m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 03:52
85
Ральф Лорен: Өмсөж байгаа хувцасныхаа 90 хувийг өөрөө хийдэг

Опра: Нүүр гарын алчууртай холбоотой миний нэг синдром байсан юм. Энэ нь юу вэ гэвэл “Их мөнгө олох тусмаа үнэтэй, зөөлөн, хөвсгөр алчуур авах”. Ингээд миний цалин 10.000 ам.доллар болох үед би өөрийн хүссэн нүүр гарын алчуураа авах болсон. Харин миний санаанд нийцсэн, гайхалтай алчуурыг Ральф Лорен л хийсэн байдаг байв. Ральф Лорен бол гайхалтай загвар зохион бүтээгч. Мөн загварын хувцаснаас өөр их олон зүйл зардаг юм.

Түүний эхээс төрсөн нэр Ральф Лифшиц. Тэрбээр өсвөр насандаа байхдаа нэрээ Ральф Лорен болгож өөрчилсөн. Ральф Лорен бага байхдаа мэргэжлийн сагсан бөмбөгч эсвэл аав шигээ уран бүтээлч болохыг хүсдэг байсан гэдэг. Тэрбээр өдгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг бөгөөд хүний л адилаар тархины хорт хавдар тусч, саад бэрхшээлтэй тулгарч байсан юм.

Опра: Таван жилийн өмнө Италийн Капри хотод явж байхад залуус нь бүгд л поло цамц өмссөн байсан. Тэр үед таныг үнэхээр агуу юм гэж бодож байсан шүү?

Лорен: Тэр үед би “Бүх поло цамц надад, энд байгаа нь гайхалтай. Гэхдээ би өөр газруудаар ч бас цамцнуудаа аваачих хэрэгтэй юм байна” гэж бодож байсан. Жаахан хүүхдүүд ч өмсөж болох юм гэж бодсон. Тэгээд тэд “Надад поло цамцны зургаан өнгө бүгд байна” гэж хэлж байгаагаар төсөөлөхөд л миний амьдралын алхам бүр сонирхолтой санагдаж, гайхамшгийг мэдэрдэг байлаа.

Опра: Та тэр гайхамшгийг ойлгосон уу?

Лорен: Нэг талаас, поло тоглогчид үнэхээр эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Нөгөө талаас, тэр цамцнууд гоё өнгөтэй, сайн материалтай, биед эвтэйхэн загвартай.

Опра: Та поло тоглож байсан уу?

Лорен: Үгүй ээ, гэхдээ тоглохыг хүсдэг байсан. Миний хувцас бүгд миний дуртай стиль, загвар байдаг. Эдгээр нь зүгээр л мөрөөдлөө биелүүлэхийн тулд хийсэн зүйлс. Миний хийсэн зангианууд их өргөн байдаг байсан. Зарим үйлчлүүлэгч надад үүнийгээ жаахан нарийсгаач гэж хүсдэг байсан. Гэхдээ би тэдэнд “Үгүй” хэмээн хариулдаг байж билээ.

Опра: Энэ чинь таалагдаж байна шүү. Хэн нэг нь миний нэрийг Сиуси гэдэг нэрээр соль гэвэл би ч бас татгалзах нь гарцаагүй.  

Лорен: Сонирхолтой биш гэж үү? Дараа нь хоёр гурван ч удаа миний хамт ажиллагсад болоод үйлчлүүлэгчдээс ийм санал ирсэн. Би хүлээж авдаггүй байсан. Гэхдээ бүр сүүлд бага зэрэг нарийсгасан.

Опра: Та хүүхэд байхдаа сайхан хувцасладаг байсан уу?

Лорен: Би энгийн л хувцасладаг байсан. Боломж муу байсан учраас ахынхаа хувцсыг өмсөнө. Тэр үед “Би өөрийнхөөрөө хувцасламаар байна” гэж үргэлж гомдоллодог хүү байсан. Бусдын хувцсыг шинжиж “Түүний гутал дээр байгаа эврийг хар даа” гээд л хүүхдүүдтэй ярьдаг байсан. Бас загварыг нь өөрчилж байгаагаар их төсөөлдөг байсан.

Опра: Брүүкс ах дүү...

Лорен: Тиймээ Брүүкс ах дүү надад их тус болсон. Би 24 настай байхаасаа тэдэнтэй хамт ажилласан. Нэг бизнес эрхлэгч надад 50 мянган ам.доллар зээлдсэнээр бид хувцас хийн, зарж эхэлсэн.  

