m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 07:22
975
Ү.Батбаяр: Наймдугаар ангидаа хийсэн сийлбэртэй ороо тугалтай үнээгээр сольж ээждээ өгч билээ

Баялаг бүтээгч булангийн энэ удаагийн зочноор Үндэсний брэнд үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ны захирал Ү.Батбаярыг урьсан юм. Наймдугаар ангид байхдаа өөрийн хийсэн сийлбэртэй орыг тугалтай үнээгээр сольж ээждээ тусалдаг байсан хүү өдгөөгийн энэ амжилтанд хүртэл хол замыг туулжээ.  Түүний ярианаас эх оронч сэтгэл, хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч зан чанар гээд олон сайхан зүйлийг мэдэрсэнээ уншигч таньтай хуваалцая.

-Монголчууд Бест буйданкомпанийг андахгүй. Тэгвэл энэ компанийг удирдаж буй Батбаяр гэж хэн бэ. Төрсөн нутаг, эцэг эхээ танилцууулаач?

-Би Архангай аймгийн Хайрхан сумын хүн. Аав маань намайг гурван настай байхад өөд болсон. Ээж маань номын санд цэвэрлэгч хийдэг байсан. Дээрээ найман ах, эгчтэй айын ес дэх хүүхэд. Хөдөөний эгэл бор амьдрал дунд л өсөж хүмүүжсэн.

-Таны түүхийг би уншиж байсан. Гарын уртай байсан юм билээ. Олонд мэдэгдээгүй зүйлээ ярьж болох уу?

-Аав маань эрт нас барсан болохоор манай амьдрал тийм ч хангалуун байгаагүй болохоор янз янзын л ажил хийж байсан. Зуны амралтаараа самар, жимс зараад хичээлийнхээ хэрэгслийг бэлддэг, тоосгоны үйлдвэрт ажиллаад мөнгө олж ээждээ тусалдаг тийм л хүүхэд байсан. Хожим 1995 онд ээж минь нас барж биеэ даах хэрэгтэй болсон. Тэр үед ч би 18 нас хүрч цэрэгт явсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд хот руу шилжиж орж ирсэн.

 -Хотод ирээд тулж, түших хүнгүй хэцүү байсан байх. Юу хийж амьдарч байсан бэ?

-1997 онд цэргээс халагдаад хотод орж ирж амьдаръя гэж шийдээд л ирсэн. Тухайн үед нийгэм ямар байлаа, шилжилтийн үе таарсан болохоор их хэцүү л байсан. Тэгээд Баянхошууны Жанцангийн дэлгүүрт грушик, манаач, цэвэрлэгч гээд хийж чадах бүх л ажлаа хийж байлаа. Арван жилд байхдаа модоор сийлбэртэй ор хийж аймгийн төвд зардаг байсан болхоор нэг өдөр яагаад буйдан хийж зарж болохгүй гэж бодоод цалингаа цуглуулж байгаад материал аваад хийсэн. Тэр үед таван мянгатын дэвсгэрт дөнгөж гарчихсан байсан үе. Тэгэхэд анхны буйдангаа найман ширхэг цоо шинэ таван мянгатаар зарчихаад бөөн баяр болж байлаа.  Ингээд л за ер нь энэ буйданг хийе, хөгжүүлье гээд л зүтгэсэн дээ.

-Тэр үед бэрхшээл их тохиолдсон уу?

-Мэдээж бэрхшээл маш их байсан. Тэгээд сүүлдээ их туйлдсан л даа. Хэдий мөнгө их олсон ч өөрөө баялаг биш юм байна. Нэг өдөр олж байгаа ч, нэг өдөр үрэгдээд л алга болох учраас оюуны хөрөнгө өөртөө оруулъя гээд их сургуульд орсон. Тэгээд сэтгүүлч, менежерээр суралцсан. Тэгж байхдаа ч гэсэн нөгөө л буйдангаа хийгээд сургалтын төлбөр, хэрэглээний зардлаа олоод явж байсан.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?

