m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 03:00
72
Ж.Эрдэнэбат: Засгийн газар больчих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай чуулганы завсарлагаанаар хийх ажлынх нь талаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж байна вэ?

-Ажлын хэсгүүдэд орсон. Нэлээд хэдэн хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар оруулах санаа байна. Жишээ нь Хүнс ногоо болон газар тариалангийн тухай хууль. Ер нь манай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн гээд газар тариалангаас урамшуулал хүртдэггүй хөдөө аж ахуйн салбарынхан их байна. Иргэдийнхээ хоол хүнсийг хангах гэж хүйтэнд хөрч, халуунд халж яваа хүмүүс учраас хүнс үйлдвэрчлэгчдийг төр засаг бодлогоороо дэмжих ёстой л доо. Тиймээс улсын ногоо тариалж байгаа хүмүүст тодорхой урамшуулал олгох ёстой гэсэн чиглэлийг барьж энэ хуулийн төслийг боловсруулсан. Холбогдох яамтайгаа яриад санал бодлоо солилцсон, салбарын сайд нь ч дэмжсэн. Ирэх намрын чуулганаар оруулахаар төлөвлөөд байна.

Улсын ногоо тариалж байгаа хүмүүст тодорхой урамшуулал олгох ёстой

-Тариаланчдын энэ асуудал ямар хууль, тогтоомжоор зохицуулагдаж явдаг байсан бэ. Дээрх хуулийн төсөл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Төр засгийн анхаарал ямар нэг салбарт, ялангуяа хүнс үйлдвэрлэх салбартаа анхаарал сулраад ирэх юм бол үйл ажиллагаа нь доголддог гэдгийг 2013 он харууллаа шүү дээ. Монгол Улс 2010, 2011 онуудад хүнсний ногоо гаднаас импортлож байсан. 2013 онд тариалалтын талбайгаа 100 хувь ашигласан атлаа дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаагүй, гаднаас 100 мянга тонныг авсан.

Атрын III аян хэрэгжээд газар тариалангийн салбар нэлээд сэхсэн. Сэлэнгэ аймаг гэхэд л энэ жил 56 мянган га талбайд тариалалт хийсэн. Гэхдээ тариаланчид дотроо үр тариа болон хүнсний ногоо тариалагч гэж хоёр хэсэг байгаа. Үр тариа тариалагчид улаан буудай гээд урамшууллаа авчихна. Тэгвэл яг адилхан ажилласан хүнсний ногоо тариалсан нь намар маш хямд үнээр өгчихдөг. Яагаад гэвэл өөрсдөө ногоогоо хадгалах байр сав муутай тул хямдхан өгдөг. Энэ явдал удаан үргэлжлэх юм бол тариалах сонирхол нь буурч болох талтай.

Ногоогоо хадгалах зоорь муутай тул хямдхан өгдөг. Энэ явдал удаан үргэлжлэх юм бол тариалах сонирхол нь буурах талтай.

Ингэвэл дахиад л нөгөө импорт өсөх хандлага гарч ирнэ. Тэгэхээр ямар ч гэсэн эхний ээлжинд хүнс үйлдвэрлэж байгаа иргэдээ маш сайн дэмжиж, урамшуулах бодлого барьж байгаа юм.  

-Та хаврын чуулганыг хэрхэн дүгнэх вэ?

-Хамгийн үр дүн муутай чуулган. Улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг хэлэлцэхийн оронд сандал ширээний асуудал ярьсаар байгаад ихэнх хугацаа нь өнгөрчихсөн. Ерөнхийлөгчийн санаачилж, өргөн барьсан  хуулийн төслийг хэлэлцэж энэ чуулганы тал нь явчихлаа шүү дээ. Болно, болохгүй, хугацаа нь ийм байх ёстой, ёсгүй гэдэг ч юм уу бөөн маргаан, мэтгэлцээ. Үүний дараа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад ажлын хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг байдлаар Засгийн газрын сайд нараас огцруулах асуудал яригдсан. Иймэрхүү байдлаар явсаар байгаад хаврын чуулган маш үр дүнгүй болж өнгөрсөн.

