m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.29 05:55
48
Гал түймрийн долоон дуудлага иржээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдрийн байдлаар объектын гал түймрийн долоо, аврах ажиллагааны хоёр ирсэн байна. Дуудлагын дагуу  харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан аж.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнжид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгсөнөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй хоёр  давхар байшингийн ОО-ын өрөөний ханын хэсэг шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон.

Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:16 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн гал тогооны өрөөний таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраасан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 7Б байрны нэгдүгээр орцонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:47 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргаж унтрааж ажилласан байна.

Баянгол дүүргийн гуравдугаар хороо 42 дугаар байрны наймдугаар орц тавдугаар давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:56 цагт өгснөөр Аврах гал унтраах аравдугаар ангийн  хоёрдугаар тасгийг гаргаж аюулгүй болгосон.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ХААИС-ийн гуравдугаар байрнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 23:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргаж аюулгүй болгосон байна.