m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:12
174
Алла Пугачёва: Хит дуунуудаа халамцуу үедээ зохиосон байдаг

Дэлхийд ОХУ-ын нэрийг цуурайтуулсан дуучин Алла Пугачёва өдгөө 65 настай. Тэрбээр ELLE сэтгүүлийн уншигчдад зориулан өөрийн амьдралын тухай дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Уран бүтээл, илүүдэл жин, стресс болон эрчүүдийн тухай гээд сонирхолтой сэдвээр илэн далангүй ярилцлага өгснийг та бүхэнд хүргэе.

Энэ долоо хоногт түүний 65 насны ой болсон билээ. Тэрээр ярилцлага байтугай сэтгүүлчидтэй олонтой уулзаад байдаггүй бөгөөд  ярилцлага өгөх нь хүртэл ховор. Анх манай ELLE сэтгүүлч Елена Сотникова 1998 онд анх удаа ярилцлага нийтэлж байсан удаатай юм. Түүнээс хойш даруй 16 жил өнгөрсөн бөгөөд түүний үзэл бодол хэр өөрчлөгдсөнийг сонирхоё.

 

 

Та багадаа ямар охин байсан бэ?

- Багадаа би их анхаарлын төвд өртдөг хүүхэд байсан. Намайг бүгд л сайн дуулдаг, мундаг хөгжим тоглодог гээд үргэлж л магтана. Тэгээд миний зургийг авах үед би их дургүй байснаа одоо хэр санадаг юм. Ер нь би багаасаа өөрийн ертөнцөд өсөж торнисон гэж хэлж болно. Энэ ертөнц маань мэдээж дуу хөгжимтэй салшүй холбоотой байсан. Би хангалуун сайхан гэр бүлд өсөж торнисон. Эцэг эх маань зун болхоор шинэ зуслангийн байр түрээсэлдэг. Тэнд бид зунжингаа байдаг байсан. Хүүхдүүд гадаа тоглож байхад би хөгжмийн хичээлээ давтаад суучихна. Би ер нь их хаалттай хүүхэд байсан л даа. Миний сонирхдог зүйл зөвхөн хөгжим, төгөлдөр хуур хоёр л байсан.  Тийм учраас би бүжгийн дугуйлан болон спортоор хичээллэж байгаагүй ээ. Волейбол, сагсан бөмбөгт огт авьяасгүй нэгэн.

Та тэр бүр ярилцлага өгдөггүй. Яагаад тэр вэ?

- Ярилцлага өгөх дургүй шалтгаан бол сэтгүүлч зөвхөн түүнд хэрэгтэй олонд таалагдах зүйлийг л бичих сонирхолтой байдаг. Тийм учраас сонирхож байгаа зүйлийг нь зохиох өөрөөрөө биш байх шаардлага гардаг. Ер нь энэ их гунигтай л даа. Миний ярихыг хүссэн зүйл сэтгүүлчийн байр суурнаас сонирхолгүй байдаг. Сэтгүүлчдийн сонирхож байгаа зүйлийг зохиогоод ярьж болно. Зохиохгүй гэхэд тэд өөрсдөө зохиочихдог.

Тань руу дайрсан доромжилсон мэдээлэл ирдэг байх. Та тийм зүйлд  хэрхэн ханддаг вэ?

- Хүмүүс аль хэдийн намайг доромжлох зүйл байхгүйг ойлгосон. Ер нь тэгээд яах ч юм билээ. Хэрэв би ямар нэгэн буруу зүйл хийсэн аваас би үүгээрээ өөрөө өөөрийгөө л доромжилсон хэрэг болно. Надад тийм алдаа гаргасан тохиолдол байхгүй ч бүх хүн л нүгэлтнүүд шүү дээ.

Таны тухай бичсэн нийтлэл таныг өөрчилсөн үү?