-Төгссөнийхөө дараа нэг хэсэг мэргэжлээрээ ажилласан л даа. Тэгээд ерөөсөө өөрийн гэсэн нэг юмтай больё гэж бодоод “Бест буйдан” гэдэг нэртэй тавилга  засварын газар нээсэн. Тавилга засварын газар ажиллуулж эхлэхдээ хоёулхнаа байсан. Бид хоёр багажаа цүнхэнд хийж үүрээд айлаар явж засдаг байлаа. Ингэж л бараг манай компанийн үндэс тавигдсан. Гэхдээ бас болоогүй ээ. Нэг хэсэг ингэж айлаар явж байгаад дээд мэргэжилтэй байж мужаан хийгээд явах нь сонин санагдаад мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн. Тэгээд телевизийн менежерээр ажилласан. Харин нөгөө засварын компаниа өөр хүмүүст түрээслүүлсэн л дээ. Сүүлдээ нөгөө хүмүүс ч мөнгөө өгдөггүй, би ч авдаггүй. Телевизийнхээ ажлыг л хийгээд явж байгаад “Үүнийг яаж хийдэг вэ” гэдэг нэвтрүүлэг хийж эхэлсэн. Энэ нэвтрүүлгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг дэмжиж, олон нийтэд таниулж сурталчилахаар болоод нэг нэвтрүүлэгтээ дөрвөн байгууллагыг оролцуулсан. Тэгсэн гурван дугаар гаргаад л нэвтрүүлэгт орох хүн олддоггүй. Манай нөгөө жижиг, дунд үйлдвэрлэл хийдэг хүмүүс маань нэг подвольд, эсвэл хашаанд юмаа хийдэг хэцүү байдалтай. Тэгээд нэг үзэсгэлэн болдог хэдэн дээл, эсгий тавчик, түрүүвч, бүс, даршилсан ногоогоо л үзүүлнэ. Тэгээд л би өөрийнхөө чадах салбарт хувь нэмрээ оруулж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гээд зүтгэсэн. Дөрвөн жилийн өмнөх үйл явдал шүү дээ.

-Тэгээд ажлаасаа гараад энэ ажилдаа сэтгэл шулуудсан уу?

-Тийм ээ, тэгээд Мишээл, Нарантуулаар яваад хүмүүсээс гуйлаа. “Би хийж чадна аа, харин та нар урдаас буйдан, тавилга авчирч байхаар надад материалыг нь татаад өгөөч, би хүмүүсээ бүрдүүлээд хийе” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө наймаачид инээгээд, нэг ёсондоо намайг шоолоод монголчууд хийж чадахгүй ээ, угаасаа л баарны буйданг л хийж чадна гэсэн. Тэр стандарт, хийц энээ тэрийг мэдэхгүй гээд инээгээд байсан. Би бүр аргаа барлаа, хармаанд мөнгө байдаггүй. Лизингээр авсан нэг машинтай. Тэрний өр ч дуусаагүй. Цаашаа юм хийе гэхээр мөнгө байхгүй хүн яахав. Тэгээд  аргаа бараад нөгөө байгаа ганц машинаа зараад лизингийн мөнгөө төлж дуусгаад, гар дээрээ сая төгрөгтэй л байсан. Нөгөө сая төгрөгөөрөө материал авсан бас л хэцүү байсан л даа. Тэгээд бодож байгаад ерөөсөө урьдчилгаа 70 хувийн мөнгийг нь аваад хийж өгсөнийхөө дараа 30 хувийг нь авахаар баар, рестораны буйданг хийе гээд эхэлсэн. Зарим нь юмаа хийлгэчихээд үлдсэн мөнгөө өгөхгүй бас асуудал байсан л даа. Гэхдээ  зарим сайхан сэтгэлтэй хүмүүс нь бол шууд өгдөг. Ингээд нэг жил гаруйн дараа бүх баар, рестораны буйданг манайх хийдэг болчихож.

Тэгээд зах зээлээ тэлэхийн тулд айл өрхөд зориулсан буйдан хийж эхэлсэн. Манай айлуудад хамгийн хэрэгцээтэй байсан ор болдог буйданг хийж, хямд үнээр зарахаар судалж эхэлсэн.

-Оюутан байхдаа буйдангаа хашаандаа хийдэг байсан уу?

-Подволь хөлсөлдөг байсан. Гэхдээ подвольд үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрдөггүй учраас өдөр нь хадах, угсрах юмаа хийчихээд шөнө нь оёх бүрэх ажлаа хийдэг байсан. Тэгээд Нарантуул дээр аваачаад зарахад хамгийн загварлаг, хамгийн сайн нь минийх байдаг байсан болохоор бас захынханд адлагддаг байсан л даа. Гэхдээ тэрний муу ч гэж юу байхав.

-Айлаар явж тавилга засдаг байхдаа хэдэн төгрөгөөр засдаг байсан бэ?

