m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 06:39
81
Анхны атар газар эзэмшигчид баярын уулзалт хийлээ

Тэртээ 1959 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр морин дэлэн дээр хийсэж явсан монгол залуучууд шинэ техник технологи эзэмшин атар газрыг эзэмшихээр явж байсан түүхтэй. Мал маллах ухаанаас өөр зүйл мэдэхгүй ч монгол хүний авьяас чадварыг харуулж ЗХУ-ын агрономичдод “Монгол хүн ямар мундаг юм бэ” магтуулж явсан   тэр хүмүүс өөрсдийн хийж бүтээсэн зүйлээ эргэн санаж сэтгэлийн үгээ ярилцахаар өнөөдөр уулзлаа. Түүхт 55 жилийн ойн баярыг МАН-ынхан зохион байгуулж хүлээн авч уулзсан юм. Атар газар эзэмшигч 71-94 насны  50 гаруй ахмад тариаланчид өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн иржээ. Тэд өнөөдөр залуу халуун насаа дурсаж,  газар тариалангийн  өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага ямар байх талаар өөрсдийн бодлыг хэлэлцлээ.

Тус баярын хуралд МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

“Монголд өрнөсөн атрын аяны анхны шанг таталцаж явсан ахмад тариаланчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Бид та бүхний атар эзэмшихэд оруулсан гавьяа, хичээл зүтгэлээр үргэлж бахархдаг. Газар тариалангийн техник технологитой болох, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, удирдахуйн арга барилыг хөгжүүлэхэх зэрэг олон асуудлыг шийдэхэд та бүхэн минь залуу халуун насаа зориулсан. Өнөөдөр та бүхэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, сургаал үгийг тань сонсож, намынхаа цаашдын бодлогод тусгах болно” гэв.

Ахмадын хамгийн сэтгэл өндөр байсан зүйл нь 1990 оноос хойш уналтанд ороод байсан газар тариаланг сэргээж атрын гуравдугаар аяныг эхлүүлснийг нүдээ олсон хэрэг хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин харьяалагдах яам, төр засгийнхан хүлээж авч уулзаагүйд тэд сэтгэл дундуур байсан гэдгээ нуулгүй хэлж  байсан юм. Хуралд оролцогч ахмадууд  өөрсдийн үгийг хэлцгээж байлаа.

Дарханы сангийн аж ахуйн анхны дарга  А.Бадарчин

55 жилийн өмнө Улаанбаатар хотоос атрын зүг хөдөлж байсан түүхтэй. Тэр үеийн атарчид анхны уулзалтаа өнөөдөр хийцгээж байна. Бид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан бол атрын аянаас хойш гурилтай, хүнсний ногоотой, жимстэй болж чадсан.  Бид өөрсдийн бүтээсэн түүхээрээ бахархах хэрэгтэй.  Бидний үед төлөвлөгөөт эдийн засгийн үед бүх юм дээрээс зааж зөвлөсний дагуу хийж гүйцэтгэдэг байлаа. Одоо хувийн өмчийн үндсэн дээр үндэслэн газар тариалан эрхлэх болжээ. Техник, технологи их өөрчлөгдсөн байна. Үр тариа тарина гэдэг нэг ёсны урлаг юм шүү дээ. 

Дарханы сангийн аж ахуйн агрономич Ж. Батдэлэг

Сүүлийн үед тосны ургамал их тариалдаг болсон байна. Улаанбуудайн үнэ бага учраас ашгаа бодож тосны ургамал тарьж байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулж өгөх шаардлагатай байна. Энэ ургамал нь хоёр дахин газрын хөрсний үржил шимийг алдагдуулдаг. Ийм байдлаар явбал хэдэн жилийн дараа ургац авахгүй байдалд хүрэх аюултай.

Баянцогт сангийн аж ахуй Ахмад тариаланч Н.Дашзэвэг

Тэтгэвэрт гартлаа сангийн аж ахуйд нярав, нягтлан, хорооны даргын албыг хашиж байлаа. Тэтгэвэрт гарсан хойноо ч атрын гуравдугаар аянд гар бие оролцож байсан. Бидний үеийнхэнтэй харьцуулахад муу байна гэж хэлж болно. Хамгийн гол нь энэ газар тариаланг сонирхдог хүүхэд залуучууд цөөрч байна. Бидний үед илгээлтийн эзэд гэж хүүхдүүд байсан. Тэр газар ажиллаж байж л газар тариалангийн үнэ цэнийг мэдрэх болно.  Энэ олон ажилгүй залуучуудыг илгээлтийн  эздээр  явуулдаг байгаасай гэж их хүсдэг.