн салбарт хорт хавдрыг эрт оношлох, илрүүлэх техник  тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ хангамж тун тааруухан. Гэтэл дээр нь бас эм, тариа нь хүрэлцэхээ болиод, хүлээгдэл үүсгээд эмч, өвчтөн хоёрыг “чангалж” байгаа сурагтай байна. Сураг сонсвол мөнгө, санхүү нь хүрэлцэхээ больсон  гэх. Харин сурвалжлахаар очиход арай өөр дүр зураг харагдав.

Хавдрын хагалгаанд орсон хүмүүс эмчийн хяналтад байж, химийн тариа хийлгэх шаардлагатай байдаг гэнэ. Учир нь хавдар ойр хавийн эрхтэнүүдэд  үсэрхийлдэг учраас түүнийг тархахаас сэргийлж, ийм химийн тариаг хийдэг юм байна. Гэтэл сүүлийн үед энэ тариа хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй хүлээгдэл үүсгээд байгаа ажээ. Эмч нараас энэ тухай асуувал тодорхой зүйл ярихаас татгалзав. Харин “Хэлэх ч үг алга” хэмээн толгой сэгсрэх өвчтөнүүд хаа сайгүй тааралдав. Тиймээс  Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатараас энэ тухай асууж тодруулаа. Тэрээр  “Хавдар судлалын үндэсний төв жилд 4.6 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авах төсөвтэй. Бүх эмнэлэг тендер зарлаж эм, эмнэлгийн хэрэгслээ авдаг. Манай эмнэлгийн химийн эмчилгээний эм, тариаг “Монгол эмимпекс” нийлүүлж байхаар тендерт ялсан. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сараас химийн эмчилгээнд хэрэглэдэг Лейковарин тариаг нийлүүлэхгүй удсанаас 60 гаруй хүний эмчилгээ хүлээгдэж байна. Энэ эмчилгээ нь өөр хоёр эмтэй хавсарч 5-6 курсээр хийдэг. Тухайлбал, нэг курс эмчилгээ нь 100 гаруй мянган төгрөг байдаг. Химийн эмчилгээний тариаг нэг эм ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэх эрхтэй. Тиймээс нийлүүлэлт удааширч,  хүмүүсийн эмчилгээ тасарч байна” гэсэн юм. “Монгол эмимпекс” эм ханган нийлүүлэх байгууллагаас Хавдар судлалын үндэсний төвд тээвэрлэгч компанид асуудал үүссэн талаар хариу мэдэгджээ. Хавдраар өвчилсөн хүмүүст хүлээлт үүсгээд байгаа химийн тарианы учир шалтгаан ийм аж. Харин одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй хэвээр байна. Ямартай ч хамгийн тодорхой зүйл гэвэл хорт хавдрын хагалгаанд орсон өвчтөнүүд, өөрөөр хэлбэл дээрх тариаг хийлгэх шаардлагатай, ийм эмчилгээний заалттай хүмүүст гүрийх л үлдэж байх шиг байна. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг шүд зууна гэдэг үнэндээ байж боломгүй хэрэг. Эмнэлэг, эмч хоёр нь хүлээгээд, шаардаад байхад эм, тариаг нь хугацаанд нь нийлүүлэхгүй байгаа  “Монгол эмимпекс” компанид хэн хариуцлага тооцох вэ. Салбарын яам нь тооцох уу, сандарч тэвдсэн хүмүүс хэлээд нэмэр болох болов уу. Иймээс бид салбарын яаманд хандаж энэ талаар асууж тодруулсан юм.

 

Байр суурь

Т.Мөнхтуул: Эхний ээлжийн тариа энэ сарын 21-нд ирнэ 

Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хавдар судлалын үндэсний төвийн химийн эмчилгээний тариа санхүүжилт байхгүйгээс тасарсан гэх яриа иргэдийн дунд гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Улсын эмнэлгүүдийн эм тариаг тендер зарлаж шалгарсан байгууллага нийлүүлэх эрх авдаг. Хавдар судлалын үндэсний төвийн химийн тарианы хувьд нийлүүлэгч байгууллага тариагаа хугацаандаа нийлүүлээгүйгээс үүдэж тариа тасарсан. Түүнээс биш санхүүжилттэй холбоогүй.

-Өнөөдрийн байдлаар манай улсад хавдрын химийн эмчилгээнд хэрэглэдэг хэчнээн эм бүртгэлтэй байна вэ. Тасарсан эмийн тухайд?

-Монгол Улсад бүртгэгдэж байгаа хавдрын химийн эмчилгээний эмүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс эмчилгээнд шаардлагатай эмийг бодлогоор бүртгэх талд Эрүүл мэндийн яам арга хэмжээ авч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын эмийн бүртгэлд худалдааны нэршлээр 70 гаруй, олон улсын нэршлээрээ 54 эм бүртгэлтэй байна. Үүнээс манай улсад хавдрын химийн эмчилгээнд 26 эм бүртгэлтэй байна.

-Эм хэзээнээс нийлүүлэгдэж эхлэх бол. Танайд тодорхой хариу өгсөн үү? 

-Бид тухайн байгууллагаас мэдээлэл авахад энэ сарын 18-нд нийлүүлэх ёстой тарианы эхний хэсэг нь орж ирнэ. Тиймээс энэ сарын 21-нд эхний ээлжээ нийлүүлнэ. Дараагийн ээлжийн тариа энэ сарын 22-нд наашаа ачигдана гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд эхний ээлжийн тариа ирнэ гэж ойлгож болно.