m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 02:25
69
Нойтон цас хаялсан өдөр авто осол их гарч байна

Улаанбаатар хотод өчигдөр оройноос эхлэн нойтон цас хаялж, нэмэх 15 хэмээс буухгүй байсан нь эрс буурч нэмэх 5 хэм болов. Нийслэлд салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 3-5 градус дулаан байна.

Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд нийт нутгаар чийг унаж буй нь сайн талтай, ой хээрийн түймэр гарахгүй байхад чухал нөлөө үзүүлж байна. Харин бага зэргийн гулгаа үүссэн энэ үед жолооч нар анхаарал болгоомж алдан мөргөлдөх, шүргэлдэх тохиолдол нэмэгджээ. Шуурхай удирдлагын төвд өчигдөр шөнө авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой дуудлага 285 иржээ.Ослын улмаас 14 гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хан-Уул дүүргийн нутаг, Нисэхийн замд Автобус-1 компанийн жолооч явган зорчигчийг дайрч амь насыг нь хөнөөсөн юм байна. Мөн Дарь-Эхийн замд жолооч иргэнийг дайрч гэмтээгээд хэргийн газраас зугтсан аж. Цагдаагийнхан машиныг нь олсон бөгөөд хэргийн газраас зугтсан жолоочийг эрэн хайж байна.

Нойтон цас орсноос гялбаа, гулгаа үүссэн үед хурд хэтрүүлж, анхаарал болгоомжгүй явснаас ослын тоо нэмэгдсэн гэж Замын цагдаагийнхан хэллээ. Өнгөрөгч шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасн хоёр хүнийг саатуулжээ. Мөн бага насны таван хүүхэд осолд орсон байна.