m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 03:52
107
Урт цагааны жижигхэн өрөөнөөс вант улс болтлоо дэвжсэн бизнесмэн

"MCS" компанийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалын амжилтын түүх

Эрхэм Ж.Оджаргал. MCS хэмээх гадаад үгний товчлол Оджаргал гэх нэр хоёр Монгол хэлний үгсийн санд хоршоо үг байх ёстой мэт ээнэгшжээ. Балчир ахуйдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон хүүд бурхан их баялагийн эзэн байх, манлайлагч байх хувь заяаны бэлгийг өгсөн юм болов уу. Юутай ч тэр өнөөгийн Монголын хүчирхэг бизнесменүүдийн жагсаалтыг манлайлж байна. MCS группийн эгнээнд өдгөө Спирт бал бурам, Тайгер шар айрагны үйлдвэр, Кока Кола ундааны үйлдвэр, Гоёо брэнд, Орчлон сургууль, Анун мебелийн үйлдвэр, Анунгоо, Юнител, Интерпресс хэвлэлийн компани, Шангри ла нэрээр бидэнд танил төв цамхаг, үндэстнүүдийн хувь нийлүүлсэн “Энержи ресурс” групп гээд Монголын хөгжлийн нүүр царайг илтгэх, стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүд харьяалагддаг.

1990-ээд оныхны нэгэн адил тэр хойно сурч байхдаа хоёр улсын хооронд наймаа хийж, заримдаа бусдын юмыг зарж өгсөнийхөө төлөө шан харамж авч бизнес хэмээх их айлд хөл тавьсан байдаг. 1993 онд Урт цагаанд ердөө ганц ширээ сандалтай жижигхэн өрөөнд эхэлж байсан түүний бизнес эдүгээ вант улсын хэмжээнд хүрээгээ тэлж, хөгжсөөр байгаа нь Ж.Оджаргал ноёнтны бизнесийг алтан дүрмээр хийдэг, харилцааны өндөр соёл, ур дүйтэй холбоотой. Хүний амьдрал тэр чигээрээ харилцаан дээр тогтдог гэхэд хилсдэхгүй. Манай гаригийн зартай хөрөнгө оруулагчдын нэг Кэри группийн эзэд, зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий сайдуудын түвшинд л харьцдаг эцэг, хүү Роберт Кок, Боу Кок хоёроор 2.5 сая хүн амтай жижигхэн Монголд олон саяын хөрөнгө оруулалт хийж, Шангри ла зочид буудлын сүлжээг Монголд оруулахыг зөвшөөрүүлж чадсан нь л энэ ноёнтныг төвөггүй тодорхойлно. Том цар хүрээтэй харж, сэтгэж чаддаг бизнесменүүдийн нэгэн адил тэр одоо мөнгөний төлөө бус харин шинэ салбарт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр босгон, Монголын шилдэг залуусыг ажлын байраар хангаж, тэдний инээмсэглэл, итгэл дүүрэн алхах ирээдүйгээс эрчим хүч аван урагшилж байна.

Амжилтын цаана ямар нэг том хүч нуугдаж байдаг. Тэр том хүч Ж.Оджаргалын хувьд онц хэмээх дүн байсан гэмээр. Тэр дунд сургуулиа ч, дээд сургуулиа ч онц дүүргэв. Хэдийгээр амьдралын шаардлагаар наймаа хийж байсан ч хичээлээ, онц сурахаа тэр хэзээ ч орхисонгүй. Тэгээд ч сонгож авсан анги нь түгээмэл бус мэргэжил. Киевийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан схемийн кибернетикийн ангийг дунд сургуулиа онц төгссөний учир өөрийн хүсэлтээр сонгож суралцсан байдаг.

Онц сурдаг нийгмийн идэвх сайтай жаалхүү цаг үргэлж газар шагайн юу ч юм эрж, заримдаа товч олж эмээдээ авчирч өгдөг байсан нь өдгөөгийн бизнесмэн Ж.Оджаргалын амжилтын бас нэг түлхүүр байсан биз. Тэр одоо дэлхийн цартай сэтгэж, хөгжсөн орнуудын жишгээс юу ч юм эрж бэдэрсээр, шилдэг жишээг нь эх орондоо “нутагшуулж”, үндэсний баялагийг үйлдвэрлэж явна. “Иргэн баян бол улс баян” байдагчлан MCS групп татвар төлөлтөөрөө 2000-аад оноос хойш тогтмол эхний гуравт орсоор явааг татварын мэдээ баталдаг. Татвараас зугтдаг, бултдаг нийтлэг дүр төрхөөс их өөр байгаа биз. Ж.Оджаргал 1965 онд Баянхонгор аймгийн төвд Жамбалжамцын таван хүүхдийн дөрөв дэхь нь болж төржээ. Улмаар гэр нь хотод шилжиж ирсэнээр хүүхэд насаа хотын Сансар хороололд өнгөрөөсөн бөгөөд 1973 онд 33-р дунд сургуульд элсэж орлоо. Тэрээр баахан хэнхэгдүү, онц сурдаг, нийгмийн идэвх сайтай жаал байж. Бас хажуугаар нь урлаг, уран сайхнаа орхихгүй. Гитар тоглож, Смоуки хамтлагийн дууг англи хэлээр нь бус сонсголоороо дуулж зуслангийн дуучин гэгдэх болсон хөгжилтэй түүх бий. Харин одоо бол төгөлдөр хуур шимтэн сонирхож, чөлөөт цагаараа хаан хөгжмийн ард суух нь цөөнгүй.

