m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.30 11:07
167
Цуврал №2 Ард түмнээрээ хэлэлцэж Монгол үндэсний бөхөө аварцгаая !

МҮБХ яагаад ийм олон асуудлууд гарч ирээд байхад чимээгүй байна. Эсвэл энэ хүмүүст хамаагүй юм болов уу.. Монгол улсын түүхэн өв соёлыг хамгаалж буй төрийн бус байгууллагад хариуцлага тооцох хууль дүрэм журам байдаггүй юм болов уу.. МҮБХ тайлангаа хаана тайлагнадаг, хэн хяналт тавьдаг юм бол.. МҮБХ-ны тэргүүн, удирдлагад хэн хариуцлага тооцох вэ.. Аль эсвэл эрх ашгийн төлөө хувийн хэвшил өөрөө засаглалаа тогтоодог байгууллага уу..

....... Өндөр цолны төлөө тэмцэж яваа үнэн хүчит залуус минь аз, од тань харьж мөнхийн нэг цолтойгоо үлдэхвий дээ. Харин цол олгоогүй Ховд, Баянхонгорын даншиг наадам овоо нэг юм бөх сонирхогчдийн сэтгэлийг баясгалаа. Гэвч Ховдын наадамд түрүүлсэн О.Хангайд "Хурц” хэмээх чимэг нэмж сюрприз барилаа. Иймэрхүү зүйл бүүр улаан цагаандаа гарчээ. Ноднин жилийн наадам, түүнээс хойш энэ жилийн наадам хүртэл хичнээн юм болов. Бяр хүчээр дийлэхгүй болохоор өшиглөөд, цохиод, сүүлдээ бүүр заналхийлээд, дарамтлаад барилдаж болдог гэдэг энэ ойлголтыг хэзээ халах вэ. Төрийн тэргүүн шударга сайхан наадаж, эр бяраараа даваа ахисан бөхчүүдэд зарлиг гарган цол олгодог. Тэгвэл шударга бус үйлдэл гаргаж, түмэн олны нүдэн дээр монгол бөхийн дэвжээг “бузар”-ласан үл бүтэх нөхдөөс зарлиг гаргаад цолоо буцааж авч болдоггүй юм болов уу Ерөнхийлөгчөө. Ерөнхийлөгч нь өршөөгөөд л, Бөхийн холбоо үл ойшоогоод өнгөрлөө гэхэд энэ муухай зүйлс дархлаа болоод тогтох вий гэхээс аймаар санагдана. “Гарьд магнай” гэж уран сайхны кинон дээр ааг омогтой, жудгаар тааруу, залуу халаадаа халгаатай Цагаан Жигмидэд “Молиго” Очир хэрхэн сануулга өгч байсныг Монгол орон даяараа цээжээр шахуу мэднэ дээ. “Залуу бөхчүүдэд дээрэнгүй хандаж, шанаа өгдөг гарьдыг амлаж аваад барилдаж үзье. Улсын арсланг цохидог бөх аваргын өөдөөс хэрхэн далайхыг нь харъя” гэх л байх. Зүлэг ногоон дэвжээндээ “цээжинд нь цус амтагдтал” далаар нь хаях л байлгүй яав гэж. Ер нь Монгол бөхийн ёс зүй ихээхэн доройтож, элдэв хэл ам, хэрэг төвгийг ердийн үзэгдэл шиг үйлддэг болсон гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Улсын цолтой бөхчүүд хүчин, танхай, зодоон, дээрэм, хар тамхины хэрэгт холбогдож Монгол бөхийн нэр хүндэд хар тамга дарсаар байгаа нь бодит үнэн.

 

 