- Анх урлагт орж байхад би их эмзэг байсан. Миний талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад их эмзэглэдэг байсан нь үнэн. Өөрийгөө хамгаалахын тулд би хамгаалалтын баг зүүж өөрийгөө хариу цохилт хийх чадвартай  түрэмгий, дайчин эмэгтэй болгосон. Энэ нь эрүүл мэндэд хортой байсан юм. Тийм учраас би одоо эрүүл мэндээ л боддог болсон.

Уран бүтээлч хүнд онгод гэж байдаг. Таны хувьд онгодоо хэдийд мэдэрдэг вэ?

- Би 30-36 насандаа их уух дуртай байсан. Арга ч үгүй шүү дээ. Нийгэм тийм  байсан шүү дээ. Тухайн үеийн бүх хүмүүс л архи хэтрүүлэн хэрэглэх дуртай байсан. Бид өдөр болгон шахуу ширээ тойрон сууж баяр тэмдэглэдэг байсан. Манайх хэрэгтэй, хэрэггүй хүмүүсээр дүүрэн байдаг байж билээ.

- Би халамцуу болсон үедээ маш авьяастай болчдог. Миний хит болсон ихэнхи дууны үг, ая, санаа найрны дараа зочдыг явсаны ард үед  зохиосон байдаг. Би төгөлдөр хуурынхаа ард суугаад хэдэн ая дарж харин дараа нь бичиж өглөө нь авьяаслаг найз нарыхнаа хамт ярилцаж  бүтээлүүдээ амилуулдаг байсан юм. Би тухайн өдрүүдийг их сайн санаж байна. Бид цаг хэд болж байгааг ч үл анзааран шөнжингөө сууж хөгжмийн талаар ярилцдаг байж билээ. Энэ миний хамгийн сонирхолтой үдэш байсан.

Бүсгүйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэх болжээ. Энэ талаарх таны бодлыг сонирхож болох уу?

- Би гоо сайхны мэс засалд тайван ханддаг. Миний хувьд энэ нь яг л аэробикт явах  болон хиймэл хумс хийлгэхтэй адил хэвийн зүйл гэж үздэг. Би Брижит Бардод их хайртай л даа. Тэр миний хувьд амьд шүтээн. Түүний урлагаас холдож өөрийгөө зөвхөн хөөрхөн эмэгтэй биш гэдгээ нотолсон байдал нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрээр одоо хэр нь сайхан бас хангалуун юугаар ч дутахгүй амьдарч байгаа. Харин бидний хувьд нөхцөл байдал өөр л дөө.  Манай улсын урлагийн салбарын хүмүүс эцсийн мөч хүртлээ хөдөлмөрлөх шаардлагтай байдаг. Нэг талаас энэ буруу ч нөгөө талаас үүнд л орос эмэгтэйн эр зориг оршиж байдаг гэж боддог.

Тарган харагдахгүй тулд хүүхнүүд их хичээдэг?

- Тарган хүүхний талаар бол ер нь  бариун хувцастай ч бай, чөлөөт хувцас өмссөн ч бай яг адилхан тарган л харагдана.

Таньд олон захидал ирдэг гэж дуулсан юм байна. Хариу бичдэг үү, та?

- Та “Москва хот, Алла Пугачевад” гэсэн бичигтэй дугтуйг над руу явуулж болно. Иймэрхүү бичигтэй захидлууд хаяа надад ирдэг. Ямар ч захидал байсан тухайн зүйлд хүний амьдралын түүх шингэсэн байдаг. Хамгийн хэцүү нь тухайн захидлын эзэд намайг өөртөө тусалж чадна гэдэгт итгэж байдаг нь хэцүү.

Та эрэгтэй найз олонтой хүн. Яагаад тэр вэ?

- Би ер нь эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд хүсдэг. Яагаад? Энэ асуултыг та эмэгтэйчүүдээс асуух хэрэгтэй байх. Тэд надтай найзлах дургүй. Харин нөхөрлөсөн тохиолдолд урт бөгөөд баттай нөхөрлөл үүсдэг. Би нөхөрлөлдөө их үнэнч хүн бөгөөд үүнийг их үнэ цэнтэй гэж боддог.