-Тухайн үедээ би үнэ ханш гэж ярьдаггүй байсан. Яг үнэндээ гэртээ дуудлага өгч засуулдаг тэр хүмүүс ихэнхдээ л гэрийн эзэгтэй, эмээ, өвөө нар байдаг. Тэд нарт проблем байгаа шүү дээ. Гал тогоонд ороод л шүүгээгээ онгойлгодог хаалга нь салаад унадаг. Нөхөр бол орой ирлээ хоолоо идчихээд л зурагт үзээд, сонин уншаад суудаг. Тийм учраас би мөнгө нэхдэггүй байсан. “Та хамаагүй ээ, сэтгэлээрээ л өг” гэнэ. Тэр хүн надад бага мөнгө өглөө гээд би гомдохгүй, харин их мөнгө өгвөл мэдээж баярлана, магнайгаа хагартал баярлана. Нэг боолтыг 15 мянган төгрөгөөр боож өгч байсан үе байсан. Гэхдээ би шуналтайдаа үүнийг яриагүй. Зүгээр л надад тэр хүмүүсийн сэтгэлийн дэм, харилцаа хэрэгтэй байсан юм. Нэг хэсэг Далай ээжийн тэр хавийн өвөө, эмээ нартай янзын сайн найзууд байлаа шүү дээ. Намайг танихгүй хүн байхгүй. Тэд нар намайг ороод цай уу, хоол ид гээд урина. Завгүй байна гэвэл загнаад ч хамаагүй оруулдаг л байсан. Одоо хүртэл манайх тэр Далай ээж захын тэнд байдаг. Анх л тэнд подволь хөлслөөд ажлаа эхэлж байсан.

-Хэцүү зүйл олон тохиолдсон гэсэн. Гэхдээ тэр хэцүү зүйлүүд дунд урам өгөх зүйл ч гэсэн тохиолдож байсан байх. Хамгийн сэтгэлд үлдсэн нь?

-Хаа байсан Замын үүдээс баарны буйдан захиалах гэж Улаанбаатарт ирсэн нэг залуу байдаг. Тэр “ Би энэ мөнгийг Хятад руу гаргамааргүй байна. Энэ мөнгийг монголдоо үлдээснээрээ нэг ч гэсэн айлын амьдралд дэм больё гэж хүсэж байгаа юм. Би чамаар хийлгэе” гээд ирсэн. Харин би болхоор тэр залуугийн өмнө бол хэн ч биш байгаа байхгүй юу. Нэг сая төгрөгөөр юмаа эхлүүлсэн, чадан, ядан юмаа хийж байгаа нөхөр шүү дээ. Үнэндээ бол хумсандаа битүү хиртэй, сэтгэлдээ их зүйл хийх хүсэлтэй нэгэн зогсож байсан.  Тэгэхэд тэр хүн сайхан сэтгэлээр харьцаж, надад итгэл хүлээлгэхэд нь би хамгийн их баярласан. Тэгээд тэр залуугийн захиалсан зүйлийг их хичээж, ёстой болъё гэтэл нь сайн хийж өгсөн. Бид хоёр хэдий бие биенээ танихгүй ч, аль алиндаа их сэтгэлийн дэм өгсөн. Одоо гэхдээ тэр залууг хаана байгааг би мэдэхгүй л дээ, тухайн үед би их баярлаж байсан.

Тэгэхэд л ийм үндэсний үзэл байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр миний нэг ажилчны ард таван хүн байгаа. Тэр хүмүүс талх, гурил худалдаж авна. Тэгэхэд тэрний ард бас л адилхан нэг ажилтан байгаа. Ингээд бид дотооддоо мөнгөө эргэлдүүлвэл тэр үнийн хөөрөгдөл багасах байх гэж боддог юм. Энэ сэтгэлгээ л жоохон дутаад байгаа юм шиг харагддаг юм.

-Танай компани Сэтгэлийн дуудлага гээд нэг төсөл хэрэгжүүлээд байсан?

-Тийм ээ. Тийм төсөл хийх гэж үзсэн. Гэхдээ манайхан нэг талаараа хүнээс юм аваад сурчихаж. Гэхдээ яах вэ, олон нийтэд хүний сэтгэл гэж юу юм бэ гэдгийг ойлгуулж, түүний үнэ цэнийг харуулах гэж нэг хэсэг явлаа. Энэ бол нэг талаараа Бест буйдангийн нийгмийн хаиуцлага л байхгүй юу. Шилдэг гэдэг үгийн ард ерөөсөө л сэтгэл байдаг юм. Сэтгэлтэй ажилтан бол шилдэг ажилтан байдаг, сэтгэлтэй хүн бол шилдэг хүн байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийг л дуудья гэж бодсон.

-Нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу вэ?