Ийм ч учраас ёс заншил, эрэмбэ жудгаа хамгийн их дээдлэх учиртай, Монгол бөхийн нэр хүндийг өөд татахын төлөө, бусармаг бүхэнтэй хэрхэн тэмцэж байгаагаа Монголын бөхийн холбоо ард түмэндээ тайлагнах цаг ирсэн санагдана. Чухам яагаад ийм зүйлтэй эвлэрээд суугаад байгаагаа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж та тайлбарлах цаг болсон болов уу? МҮБХ байгуулагдсан цагаас эхлээд таны хийсэн бүтээсэн бүхнийг бүгд мэднэ, бараг цээжээр мэддэг болсон гэхэд буруудахгүй байх. Гэвч та Бөхийн өргөө байгуулсан, малгайны залаа, зэрэг дэвтэй болгосон гэж хэдэн жил ярих вэ? Жилдээ ганц цол олгодог наадмаар бүгд л цол авах, ахиулахыг хүснэ. Ялангуяа залуу бөхчүүд. Гэтэл энэхүү хүслийг нь мөнгөний эх үүсвэр, бизнес болгох гэсэн бүхэл бүтэн бүлэг ажилладаг болсоныг таслан зогсоох цаг болоогүй юу? Бөхөөр бизнес хийхийн тулд Японы сүмо шиг нэр цэвэр, үнэ цэнэтэй авч явах нь зүйн хэрэг байх. Тэгээд ч Монгол бөхийн хөгжилд допингоос илүү аюул заналхийлж буй нь ёс жудгийг дээшлүүлэх тал дээр даацтай “мэх”, хатуу “гар” үгүйлэгдээд байна. Ардчиллын өнгө тунарсан энэ цаг үед Монголын бөхийн холбоонд бас шинэчлэлийн хур буулгаж орхивол яасан юм бол!!!

 

 

Ноднин ССАЖЯ-нд Х.Баянмөнх тэргүүтэй аваргууд очиж уулзалт хийсэн санагдана. Монгол бөхийг элдэв шударга бус зүйлээс салгаж, цэвэр ариун ёс жудагтай байлгах үүднээс эрх зүйн шинэтгэл хийж хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн шаардагдаж буй хуулийг боловсруулж батлах зэрэг асуудлыг хөндөн, “Монгол Бөх” чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон байсан. Уг чуулганаар дараах асуудлуудыг голлон хэлэлцэхээр урьдчилан тохиролцжээ.

 

- Соёлын өв уламжлалаа үндэсний бөхдөө хэрхэн, яаж авч үлдэх/ цол хэргэм олгох г.м/

 

- Монгол бөхийн спортын байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт

 

- Шударга барилдаан нь аялал жуулчлалын хамгийн үнэт үзвэр, бүтээгдэхүүн мөн гэсэн гурван дэд  сэдвийн дор хэлэлцүүлэг хийж, салбар хуралдаан зохион байгуулж  болох талаар санал гарсан байсан. Энэхүү санал санаачлагыг одоо л хэрэгжүүлэхгүй бол “Үндэсний бөх” уланд гишгэгдэхэд ойрхон байна.

 

 

Үзэгч түмэн, бөхдөө хайртай Монгол түмэн та нарыг хүндлэхээ боливол та нар хэн ч биш шүү бөхчүүдээ !!!

МҮБХ болон бөхчүүд та нар өөрсдөө зүлэг ногоон дэвжээгээ үл хайрлаваас та нарыг хэн ч хүндлэхгүй бөлгөө.

Бөхчүүдийн энэ их улайран тэмцэх, муу муухай бүхэн юунаас эхэлсэн юм бол. Үүнд хариулт хайгаад үзье. Аливаа зүйлс гэнэт гараад ирэхгүй нь ойлгомжтой.

1. Улсын наадмаар ганцхан удаа цол олгодог

2. Бүтэн жил хүсэн хүлээгээд барилдсан наадамдаа үнэн хүчээ үзэх боломж хомс

3. Ахмад буюу өндөр цолтой бөхчүүд шударга барилдах боломжийг нь хаадаг

4. Дүрмийн буруу өөрчлөлтүүд (барьц сонгох)

5. Мэргэжлийн түвшинд хөгжөөгүй учраас бөхчүүд наадмыг мөнгө олох хэрэгсэл болгодог

6. Мэргэжлийн сүмогийн холбоо шиг амьдралын баталгааг нь бүрэн хангаж чаддаггүй

7. Сургалт семинар бараг явуулдаггүй

8. МҮБХ бөхчүүдээ бүрэн захирч чаддаггүй

9. МҮБХ өөрөө хаалттай засаглалтай

10. Аливаа шинэчлэлийг хийх сонирхолтой бүхнийг хясан хавчдаг

11. Бөхчүүдийн амжилтийг буруу үнэлдэг

12. Уламжлалыг өвлүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлдэггүй гэх мэтчилэн цуварч өгнө.

