m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:06
65
Г.Ерөөлт: Манайхан спортод ардчилалгүй ханддаг

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Словакийн Нове Замку хотод зохиогдсон аэробик гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын аэробикийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Ерөөлттэй ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө танаар ахлуулсан Монголын аэробикчид дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүллээ. Явсан тэмцээнийхээ сониноос манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Словакт болсон дэлхийн цомын тэмцээнд Монголын аэробикчид бүх насны ангилалд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож алт, хүрэл медаль авлаа. Тэмцээнд 16 орны 550 орчим тамирчин өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд гадны өсөх ирээдүйтэй залуу аэробикчид оролцсоноороо ихээхэн онцлогтой боллоо. Манайх 23 тамирчнаа явуулсан. Дийлэнх нь залуу тамирчид. Тэднийг хилийн гадна болж буй томоохон тэмцээнд эртнээс оролцуулах нь чухал юм. Холбооны удирдлагууд маань энэ маягаар цаашид дэмжиж ажиллах байх аа. Ер нь тэмцээнд аль болох олон оролцож байж тамирчин хүн мэдрэмж, бэлтгэлийн суурь, ур чадварыг олж авдаг. Бэлтгэлийн 100 өдрийн хөдөлмөр нэг тэмцээнд гаргасан хөлстэй тэнцдэг гэж үг бий. 

-Ярилцлагынхаа гол сэдэв рүү эргээд оръё. Дэлхийн цомоос алтан медаль авсан степийн төрлөөр манай тамирчид хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Аэробикийн спортод  долоон төрөл байдаг. Тэднээс хэрэгсэлтэй ганц төрөл нь степийн аэробик юм. Степийн төрөл нь 90 см-ийн урт, 30-35 см-ийн өргөн, 15 см-ийн өндөртэй тавцанд дасгал, хөдөлгөөнийг урьдчилан найруулсан хөгжмийн аянд тохируулж хийх ёстой байдаг. Энэ төрлөөр өдгөө хичээллэж байгаа найман тамирчин 2011 оноос эхлэн гадны тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байна. Ингэхдээ 2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2012 оны дэлхийн цомоос алт, 2013 оны дэлхийн тоглолтын тэмцээнд тавдугаар байр, 2013 оны Азийн цомын нээлттэй тэмцээнээс алтан медаль авсан.

-Танай баг алтан медаль авахдаа нэг минут 30 секундэд нийт хэдэн хөдөлгөөнийг амжиж хийсэн бэ?

-Аэробикчид нэг минут 30 секундэд дунджаар 800-1400 орчим хөдөлгөөнийг хийх үүрэгтэй. Дасгалаа хийхдээ аяны темпэд тааруулж байж үнэлгээгээ өндөр авдаг юм. Бид дэлхийн цомын тэмцээнд 1160 дасгал, хөдөлгөөнийг нэг минут 30 секундэд гүйцэтгэжээ.

-Спортын мэргэжилтнүүд Дэлхийн цомын тэмцээнийг чансаалахдаа олимпийн дараа багтаадаг. Дэлхийн цомд зөвхөн шилдгүүд уригддаг болохоор тэр биз. Гэтэл та бүхнийг гаргасан амжилтыг салбар хариуцсан яам, Спортын бэлтгэлийн төвийн удирдлагууд үл тоогоод байна уу даа. Дэлхийн цомын тэмцээнд олимп болон олимпийн бус төрлөөр амжилт гаргахад ялгаа нь юу байна вэ?   

-Монголчууд спортод хэзээнээс ардчилалгүй ханддаг. Хэрэв жүдо, чөлөөт бөх, буудлагын тамирчид дэлхийн цомоос медаль авсан бол байдал тэс өөр байх байлаа. Монголын топ спорт гэдэг утгаараа тэр. Гэтэл аэробик адилхан л спорт шүү дээ. Аэробиктай агаар нэг гимнастикийн спорт олимпийн төрөлд багтдаг байх аа. Гаргасан амжилт нь яг адилхан байхад түүнд ялгавартай ханддаг гаж жишиг ганцхан Монголд л байдаг байх.

-Танай баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгэхээр та бүхнийг Засгийн газрын урамшууллаас сар бүр хүртдэг гэж олон нийт ойлгодог шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Биеийн тамир спортын тухай шинэчилсэн хууль Монголд хэрэгжээд удаж байна. Энэ хууль мэндэлсэн цагаасаа эхлээд хөрсөн дээрээ ил харагдах боловч одоог хүртэл үндэс болгон руу хүрч чадахгүй л байгаа. Дээгүүрээ спортыг дэмжиж байгаа дүр үзүүлэх мөртлөө доод төвшиндөө спортод ялгавартай хандаж байгаа шүү дээ. Манай баг дэлхийн аваргаас анхны медалийг эх орондоо авчрахад тухайн үед шагналын 30 хувийг нь хасаж бодсон. Үлдсэн мөнгийг багийн найман гишүүн хувааж авч таарна. Нэг хүнд хоёр сая 400 мянган төгрөг бодогдсон. Татвараа хасвал хоёр сая хоёр зуун 80 мянган төгрөг л дөө. Багийн спортын найман гишүүн медаль авлаа гэхэд ганц хүний гаргасан амжилттай дүйцүүлж болохгүй. Том жижиг ямар ч тэмцээнд багаараа медальд шалгарлаа гэхэд найман хүний дунд ганцхан медаль өгдөггүй биз дээ. Гэтэл бидэнд өгсөн урашуулал нь нэг хүнийхээр бодсон байгаа юм. Бид гадны тэмцээнд явахдаа зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Зарим нэг нь хөрөнгө бэлтэй хүнийг царайчлана. Энэ шударга байж чадах уу. 

