m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 03:59
76
"Би эх орныхоо энд байна" гэрэл зургийн уралдаан зарлажээ

“Та эх орныхоо хаана байна вэ?” Энэ энгийн асуултад Та юу гэж хариулах вэ? Эх орныхоо зүрхэн тушаа орших нийслэл Улаанбаатар хотод, эс бөгөөс хүчит давлагаа нь хөөсрөн шуугих Хөвсгөл нуурын эрэгт, аль эсвэл элсэн манхан нь нар даган нүүх тэмээн сүргийн говь нутагт хэмээн Монгол орныхоо өнцөг булан бүрийг дурдан хариулах байх. 

Тэгвэл “Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам” болон “National Geographic Traveler Монгол” сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэсэн гэрэл зургийн аяныг Монгол орон даяар зарлажээ.  

Энэхүү аяны дүрэм их энгийн. “Та эх орныхоо хаана байна вэ?” гэсэн асуултад хариулсан, “Би эх орныхоо энд байна” гэсэн уриа үг бүхий бичгийг гартаа барин, өөрийн хөрөг буюу өөрөг (selfie)-өө авхуулан бидэнд илгээх юм. Сумын төв, хотын гудамж, уулын орой, балар ой, нуурын эрэг, голын хөвөө, малчны хотхон, цаатны урц, дүнзэн байшин, өндөр барилга гээд та эх орныхоо хаана ч байж болно. Гагц хаа ч байсан энэ бол та болон бидний эх орны нэгээхэн хэсэг билээ.

Зураг ямар байх ёстой вэ?
Зургаа камер болон гар утсаараа авч болох төдийгүй мөн гэрэл зурган дээр ганцаараа, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхдөөрөө, хамт олноороо гээд хэдүүлээ гарсан ч болно. Хамгийн гол нь хаана байгаагаа баримтжуулсан бичгийг зургийнхаа хаа нэгтээ харуулсан байх ёстой. Бидний бэлдсэн загварыг хэвлэх, эсвэл өөрийн боломжоор уриа үгийг цаасан дээр бичиж зургаа илгээж болно. Жишээ нь, Улаанбаатар хот, Бага тойруугийн гудамж

Зургаа хэрхэн илгээх вэ?
Ингээд авсан зургаа https://www.facebook.com/mne.mn хуудас руу болон info@nationalgeographic.mn и-мэйл хаяг руу өөрийн нэр, утасны дугаар болон гэрэл зурган дээрх хүмүүс, газар орон, сэтгэгдлээ илэрхийлсэн багахан зурвасыг бичин илгээгээх боломжтой. 
Гэрэл зургийн аянд ирсэн гэрэл зургууд “Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам”-ны албан ёсны фэйсбүүк хуудсан дээр нийтлэх юм. Мөн Та уралдаанд илгээсэн зургаа хаа нэгтээ нийтлэхийг хүсвэл #БиЭндБайна “хаштаг”-ийг хэрэглээрэй. Зургийн уралдаан энэ сарын 15-ны 18.00 цаг хүртэл. 
Аяныг дүгнэж, хамгийн онцлох зургуудыг шалгаруулан, хамтран оролцогчид болон ивээн тэтгэгчдийн бэлгийг гардуулах болно.
• ХАМГИЙН өвөрмөц шийдэл бүхий
• ХАМГИЙН санаанд оромгүй газар
• ХАМГИЙН бүтээлч хандсан
• ХАМГИЙН их сонирхол татсан
Уралдаанд ирүүлсэн зургуудаар “Би эх орныхоо энд байна” гэсэн богино хэмжээний видео бичлэг хийнэ. Төгсгөлд нь хэлэхэд, аяны гол зорилго нь хоорондоо өрсөлдөхөд бус, эх орноороо бахархахад орших юм.