 

 

Үнэндээ үндэсний бөх урсгалаараа явж байгаа. МҮБХ гэж байгууллага байдаг ч тэр нь ямар ч нөлөө байдаггүй билээ. Тэдний хийж байгаа ажил нь монгол бөхийн хөгжлийг хойш нь л татах. Эхнээс нь эхлэе. Жилдээ ганцхан болдог Үндэсний их баяр наадмаар цол олгодог байдал нь уламжлал билээ. Харин өнөөгийн ийм ороо бусгаа нөхцөлд тэр нь бизнесийн талбар болчихоод байгаа. Цол авахыг хүссэн бөхчүүд нэг бол мөнгө өгнө, нэг бол үнэн хүчээр бүгдийг нь газар савахаас өөр замгүй. Ах дүү, амраг садан сайтай нь гуравдахь сувгаар цол авна. Ахмад бөхчүүд нь арай бага үнээр гурав давуулна, тавын даваанд гараад ирвэл амжилт үзүүлэх боломжгүй өндөр цолтонууд цол зарна. Үүний нэг учир бол Монгол бөхөд амжилт нь ахихаа байсан, заал танхимд барилдахаа байсан, зодог тайлсан ч юм шиг, тайлаагүй ч юм шиг нөхдүүд улсын баяр наадмаар зодоглож залуу бөхчүүдэд саад болдог явдал. Үндэсний бөх одоохондоо сонирхогчийн түвшинд байгаа учраас хэн дуртай улсын цолтон нь барилдаж залуу бөхчүүдийн замд саад болдог явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Бүтэн жил хөлсөө гарган, бэлтгэл хийн цол авахыг хүссэн залуу бөхчүүд үүнд хэлмэгддэг. Ялангуяа улсын цолтон багатай Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн залуу хүчтэнүүд үүнд өртөнө. Бөх сайтай, хөрөнгө оруулалт ихтэй аймгийнх байлаа ч мөнгөгүй бол “ТА ӨӨРӨӨ ЧАДЛААРАА ЦОЛОО АВ” гэсэн зарчим үйлчилдэг. Энэ шударга явдал мөн гэж үү. Энэ жилийн гурвын давааны дүйзийг хараад л уншигч та үүнийг ойлгох бизээ. Азтай бас мөнгөтэй, эсвэл ивээн тэтгэгчтэй нь дээгүүр жаална. Бусад нь наадмын талбайд барайгаад хоцроно. Бадмаанямбуугийн Бат Эрдэнэ аварга шиг тасархай хүчтэн биш л бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Улсын наадамд 1955 онд 256 бөх сугалаагаар барилдуулж, мөн жараад онд ахмад бөхчүүдийг тусад нь барилдуулсан шиг зүйлийг МҮБХ одоо болтол яагаад санаачлахгүй байгаа юм бэ? Мөн заал танхимын барилдаанд барилддаггүй бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй байж болох мэт. Уржнан шилдэг 128 бөх барилдахад өндөр цолтой бөхчүүд яаж булайгаа чирлээ. Аймгийн цолтой бөхчүүдэд бүгд унаад.  Байдал ийм байхад чансааг нь харгалзаж цол олгож болмоор санагдана. Эсвэл сүмо шиг бөхчүүдийн зөвлөл байгуулж цол олгох талаар хэлэлцэж болох мэт.

 

 

Үнэн хүчээ үзэх боломж бага болохоор тэмцэл зөрчил маш их болжээ.

Мөн үндэсний бөхөд МҮБХ-ноос гаргаж ирсэн "барьц сонгох" гэдэг балайрлыг таслан зогсоохгүй бол үнэн хүчийг үзэн барилдах ёстой бөхчүүд “үнэн аз”-ыг үзэх гээд зогсох болж. Уран мэхийг уралдуулан гэж цоллодог байсан бол одоо “удаан барилдахыг гайхуулан” гэж цоллохоор болжээ. Үүнийгээ дагаад мэх сурахын оронд уураг ууж жин нэмэхээ эрхэмлэх болсон байна. Даанч харамсмаар.......... Уран барилдааны гайхамшиг болсон Бадамсэрээжид арслан, Бээжин аварга, Д.Цэрэнтогтох аваргын гайхалтай үзүүштэй барилдаанууд тэдэнтэйгээ хамт сөнөх гэж үү!! Хамгийн ойрын жишээ "зургаан залуу заан" яаж барилддаг байлаа даа ..

 

Үргэлжлэл бий................