m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.31 07:39
201
Монголчуудын шагнал ба үндэсний баялаг

 

Морин жилнээ тохисон монгол түмний Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн түрүү бөхөөр Н.Батсуурь шалгарч наадамчин олноо баясгасан. Түүнд наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөг, Японы Тоёота компаниас “Ланд крузер-200” маркийн автомашинаас гадна “Sunshine Village” хотхонд зургаан өрөө байр, нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр өгсөн юм. Бөхөө шүтдэг монгол түмэн наадмын түрүү бөхдөө гар татахгүй, шагналын хур буулгасан нь сайхан хэрэг. Улсын наадмын түрүү бөх Н.Батсууриас гадна үзүүрлэсэн бөх болон шинэ цолтнууд нутаг нуга, сум орноосоо энэ хэрийн бэлэг сэлт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт харцага цол хүртсэн нутгийн бөхөө "Ланд -200" маркын машинаар мялаасан. Олон түүхэн ой тохиосон энэ жил хаа сайгүй бөх барилдуулан, морь уралдуулан бай шагналаар дарж орхив. Наад зах нь нутгийн ард нь адуу мал, хонь хургаар мялаасан бол цаашлаад мөнгөн шагнал, жийп машин, тансаг зэрэглэлийн байр сууц гээд шагналын жагсаал хөвөрсөн нь дамжиггүй.

Харин түүхт олон ой давхцсан морин жил монгол түмэн цэнгэж байх зуур хүүхэд багачууд маань дэлхийн дэвжээнд бахдам амжилт үзүүлээд ирсэн. Шатрын спортоор Азийн аварга болсон зургаан настай Б.Энхлэн охин, мөн “Дэлхийн гэр бүл” олон улсын шатарчдын анхдугаар тэмцээнд Ц.Ашид тэргүүн байр эзэлж, дэлхийн аварга болж байсан Е.Төгстөмөр мөнгөн медалийн эзэн болсон. Тэгвэл A.Энхтуул их мастерын болзол биелүүлэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгав. Дэлхий хөлбөмбөгөөр амьсгалж байх зуур “Дэрэн FC” клубын хүүхдүүд, дэлхийн дэвжээнээс хошой хүрэл медаль зүүн, энэ сарын 3-13-нд Өмнөд Африк улсад болсон Олон улсын математикийн олимпиадад оролцсон зургаан сурагчийн тав нь хүрэл медаль авч, нэг нь шагналт байрт шалгарсан. Энэ амжилтын буухиаг Олон улсын физикийн олимпиадад оролцсон хүүхдүүд үргэлжлүүлэн хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авчирсан. Гэвч тэдний энэ амжилтыг хэн ч үл тоожээ.

Олон улсын чансаатай олимпиад учраас багш нь хөөцөлдөж байж улсаас онгоцны зардал болох 1.8 сая төгрөг гаргуулсан.

 

Олон улсын физикийн олимпиадад оролцсон монголын сурагчдаас хамгийн өндөр оноо авсан I сургуулийн сурагч Б.Бат-Амгалангийн эгч Д.Отгонцэцэгтэй ярилцсан юм.

 

 

-Олон улсын олимпиадад Б.Бат-Амгалан ямар амжилт үзүүлсэн бэ?
-Олон улсын физикийн олимпиадад оролцон мөнгөн медаль хүртлээ. Манай улс урьд нь уг олимпиадаас ганц мөнгөн медаль авч байсан гэсэн. Энэ удаа хоёр сурагч мөнгөн медаль авсан нь манай улсын хувьд томоохон амжилт хэмээн багш нар нь дурдаж байсан. 
-Тус олимпиадад оролцохоор Казахстан улс руу явахад ямар нэг байгууллага ивээн тэтгэсэн үү?
-Олон улсын чансаатай олимпиад учраас багш нь хөөцөлдөж байж улсаас онгоцны зардал болох 1.8 сая төгрөг гаргуулсан. Олимпиадыг зохион байгуулж байгаа улс тэмцээний турш сурагчдыг дотуур байранд байлгасан. Хэрэглээний мөнгө гэж 300 гаруй ам.доллар өгсөн. Харин Азийн болон бусад олон улсын тэмцээнд оролцох тохиолдолд улсаас ямар нэгэн зардал өгдөггүй. Хүүхдүүд олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож байж, туршлага сууж, бусад орны хүүхдээс суралцахаас гадна дэлхийн хэмжээний олимпиодод оролцох эрхээ авч байгаа шүү дээ. Хувийн байгууллагаас ямар нэгэн дэмжлэг аваагүй.

БШУЯ-ны туслах ажилтан хүлээж авсан гэсэн. Ядаж сайд биш юмаа гэхэд дэд сайд нь хүлээж авч баяр хүргэж болно доо.