Опра: Өдгөө, олон жилийн дараа та загваруудынхаа цуглуулгыг хэрхэн гаргадаг болсон бэ?

Лорен: Надад өөрийн гэсэн мэдрэмж байдаг. Би өөрийнхөөрөө л байх дуртай. Нэг удаа би их хүнд байдалд орж байсан. Тэгээд аав руугаа залгаад бүх зүйлийг ярьсан. Тэр үед их санаа зовмоор байсан шүү. Гэхдээ тэд надад тусалсан. Тэгээд л дахин бизнестээ эргэн орсон доо.

Опра: Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн бэ. Тэд материаллаг зүйлийг илүүд үздэг болох магадлалтай байсан уу?

Лорен: Эхнэр бид хоёрт ямар ч дүрэм байхгүй. Тэр минь уламжлалаа дагах хандлагатай. Хэдэн жилийн өмнө сурч, эмч болсон л доо. Бид их азтай хүмүүс гэж би боддог юм. Хүүхдүүд минь биднийг аль алиныг нь сайн ойлгодог, бас хүндэлдэг. Тэд бусдын л адил амьдралд юу чухал болохыг мэддэг. Бид баян, эсвэл ядуу юм шиг амьдардаггүй. Энгийн л амьдардаг даа.

Опра: Та зөвхөн өөрийнхөө хийсэн хувцсыг өмдөг үү?

Лорен: Үгүй. Би зөвхөн өөрийнхөө хийхийг хүссэн, өөрт минь таалагдаж байгаа хувцсыг урладаг. Харин өмсөж байгаа хувцасныхаа 90 хувийг нь л өөрөө хийсэн байгаа байх. Хийсэн хувцас минь эргээд өөрт минь таалагдахгүй байх юм бол би сэтгэлзүйн хувьд томоохон уналтад орох биз.

Опра: Тэгвэл таны гэр бүлийнхэн тань зөвхөн таны хийсэн хувцсыг өмсдөг үү?

Лорен: Тэд миний хийсэн хувцсыг өмсдөг. Гэхдээ энэ дүрэм биш. Зүгээр л тэд өмсөх дуртай. Охин маань багадаа дэлгүүрээр яваад гар хоосон ирдэг байв. Тэр ноолууран хувцас авахыг хүссэн ч хэтэрхий үнэтэй санагддаг гэдэг байсан.

Опра: Та бүтээгдэхүүн бүрээ өөрийн гараар хийдэг үү?

Лорен: Тэгэлгүй яахав.

Опра: Миний өмссөн байгаа улаан гутлыг ч гэсэн та гараараа хийсэн гэж үү?

Лорен: Тийм ээ. Гэхдээ миний ард бүхэл бүтэн баг  байдаг. Тиймээс бүх санаа минийх биш. Тэд ч бас надад тусалдаг.

Опра: Таны хувьд юу хамгийн чухал вэ?

Лорен: Сайн сайхныг мэдрэх. Бас зав чөлөөгүй их ажилтай байх. Хүмүүс эрүүл мэнддээ анхаараарай гэдэг. Тэрэнд нь бас талархдаг юм. Залуудаа ийм зөвлөгөөг сонсоод инээдэг байсан. Эмнэлэгт байх ямар гэдгийг мэдсэнээсээ хойш инээхээ больж, талархдаг болсон шүү.

Опра: Та тархины хавдар тусч байсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн үү?

Лорен: Тиймээ энэ бол амьдралын минь хамгийн аймшигтай тохиолдлуудын нэг байсан. Нэг л өдөр эмчээсээ хагалгаанд орох хэрэгтэй гэсэн үг сонсож билээ. Тэгэхэд би дөчин настай байсан. Тэр үед “Энэ тэгээд хаанаас гараад ирдэг байна аа” гэж бодож байсан шүү. Энэ үе л хамгийн аймаар байсан. Би хавдараа эмчлүүлсний дараа л хүүхдүүд, эхнэр, найз нөхөддөө энэ тухай хэлсэн.

Опра: Яаж тэр вэ?

Лорен: Намайг эмнэлэгт хэвтэхэд тэнд байсан эмч “Хорт хавдараас хүн бүхэн маш их айдаг. Тийм болохоор хэнд ч хэлэхгүй байх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Тэгээд эмчилгээ сайн болж бүх зүйл сайхан болсон.

