m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 07:33
101
Ж.Энхбаяр: Зургаан сайд “давхар дээлтэй” үлдэнэ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “давхар дээл тайлах” асуудлыг хэлэлцэн энэ оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих эсэхийг  анхны хэлэлцүүлгээр хэлэлцэн 60.9 хувийн саналаар дэмжигдэв.  Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүлсэн. Хэрэв хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдвэл УИХ-ын бүтэц болон, Засгийн газарт нэлээд өөрчлөлт орно гэсэн үг. Харин сөрөг хүчний хувьд батлагдахаас өөр аргагүй хэмээн хэлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн зүйлийг тодрууллаа.

-Давхар дээл тайлах асуудал энэ оны долоодугаар сараас эхлэн хэрэгжихээр анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор орох эцсийн хэлэлцүүлэгт дэмжигдэхгүй байх нөхцөл бий юу?

-Ардчилсан намын зүгээс эцсийн хэлэлцүүлэгт 2016 оноос хэрэгжүүлж эхлэх саналаа босгож ирэх гэж  оролдох байх. Гэхдээ МАН-ын байр суурь хатуу байгаа учир энэ бараг л боломжгүй зүйл.

-Ардчилсан намд Засгийн газраа энэ хэвээр авч үлдэх өөр гарц бараг байхгүй гэж ойлгож болох уу?

-Тэдэнд үлдэж байгаа сонголт нь Ерөнхийлөгч өргөн барьсан уг хуулийн төслөө эргүүлэн татах сонголт байж болох юм. Тэгвэл одоогийн энэ хэвээр үлдэх ийм л боломж бий.  Хэрэв Ерөнхийлөгч татаж авбал бусад гишүүдийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байгаа. Үүнийг хэлэлцээд явна. Гэхдээ Ерөнхийлөгч нийгмийн шаардлагаар өргөн барьсан хуулийн төсөл. Учир нь УИХ Засгийн газартай хяналт тавьж чадахгүй байгаагаас эдийн засгийн хямрал үүссэн.

-Тэгэхээр 17 яамны сайд бүгд солигдох уу?

-Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хаших асуудалд Засгийн газрын үндсэн чиг үүргийн зургаан яам орох бололцоотой. Тэгэхээр зургаан сайд давхар алба хашиж болно гэсэн үг. Харин үлдсэн 12 яамны сайд нар гаднаас сонгогдоно. Эхлээд давхар алба хашиж байгаа хүмүүс сайд байх, УИХ-ын гишүүн байх эсэхээ сонгоно. Ингэхээр УИХ-ын бүтцэд нэлээд өөрчлөлт орох байх. Бараг дөрөв, таван хүн шинээр орох байх.

-Засгийн газрын үндсэн чиг үүргийн яамдаа олон болгож болох уу?

-Тийм зүйл байж болох талтай. Засгийн газрын тухай хуульд үндсэн чиг үүргийн таван яам байдаг. Богд хааны анх байгуулсан таван яамыг Засгийн газрын үндсэн чиг үүргийн яам гэдэг. Харин энэ жил БОНХЯ-ыг үндсэн чиг үүргийн яаманд оруулж зургаа болоод байгаа. Эдгээр яамны тоог олон болгох, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж мэднэ. Энэ замаар засгийн голлох яамдуудаа авч үлдэх арга байж болох талтай.

Энэхүү хууль хэрэгжихээр болбол УИХ-ын бүтэц болон, Засгийн газарт өөрчлөлт орно. Тэгэхээр дахин  МАНАН-ийн Засгийн газар бий болох болов уу?  

-МАНАН-гийн Засгийн газар үүсэхгүй байх гэж найдаж байна.