Хамгийн үр дүн муутай чуулган. Улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг хэлэлцэхийн оронд сандал ширээний асуудал ярьсаар байгаад ихэнх хугацаа нь өнгөрчихсөн

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр маш хүнд байна. Гэтэл Засгийн газар эдийн засаг болон бодлогын шинж чанартай бичиг баримт маш цөөхөн гаргасан. Ганц л тогтоолын төсөл санаачилж оруулж ирсэн байх. Эдийн засгийн салбарынхан 100 хоногт хийх ёстой ажлаа заавал бусдаар заалгаж, үүрэгдүүлж хийх ёстой юм шиг энэ тогтоолыг гаргаж байгаа юм. Ер нь УИХ-аар заавал тогтоол гаргуулж, үүрэг авалгүйгээр санаачлаад хийгээд явахаар ажлууд зөндөө л байна. Заавал цаасан дээр буулгаад “за үүнийг хийнэ” гэсэн байртай байгаад үнэндээ харамсаж байгаа. Тэгээд 100 хоног нь одоо дуусах тал руугаа орчихсон. Энэ хөтөлбөр нь эдийн засгийг эрчимжүүлээд байгаа юмуу эсвэл улам саармагжуулаад байгаа юм уу гэдгийг хэлэхэд хэцүү болчихоод  байна. Валютын ханш өдрөөс өдөрт өсч байна.

Энэ хөтөлбөр нь эдийн засгийг эрчимжүүлээд байгаа юмуу эсвэл улам саармагжуулаад байгаа юм уу гэдгийг хэлэхэд хэцүү болчихоод  байна. Валютын ханш өдрөөс өдөрт  өсч байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх нэлээд хэдэн тогтоолын төсөл боловсруулсан. Гэхдээ хаврын чуулганаар зарим нь хэлэлцэгдсэнгүй. Баталж, дэмжиж чадсангүй. Тэгэхээр 100 хоногийн хугацаанд эдийн засгийг бага хувиар ч болов өсгөж чадах болов уу?

-Ер нь бол ард түмний амьдрал маш хүнд байна. Манай улс үйлдвэрлэгч биш болохоор төгрөгийн ханш унаад байхад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Шалтгаан нь импортоор оруулж ирж байгаа бүхэн валютаар төлбөр хийгдэж байгаасаас үүдэлтэй. Тэгэхэд валютын ханш өсөөд байхад ард иргэдийн бодит орлого нь ерөөсөө өсөхгүй байна. Тэгэхээр валютын ханшийг эхлээд барих ёстой. Үүнийгээ тогтворжуулчихаад дараагийн шат руу шилжин орох ёстой. Өнөөдөр төлбөрийн тэнцэл үндсэндээ хямралд орж байх шиг байна. Нэг ёсондоо санхүүгийн хямрал явдагдаж байна шүү дээ. Санхүүгийн хямрал гэдэг эдийн засгийн хямрал болох эхний үе шат. Мэдээ харж байхад валютын ханш ерөөсөө 10-хан хонгийн хугацаатай 20 төгрөгөөр өсч байна. Энэ маань эдийн засгаа улам л хүнд нөхцөл байдал руу түлхэж байгаа байхгүй юу. Яахав, валютын ханшийг барих янз бүрийн арга бий л дээ. Энэ аргуудаа Монголбанк маань хэрэглэж чадахгүй байна.

Валютын ханшийг барих янз бүрийн арга бий л дээ. Энэ аргуудаа Монголбанк хэрэглэж чадахгүй байна

Монголбанк уг нь Засгийн газраас хараат бус байгууллага байх ёстой.  Гэтэл өнөөдөр Засгийн газар дээр өөр нэг Засгийн газар ороод ирчихсэн юм шиг валютынхаа ханшийг хөөргөчихөөд сууж байна. Уг нь бид эдийн засгаа дэмжих чиглэлээр, улс орныхоо аюулгүй байдлыг бодоод зарим бодлого дээр хамтран ажиллахаар өөрсдийн санал бодлыг тусгаж гаргасан. Жишээ нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад алтны татварыг тодорхой хэмжээнд хөнгөлсөн. Энэ нь валютынхаа нөөцийг л нэмэгдүүлэх нэг арга байхгүй юу.

Валютын нөөц гэдэг бол Монголбанкны нөөцөөс гадна хөрөнгө оруулагчдын Монгол руу оруулж байгаа валютын урсгал. Тэгэхээр Монголбанк хичнээн тонн алт авчирсан ч валютынхаа ханшийг барих цаг болчихож.