Дунд сургуульдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон ах, дүү тав эмээгийнхээ гар дээр хүмүүжсэн бөгөөд хэдийгээр өөрөө энэ тухай онцгойлон ярьсан удаагүй ч өнөөгийн амжилтынх нь нэг шалтгаан байсан байх талтай. Ерөөс түүхийн шарласан хуудаснаас эргэж харахад санхүүгийн ихэнх аваргууд хүнд хэцүү амьдралаас зөвхөн өөрийн оюун ухааны хүчээр их баялагийн эзэд болсон жишээ тоймгүй олон билээ.

Анхны бизнесийнхээ санааг ажлын талбар дээрээс олж авлаа. Сургуулиа төгсч ирээд Төвийн эрчим хүчний системд ажиллаж байсан залуухан инженер 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцыг босгоход гар бие оролцох завшаан тохиов. Эл төсөл дээр Швейцарийн Элекртоватт компанийнхан зөвлөхөөр ажилласан нь түүнд зөвлөх үйлчилгээ буюу консалтинг сервиз эрхэлбэл зүгээр юм байна гэсэн санаа оруулжээ. Мэдээж 16 жилийн өмнө шинэ тутам зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан Монголд ийм санааг дэмжих хүн тэр бүр байсангүй. Гэвч гурван найзтайгаа хамтран Mongolian consulting service хэмээх үгний товчлол MCS компанийнхаа эхийг тавьсан юм. Тэдний анхны бизнес оргилуун дарсны наймаа. Ингээд төд удалгүй дөрвөн найз зөвшилцсөний үндсэн дээр тус тусын бизнесийг хөөхөөр болж, Ж.Оджаргал найз Бямбадоржтойгоо үлдсэн юм. Тэр цагаас хойш зах зээлээ нарийн мэдэрсэн гадаад худалдаа, тухайлбал албан тасалгааны тавилга худалдааны “Анун”, дэлхийд алдартай Packard Bell, Procter&Gamble-ийн өргөн хэрэглээний гоо сайхны бараа гээд брэнд бүтээгдэхүүнүүдээс гадна их хөрөнгө оруулалт шаардсан үйлдвэр олныг багтаасан бизнес хэмээх нэртэй уран гоёмсог барилгыг тэр босгож чаджээ. Угаас тэр бизнесийг уран барилгатай зүйрлэдэг.

 

Ж.Оджаргал амьдралдаа хамгийн их ашиг олсон наймаагаа тамхины цаас хэмээн онцолдог.1986 онд зуныхаа амралтаар тамхины цаас авчирч зарсан нь 25 нугарч зарагдаж, 30 гаруй мянган төгрөгийн ашиг олсон гэдэг. Энэ мөнгөө хуримаа хийхдээ зарцуулсан бөгөөд хэдийгээр өнөөгийн их бизнесийнх нь анхны хөрөнгө оруулалт байгаагүй ч чухам энэ явдал залуу эрд мэдрэмжтэй сэтгэж чадвал бизнес эрхэлж ашиг олж болно гэдэг зорилго, итгэлийн галыг нь бадрааж өгсөн биз ээ.

Бизнес хийхдээ дэлхийн хөгжлийг Монголд гэсэн зарчмыг тэр баримталдаг. Монгол онцлог, Монгол сэтгэхүй гэдгийг тэр ойшоодоггүй гэсэн үг. Тиймдээ ч баргийн аавын хүүгийн тархинд багтамгүй дэлхийд зартай том зочид буудлын сүлжээг 2.5-хан сая хүн амтай Монголд оруулж ирэхээр зүрхэлж зориглосон байж таарна. Мөн алдарт “толгойг” тойрсон дуулиан дунд эрт сэтгэж Монголын аль л гайгүй үндэсний хөрөнгө оруулагчдыг нэгтгэн “Энержи ресурс “-ийг байгуулан өнөөдрийн бэрхшээлийг үл ажран ирээдүйд ашгаа өгнө, үндэстний баялаг үндэстэндээ үлдэх ёстой гэсэн холын бодол тээн ажиллаж байна. Ази төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Тайгер” шар айрагны үйлдвэрт зориг гарган хөрөнгө оруулахдаа түүнээс олох их ашгаас гадна импортын шар айргийг шахаж, Монголоос гарч буй валютын урсгалыг багасгах холын бодол тээсэн байдаг. Нэгэнт л Монголчууд Тайгерын дайны том үйлдвэр байгуулж чадахгүйгээс хойш нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Ноу-хауг эх орныхоо хөрсөнд нутагшуулж байгаа нь энэ. Кока Кола ундааны үйлдвэр ч мөн адил. Ер нь арга барилаас нь харж байхад ноён Ж.Оджаргал бизнесийг алтан дүрмээр нь хийхдээ зөвхөн мөнгөний төлөө бус ирээдүйд гарах үр дагаварыг нь чухалчилдаг онцлогтой. Компанийн нийгмийн хариуцлага гэх амин чухал асуудлыг ч орхигдуулахгүй. Бусдад хийсэн өглөг, буян буцаж ирэхдээ арвиждаг гэх “Монгол философийг” тэр сайн мэддэг бизнесмэн бололтой. Үндэсний үйлдвэрлэгч, үндэстний баячуудын нэг том давуу тал нь үүнд байдгийг бас мартаж боломгүй.