Опра: Үүний дараа таны бодол санаа яаж өөрчлөгдсөн бэ?

Лорен: Компанийнхаа дэргэд хорт хавдараас урьдчилан сэргийлэх, эмчлэх төв байгуулсан шүү. Бас нэг хөхний хорт хавдартай эмэгтэйд туслах хандивын аян өрнүүлж, эмчилгээний зардал цуглуулж өгч байсан.

Опра: Гайхалтай.

Лорен: Тийм ээ. Бид баян ч бай, ядуу ч бай бүгд адилхан байдаг.

Опра: Би үзэгчидтэйгээ холбоотой байдаг шиг та ч бас үйлчлүүлэгчидтэйгээ холбоотой байдаг байх тийм үү?

Лорен: Тийм ээ. Би нэг зүйлийг дандаа хийдэг. Барааны агуулах руугаа ороод хувцаснуудаа хараад “Сайхан харагдаж байна. Би үүнийг худалдаж авахыг хүсч байна” гэж хэлдэг. Бас дэлгүүрийн үзүүлэнг ихэд анхаардаг. Үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирсэн даруйдаа л сайн сайхан, гайхалтай зүйлсийг харж байх хэрэгтэй. Би тэдэнд юу хэрэгтэй байгааг мэдэхийг хичээдэг.

Опра: Та эд хөрөнгө гэдэг зүйлийг мэдэрч чадаж байна уу?

Лорен: Нэг удаа Донна Карантай ярилцаж байхад тэр “Ральф, би одоо ч баян гэсэн мэдрэмжийг мэдрэхгүй байна” гэсэн.

Опра: Та ч гэсэн ингэж мэдэрч байна уу?

Лорен: Хүмүүс баян гэж өөр нүдээр харахад би дурамжхан байдаг. Зарим хүний “Та бол баян. Тийм болохоор танд ямар ч асуудал байхгүй” гэдэг үг намайг нийгмээс тусгаарлах шиг болдог.

Опра: Та 26 настай байхдаа “Би үргэлж бусдаас өөр байхыг хүснэ гэж хэлж байсан”?

Лорен: Одоо ч хэвээрээ.

Опра: Та их сургуулиа дүүргэсэн үү?

Лорен: Үгүй ээ.

Опра: Танд хийхээр төлөвлөсөн өөр зүйл байсан уу?

Лорен: Сургууль надад ямар нэгэн гайхалтай зүйлийг өгнө гэж бодохгүй байсан. Би сэтгэл судлалын хичээлд онц дүн авч, харин эдийн засгийн хичээлд муу дүн авдаг байсан.

Опра: Одоо та Ральф Лорен.

Лорен: Хаалгачаас эхлээд хамтран ажилладаг бүх хүнтэй ярилцах дуртай. Би амьдралын бодит нэг хэсэг байхыг хүсдэг. Бас мөрөөдөх дуртай, бүхий л сайн сайханд дуртай. Би сайхан газар уригдах дуртай. Очих нь гол нь биш. Урьсанд нь л талархдаг. Бас гамбургер идэж, кино үзэх дуртай.

Опра: Таныг багадаа сагсан бөмбөгт дуртай байсан гэж сонссон. Загвар зохиох нь үүнийг дийлсэн байна тийм үү?

Лорен: Би бага байхдаа их олон зүйлд дуртай байсан. Сагсан бөмбөг, сургуулийн спорт танхимаас ч том байшин гээд л... Гэхдээ хүссэн бүхэн минь олдоогүй учраас би аавдаа мөнгө олоход нь л тусалдаг байсан. Энэ нь намайг гайхалтай хүн болгосон. Тэгээд олсон мөнгөөрөө дуртай зүйлээ худалдаж авахын сайхныг мэдэрсэн. Би аливаа зүйлийг үнэ цэнэтэй байлгах дуртай.  

Опра: Та цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Лорен: Би өөрчлөлтөд дуртай. Загварын шоу олныг хийнэ. Мөнгө олох гэж биш, таашаал авахын тулд. Би зангианы бизнесээр олон тэрбум ам.доллар олсон. Өөр юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асууж байна. Би хийж бүтээхийг зорьж байна. Амьдралын аз жаргал бол “Миний хийсэн бүхэн минийх”.

Г.Төгөлдөр