-Газрын тухай хууль дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Газрын тухай хууль дээр өмчилнө гэсэн заалт их орж ирснийг эсэргүүцэж байгаа. Улс орныхоо аюулгүй байдалтай холбогдуулан тооцож оруулж ирэх ёстой байсан болов уу. Жишээ нь одоо эзэмшиж байгаа нь шууд өмчлөөд явах тийм эрхтэй болчихож байгаа. Гэтэл энэ маань эргэлт болж өгж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Бас газрыг иргэнд өмчүүлэх гэдэг дээр малын бэлчээрийн асуудлыг бас эзэмшүүлэх, өмчүүлэх тухай асуудал яригдана. Үржил шимтэй газраа нэг хэсэг нь эзэмшээд, өмчлөөд авчихвал нөгөө нь яах вэ. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд асуудал нь юу вэ гэхээр үржил шимтэй газар хүн ажиллаж, амьдрахад нэлээд зохицсон нутаг. Малчид нь нүүнэ. Нүүдлийг зогсоохгүйгээр газар тариалангаа эрхлэх хэцүү л дээ. Тийм учраас газрыг өмчлүүлэх нь буруу юм. Сэлэнгэ аймгийн бүсчилсэн хэсэгт эрчимжсэн мал аж ахуй байдаг. Бас бэлчээрийн мал аж ахуй байхыг үгүйсгэхгүй. Монголчууд бэлчээрийн мал аж ахуйгүй амьдарна гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд нь байх ёстой, гаднаас ирээд бэлчээрийн даац хэтрүүлээд байгаа малын өсөлтийг хориглох зүйтэй юмаа гэсэн санал оруулаад байгаа юм л даа. Харамсалтай нь энэ амаргүй л байх даа.

Одоо эзэмшиж байгаа нь шууд өмчлөх эрхтэй болчихож байгаа. Гэтэл энэ маань эргэлт болж өгж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

-Сонгуулийн тухай хууль ч бас иргэдийн анхаарлын төвд байна?

-Сонгуулийн тухай хууль намрын чуулганаар орно. Ер нь МАН их хурлаа хийгээд шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ Монгол орны өнцөг булан бүрт очиж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож ярилцаж явсан. Сонгуулийн тухай хууль яриагүй байхад л уулзалт болгон дээр иргэд энэ талаар ярьж байлаа. Энэ өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ байгаа ард түмэн төр засагт орохын тулд заавал төлөөлөлтэй байх ёстой. Зарим аймгаас нэг л гишүүн сонгогддог. Энэ хүн тэр болгон иргэдтэй уулзах бололцоогүй. Угаасаа хүрэлцэхгүй шүү дээ. Тийм учраас өмнөх тогтолцоо руугаа эргэж орьё, бид төр засагт дуу хоолойгоо хүргэмээр байна, та нартайгаа уулзаж ярьмаар байна, утсаар холбоо барих хэцүү байна гэсэн санал, шүүмжлэл очсон газар болгонд яригдсан. Би л гэхэд долоон аймагт очсон. Гэтэл энэ долоон аймагт яг энэ асуудал шууд яригдсан.

Сонгуулийн тухай хууль яриагүй байхад л уулзалт болгон дээр иргэд энэ талаар ярьж байлаа.

Бид тэгээд дүгнэлт хийсэн л дээ. Иргэд бүгд өмнөх тогтолцоог хүсэж байна. Өөрсдөө төлөвлөлтөө сонирхож байна. Харамсалтай нь одоогийн орж ирж байгаа хуульд өмнөхөөсөө илүү тоогоор оруулах санал явж байгаа гэж би сонссон. Урьдчилсан байдлаар боловсруулах шатандаа тэгж явж байгаа. Ер нь бол сонгуулийн хуулиа батлахын өмнө ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулах хэрэгтэй болов уу. Ард иргэдийнхээ хүсэж байгаа зүйлийг хийх ёстой бол ард иргэдээсээ асуух л ёстой.

Засгийн газар тогтворгүй байвал байдал улам л хүндэрнэ. Мууг муугаар нь байлгаад байвал огцорсноосоо илүү хүндрэх байх. Тэгэхээр чадахгүй байгаа бол больчих л хэрэгтэй

-УИХ-д суудалгүй намуудаас Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Хэрэв Засгийн газар огцрох юм бол манай улсын хувьд сөрөг, эерэг талууд юу байна. Огцрох үндэслэл бий юу?

-Засгийн газар тогтворгүй байвал байдал улам л хүндэрнэ. Мууг муугаар нь байлгаад байвал огцорсноосоо илүү хүндрэх байх. Тэгэхээр чадахгүй байгаа бол больчих л хэрэгтэй. Иргэд тэртээ тэргүй санаа сэтгэл, бие махбодиороо мэдэрч байна шүү дээ.