-Бие биенээ ерөөсөө дэмждэггүй, тамын тогооны үлгэрээсээ л салж чаддаггүй. Би нэг болсон явдал ярья л даа. Монгол, солонгос хоёр оюутан ам нь их цангаж л дээ. Тэгээд хоёулаа дэлгүүр орж зайрмаг авахаар болж. Тэгсэн Монгол оюутан хамгийн үнэтэй орос зайрмаг аваад гараад ирж, харин нөгөө солонгос оюутан чоко пай аваад гараад ирсэн байгаа юм. Гэтэл нөгөө монгол оюутан яагаад ингэснийг нь асуутал солонгос зайрмаг байхгүй байсан болохоор чоко пай авчихлаа гэж. Үндэсний үзэл, бие биенээ дэмжих гэж үүнийг л хэлээд байгаа юм. 

-Шантрах үе зөндөө байсан гэсэн. Үнэхээр яг больё гэтлээ шантарсан үе байсан уу?

-Тийм ээ, их байсан. Арай гэж юмаа хийгээд л явж байтал хажуунаас янз янзын дарамт шахалт ирнэ. Тэр болгонд л яршиг, ингэж өөртөө лай хурааж байснаас зүгээр нэг газар ороод ажил хийе. Заавал ингэж халтайн,  халтайн явах хэрэг байгаа ч юм уу гэж бодно. Саяхан манайх орон даяар буйданжуулах аян зохион байгуулсан. Аяны хүрээнд үйлдвэрийн үнээс 5-25 хувь хямдаар борлуулах үйл ажиллагаа байсан. Энэ хүрээнд Дарханд явж байхдаа зодуулсан. Тэр хүмүүс ямар учиртай, яах гэж намайг зодсоныг нь ойлгоогүй. Ямар ч шалтгаангүйгээр буудлын өрөөнд гэнэт орж ирээд л зодчихсон. Тэгэхэд л ингэж явж байгаад үхвэл яана аа гэж бодохоор сонин байдалд орсон. Гадагшаа гарч амьдардаг ч юм уу гэж бодсон. Бид нар Монголдоо амьдарч чадахгүй айж байна шүү дээ. Энэ бол том шантрал байсан.

-Одоо танай компани хичнээн салбартай байна?

-Өөрийн нэрийн дэлгүүр гэвэл нийслэлд гурав, Эрдэнэт, Өмнөговьд үндсэн салбартай. Харин бусад орон нутагт хувь хүмүүс зардаг. Тэд манайхаас худалдаж аваад өөрсдөө үнээ нэмээд зардаг. Тийм хүмүүс олон байгаасай гэж боддог.

-Нарантуул дээр хамгийн гоё буйдангуудыг та хийдэг байсан гэсэн. Загвараа хаанаас олж авдаг вэ?

-Загвараа интернэтээс, сэтгүүлээс хардаг. Тэгээд энэ Монгол хүмүүсийн хэрэглээнд хэр нийцдэг вэ гэдгийг боддог. Тэгээд л загвараа гаргадаг.  Сүүлийн үед юм хөгжихийн хэрээр бидэнд улам л боломж нээгдэж байна.

Зурагт, кино үзэж байхдаа хүртэл буйданг нь л харна шүү дээ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авч үзсэн үү?

-2011 онд 11 сая төгрөг авсан. Тэгэхдээ хэцүү юм байна лээ. Мэдээлэл нь бүрхэг Мэдээлэл хаалттай байх тусмаа төрийн албан хаагчдад боломж олгодог юм шиг байна лээ. Зээл авах гэж байгаа хүмүүс бүгдээрээ мөнгөгүй л хүмүүс байгаа.Гэтэл зээл авах хүн заавал барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай болонгуут л үнэхээр юм хийе гэсэн хүн авч чаддаггүй. Тэгээд яахав тэр 11 сая төгрөгөө аваад л нэг л их мөнгөтэй хүн урагшаа яваад тэрийг, тэрийг гээд 10 боодол даавуу авсан. Дараа нь нөгөө даавуугаа дуусгах гэж бөөн юм болсон л доо.  Гэхдээ одоо бол өөр болсон л юм шиг байна лээ.

-Манайд үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж байна гэж та хардаг уу?

-Хөгжих боломж байна уу гэвэл байна. Гэхдээ монголчууд нэгдэж чадахгүй байна. Маркетинг мэддэг нь маркетингаа гээд, үйлдвэрлэл мэддэг нь нөгөө л үйлдвэрлэлээсээ гарч чадахгүй байгаа нь хөгжих боломжийг хаагаад байна л даа.

-Олон ах, эгч нартай гэсэн. Тэд нар таныг энэ үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хэр дэмжлэг болж тусласан бэ?