-Та бүхнийг гадны тэмцээнд явахын өмнө улсаас аль хэр дэмждэг вэ?

-Би гурван сар орчим даргын үүд сахисны эцэст 20 сая төгрөгийг гаргуулж чадсан. Тэр мөнгөөр тэмцээний өмнөх бэлтгэл, зардалд нэмэрлэсэн. Энэ дашрамд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл эгчдээ баярласнаа илэрхийлье. Гэхдээ тухайн үеийн тэмцээнд оролцох зардал 94 сая төгрөг болж байсан юм. Түүнчлэн ШУТИС-ийн үе үеийн удирдлагууд биднийг дэмждэг байсан.  

-Монголын аэробикчид хаана бэлтгэл хийдэг вэ?

-Модон шалтай зааланд ихэвчлэн бэлтгэл хийдэг дээ. Тэнд бэлтгэл хийхэд тун хүнд. Бэртэж гэмтэхээс эхлээд зовлон их байна аа. Зориулалтын дэвжээтэй болчихвол манай тамирчид бэртэх нь ядаж багасах болов уу. Үүнийгээ дагаад амжилт нь өсөх сайн талтай. 

-Зориулалтын дэвжээ хэд орчим төгрөгт багтах бол?

-Тээврийн зардлаа оруулаад тооцвол 40-45 сая төгрөг болох байх.

-Өөрөө гарын шавьтай болсон уу?

-Олон улсын хэмжээний мастер 11, спортын мастер 20 гаруй, спортын дэд мастер цолтой 30 орчим хүүхэд миний удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг.

-Та аэробикийн спортоос төрсөн анхны Олон улсын хэмжээний мастер байх аа?

-Тийм ээ. Би 2006 онд энэ цолыг авсан.  

-Манай аэробикчид ганцаарчилсан болон гурвалсан төрөлд амжилт гаргах боломжтой юу?

-Ази хүмүүс багийн спортын төрөлд арай илүү амжилт гаргах боломжтой гэдэг нь судалгааны дүнд батлагдсан юм билээ. Олуулаа нэг зорилгын төлөө санаа нэгдэж, ажиллах чадвараараа Европчуудаас ялгарах боломжтой юм. Азиийнхан, тэр дундаа монгол хүний багаар ажиллах чадвар нь генд нь бий. Үүнийг л сэрээх хэрэгтэй юм шүү дээ. Бидний өвөг дээдсийн дэлхийд ноёрхсон түүх үүнийг гэрчилнэ. Монголын аэробикийн холбоо тэр энэ гэлгүй бүх төрлийг жигд хөгжүүлэхээр ажиллана.

-Өнгөрсөн жил гадны мэргэжилтнүүд манай аэробикчдийн бэлтгэлтэй хоёр удаа танилцаад явсан байх аа?

-Мэргэжилтнүүд ч гэж дээ. Олон улсын сэргээштэй тэмцэх газрын ажилтнууд юм билээ. Манай тамирчдаас сэргээшийн шинжилгээ авсан юм.

-Яагаад?

-Монголчууд аэробикийн спортоор сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж байгаад гадныхан ихэд сонирхож, зарим нэг нь хардах болсон. Манай тамирчдаас сэргээшийн шинжилгээг дахин дахин авсан. Эндээс шинжилгээг аваад газар дээр нь хариуг нь шууд явуулдаг бололтой юм билээ. Хэрэв сэргээшийн шинжилгээ авах үеэр өгөхгүй, эсвэл байхгүй байж таарвал тамирчдыг сэргээшийн шинжилгээ өгөхөөс татгалзсан хэмээн шууд тэмцээнд оролцох эрхийг нь хасдаг. Тэр шинжилгээний хариу аз болоход бидэнд эерэгээр гарсан даа.     

-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан хэдэн удаа оролцсон бэ?

-2010 оны Азийн аваргаас Ч.Золбоо анхны хүрэл медаль, 2012 онд н.Наранхүү, н.Гандөл нар насанд хүрэгчдийн ангилалд хосын төрлөөр хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 12-14 насны ангилалд Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар өсвөрийн хосын төрөлд алтан медаль авсан байдаг.