-Ямартай ч олимпиаддаа оролцоод өндөр амжилт үзүүлжээ. Ирээд энэ амжилтаа хэрхэн үнэлүүлэв?
-Хүний урманд юу ч өгөөгүй. БШУЯ-ны туслах ажилтан хүлээж авсан гэсэн. Яадаж сайд биш юмаа гэхэд дэд сайд нь хүлээж авч баяр хүргэж болно доо. Мөнгөн урамшуулал олгодоггүй юмаа гэхэд батламж хүртэл олгоогүй байсан. Энэ амжилт бол маш их хөдөлмөр, зүтгэл шүү дээ. Манай улс олимпид болон олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчиддаа шагнаж урамшуулдаг байхад оюуны олимп буюу олон улсын чансаатай олимпиадад амжилт үзүүлээд ирж байхад ямар ч урамшуулалгүй байгаа нь үнэхээр харамсалтай. 
Тухайн хүүхдүүдийг хүлээж авсан яамны мэргэжилтэн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцана гэвэл улсаас 50 мянган ам.долларын зээл аван сурах боломжтой гэсэн байна лээ. Урьд нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд 50 мянган ам.долларын тэтгэлэлгийг улсаас олгон тухайн сурагчтай гэрээ хийн суралцсаныхаа дараа зургаан жил эх орондоо ирж суралцах болзол тавьдаг байсан. Өмнө нь БШУ-ны сайд Ё.Отгонбаярын үед улсын олимпиадад түрүүлсэн хүүхдүүд улсын их, дээд сургуульд дөрвөн жил үнэгүй сурах тэтгэлэг өгдөг байсан. Манай дүү ийм эрх олговол “Шинэ Монгол” дээд сургуульд суралцана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ тэр боломж олдоогүй. 
-Одоо тэгээд ямар сургуульд суралцахаар болсон бэ?
-Тухайн тэмцээнд амжилттай оролцсон таван сурагчдад дэлхийн болон Азийн шилдэг сургуулиудаас 100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилгууд ирсээр байгаа. Дөрвөн жил суралцах хугацаанд бүх зардлыг нь даахаас гадна тэтгэлэг өгнө гэж байна лээ. Дээрх сурагчид Монгол улсын үнэтэй баялаг байтал улсаас ямар ч анхаарал тавихгүй, дэмжлэг байхгүйд харамсаж байна. Үүнээс болж хүүхдүүд гадаадын их, дээд сургуульд суралцан, тэндээ ажиллана гэсэн бодолтой үлдэж байх шиг байна.
 

Зургадугаар сарын 21-нд Узбекстан улсад болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд түрүүлж Азийн аварга болсон Б.Энхлэнгийн дасгалжуулагч Ц.Батболдтой холбогдож дээрх асуудлаар цөөн хором ярилцлаа.

 

 

-Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд монгол хүүхдүүд тун амжилттай оролцсон. Танай клубээс хэчнээн хүүхэд уг тэмцээнд оролцсон бэ?

-Зургадугаар сард Узбекийн Ташкент хотод болсон тэр тэмцээнд би дөрвөн хүүхдийн хамт явсан.

-Олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа гэдэг утгаараа хүүхдүүд ивээн тэтгэгч байсан уу?

-Нэг хүүхдийн зардлыг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК даасан байсан. Бусад хүүхдийн хувьд бүх зардлаа ар гэрээс нь гаргасан.

-Уг тэмцээнд оролцсон нэг хүүхдийн зардал дунджаар хэчнээн төгрөг байв?

-Гурван сая гаруй төгрөг.

-Узбект болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хүүхдүүд тун амжилттай оролцсон. Танай клубийн Б.Энхлэн зургаа хүртэлх насны ангилалд түрүүлж Азийн аварга болсон. Энэ амжилтыг нь улс хэрхэн үнэлсэн бэ?

Нэг хүүхдийн зардлыг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК даасан байсан. Бусад хүүхдийн хувьд бүх зардлаа ар гэрээс нь гаргасан.

-Багануур дүүргийн удирдлагууд л хүлээн авч баяр хүргэн, тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгосон. Өөрөөр амжилтыг нь тэмдэглэж, урамшуулсан юм байгаагүй. Уг нь улсаас тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгодог байсан ч энэ хавар Засгийн газрын хуралдаанаар байхгүй болгосон юм. Манай улс оюуны спортын олон жилийн уламжлалтай ч өнөөдөр байдал ийм болчихсон нь харамсалтай.