-Ах, дүү олуулаа ч манайхан ээжийг бурхан болсноос хойш тарцгаачихсан л даа. Нийгэм ч хэцүү байсан болохоор ёстой л дов довоо борлуулж байсан үе. Тэр тусмаа хөдөөнөөс хотод ирж амьдарна гэдэг бол байрнаасаа хөдөлсөн чулуу таван жилдээ байраа олдоггүй гэдэгтэй адил энд тэнд л байсан.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Та хоёр нэг нутгийн хүмүүс үү?

-Эхнэр маань манай компанийн эдийн засагч. Хамтдаа ажиллаад л байна. Бүхий л хүнд хэцүү, жаргалтай үед минь хажууд байж, түшиж тулж байсан даа. Бид хоёр гурван хүүхэдтэй.

-Энэ өндөр амжилтанд хүрэхэд нөлөөлсөн зүйл юу вэ?

-Арав гаруй жил гэдэг бол бага хугацаа биш. Энэ бол маш олон жилийн хөдөлмөр л дөө. Юм багаасаа эхэлдэг. Том мөрөөдөөд багаас нь эхлэх хэрэгтэй. Түүнээс гадна цаг үргэлж суралцаж, судлах хэрэгтэй. Хамгийн гол нь хэрэглэгчээ л судлаж чадсан юм болов уу гэж бодож байна.

-Цаашид компанийнхаа ирээдүйг яаж харж байна вэ?

-Хүний амьдралд ахуйн хэрэглээ талаасаа хэрэгтэй тэр орчинг л бүрдүүлье. Өнөөдөр бид нар гоё орчинд амьдраад, ажилдаа явахад ямар байх вэ, кайфтай биз дээ. Ямар ч стрессгүй, ажлаа тараад ирэхэд тайвшруулах тэр цогц орчинг бүрдүүлэх бүхий л зүйлийг бид хийнэ. Салбартаа манлайлагч байж, монголдоо юу хийж үйлдвэрлэж болохоор байна тэр бүгдийг зөв менежментээр, зөв хэрэгжүүлж, зөв үйлдвэрлэнэ. Боломжтой юм их байдаг. Технологи, менежмент нь л байхгүй болохоор хийхгүй байгаа юм. Мань мэтийн залуу хүмүүс хувьчлалаар ч юм уу, эсвэл янз бүрийн тендер аваагүй зүгээр л бор зүрхээрээ явж байгаа. Тийм болохоор яг энэ боссон аргаараа дараа дараачийн бизнесээ бий болгоно. Надад байгаа багажаар юу хийж болохоор байна түүнийг бүгдийг нь хийнэ. Яагаад гэхээр энэ багажнуудын яаж ажилах зарчим, технологийг би мэддэг. Дэлхий нийт юу хэрэглэж байна түүнийг бид монголчууддаа хийж өгнө. Залуу хүн болохоор хийж бүтээх санаа их л байна.

-Гадаадын зах зээл дээр  бүтээгдэхүүнээ гаргах уу?

-Орос руу их гаргадаг байж байгаад больсон. Ноднин Якутаас санал ирсэн. Бидний зүгээс гадагшаа гаргах боломж, арга замуудыг судалж байгаа. Гэхдээ эхний ээлжинд дотоодын хэрэглээгээ бүрэн хангах нь хамгийн ойрын зорилго байна. Миний найз хүртэл намайг буйдан хийдгийг мэдсээр байж урдаас илүү үнэтэй буйдан чирээд л ирсэн байна. Тэгэхээр заримдаа хүмүүсийг ойлгохгүй юм.

-Одоо бизнесээ эхлэх гэж байгаа залууст захиж хэлэхэд?

-Залуучуудад юм хийе гэсэн зориг их байдаг. Гэхдээ эхлэхдээ шууд томоос нь эхлэх гээд байдаг. Шууд компани байгуулаад л, өөрөө захирал нь болоод л, тэгээд л шууд томроод явна гэж боддог. Харин үүнээс өмнө эхлээд би юу хийж чадах вэ, энэ салбарыг хэр их мэддэг вэ, мэддэг зүйлээ ашиглаад хүнд хэрэгтэй юу хийж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхгүй найз нөхдөө цуглуулаад л, зээл аваад, оффис түрээслээд нэг юм эхлүүлчихдэг. Тэгээд хамгийн сүүлд нь би зүгээр л инженер байсан байна гэж төгсдөг бизнес их байна. Тэгэхээр ийм алдаа гаргахгүйн тулд л бүх зүйлээ урьдчилан судалж ,төлөвлөх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Бест буйдан компаниас зохион байгуулж буй Залуу интерьер дизайнеруудын уралдаанд оролцож буй бүтээлүүд