 

Энэ мэтээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гарган, бахдам амжилт үзүүлээд ирсэн хүүхдүүдийн амжилтыг хэн, хэрхэн урамшуулсан талаар “мэдэж” авлаа. Түрүү бөх, шинэ цолтнуудаа мялаахдаа эрхэм төрийн түшээд тэдний амжилтыг мэдээгүй байсан юм болов уу? Манай улсаас дэлхийн дэвжээнээ Монголынхоо нэрийг гаргаж яваа сайн шатарчин цөөнгүй төрж байна. Мөн мэдээлэл, технологийн эрин зуунд эх орныхоо оюун ухаан, уураг тархи болох учиртай математикч, физикч хүүхдүүд олон гарч ирж байгаа нь бахархмаар. Тэднийг эрдэм мэдлэгт хичээнгүйлэн суралцаж, өөрсдийнхөө зардлаар олон улсад амжилт гаргаад ирэхэд нь төр засаг нь ч тоогоогүй, бизнесмэнүүд ч авч хэлэлцээгүй. Харин эдгээр өсвөрийн шатарчид, тамирчид болон сурагчид зардлаа аав ээжээсээ гаргуулан, пүүс компани гуйж царайчлан гадаад руу тэмцээнд явдаг. Наад захын жишээ нь Узбекстанд болсон Азийн АШТ-д 20 хүүхэд оролцжээ. Тэдний замын зардал багш дасгалжуулагчтайгаа нийлээд 100-гаад сая төгрөг болсон байна. Мөн “Дэрэн ФС” клубийн хүүхдүүдийн замын зардал 200-гаад сая болсон гэнэ. Харин амжилт үзүүлээд ирэхэд нь аав ээжээс нь өөр цэцэг барин угтах хүн алга. Төр засгаас эдгээр хүүхдүүдийг дэмжих нь байтугай, ядаж хүлээн авч уулзаад “Сайн байна. Баяр хүргэе” гэх төрийн түшээ ч алга.

 


Физик болон математикийн олимпиадад амжилт үзүүлсэн монгол хүүхдүүдийг дэлхийн шилдэг их дээд сургуулиуд 100 хувийн тэтгэлэг, тэтгэмжтэйгээр суралцуулахаар урьж байгаа. Хүний хөрөнгөөр суралцсан тэр хүүхэд тухайн улсдаа наад зах нь 10 жил ажиллахаас өөр аргагүй. Харин улс орныхоо үнэт баялаг болсон, ирээдүйд эх орноо авч явах ёстой эдгээр хүүхдүүдийг хамгаалан авч үлдэх төрийн дархлаа манай улсад байна уу? "CNN" агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монгол улс дөрөвдүгээр байрт бичигдсэн билээ.  Бразилчууд хөлбөмбөг, багт наадмаараа, Сингапурчууд соёлч, сахилга баттай байдлаараа, Ямайкчууд хурдан гүйдэг, спортлогоороо шалгарсан бол Монголчууд амьдрах ба хөрвөх чадвар ген сайтайгаараа шалгарсан байна. Дэлхий нийт биднийг ийнхүү үнэлж байна. Харин ийм чадвар сайтай хүүхдүүдээ төр засаг нь дэмждэггүй юмаа гэхэд үндэсний томоохон компаниуд, оюун ухааныг үнэлж чадах бизнесмэнүүд харж хандаасай.


Засгийн газрын шинэ тогтоолоор Олимпийн болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин 30-120 сая, дифлимфийн тамирчдад 10-60 сая, универсиадын тамирчдад 10-30 сая төгрөгийн шагнал олгодог болов. Мөн Азийн болон Зүүн Азийн наадмын медальтнуудад 4-20 сая төгрөг улсаас шагнадаг. Дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аваргын тэмцээний насанд хүрэгчдэд 1-40 сая төгрөг хүртээж, өсвөр үеийн тамирчдыг ч мөн хамруулах болсон. Хамгийн харамсалтай нь Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журамд шатарчдыг шоовдорлосон нь оюуны спортын амжилтыг төрөөс хэрхэн үнэлж буйг харуулж байна.

 


 

Төрт нийгэм үүссэн цагаас эхлэн тухайн улс орныг алт мөнгө, эд агуурс, хүний олон, цэрэг зэвсгийн хүчин чадал, хүнс тэжээлийн хангамж гэх мэт зүйлсээр эдийн засаг, нийгмийн амьдралын хүчин чадал, баян чинээлэг зэргийг нь тодорхойлж байсан билээ. Тэгвэл өнөө үед тухайн улс орныг хүнийх нь оюун ухаан, сэтгэн бодох чадвар, дотоод итгэл үнэмшил, мэдлэгийн үйлдвэрлэл, зөв дадал, тасралтгүй суралцаж эрчимтэй хөгжин тэлэх чадвар зэргээр дүгнэж эхлэв. Цаашилбал мэдээлэл холбооны технологийн тусламжтайгаар дэлхийд оюун ухаанаа арилжиж, хавтгай дэлхийд хаа сайгүй амьдрах боломжтой болов. Батлан хамгаалах салбарт хүртэл мэдээллийн дайн гэдэг ойлголт аль хэдийн гарч ирээд олон дайн болсоор байна. Яг энэ үед Монгол хүний оюуны үнэлэмж, түүнээс гарсан оюуны бүтээл ямар хэмжээний үнэлэмжтэй байна вэ? Мэдээлэл, технологийн эрин зуунд монголчууд, Монгол улс үндэсний баялагаа хэрхэн бэлдэж, яаж үнэлж байна вэ?