m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 04:59
256
Нүүрс хөтөлбөр зогсвол хариуцлагыг нь АТГ хүлээгээрэй

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих төвд өнгөрсөн сарын 29-ний өдрөөс хойш хоригдож байгаа билээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байгаад ийн хорьсон юм. Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгчид хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Учир нь Л.Гансүхийг саатуулагдсаны маргааш өмгөөлөгч Л.Цэндсүрэн нь түүнтэй уулзах гэж очсон ч тэднийг уулзуулаагүй мөн Л.Гансүхийг цагдан хорьсон нь хууль ёсны үйлдэл мөн үү гэдэгт байр сууриа илэрхийлсэн юм. Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж, "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Эм Жи Эл Эс Би" компанийн нягтлан н.Мөнгөнтуяа, н.Даваахүү  нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нар мэдээлэл хийсэн юм.

Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн

-Нэгдүгээрт Л.Гансүхийг цагдан хорьсон нь буруу. Мөрдөн байцаалтын явцад саад учруулаагүй, таслан сэргийлэх арга хэмжээг дөрвөн сарын хугацаанд зөрчөөгүй байхад цагдан хорьж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ асуудлаар бид Ерөнхий шүүгчид хандана. Хоёрдугаарт, долдугаар сарын 30-ны өдөр би үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэж Төв аймгийн цагдан хориход очсон. Гэвч биднийг уулзуулаагүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээг маань хуурамч гэх утгатай зүйл ярьж, дахин дахин үзсэн. Тэгээд уулзуулах боломжгүй, АТГ-аас зөвшөөрөл авах ёстой юм байна гэсэн хариултыг өгсөн. Энэ үйлдэл нь яллагдагч, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байж боломгүй үйлдэл гаргаж байна. Тиймээс бид ШШГЕГ болон ШШГЕГ-ын даргад гомдол гаргаж байгаа.  Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн албан хаагч хүний эрх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн юм.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж

-Би Л.Гансүхтэй уулзсан. Л.Гансүх "Энэ бол Засгийн газрыг унагаах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн захиалга. АТГ Засгийн газрыг унагаахын төлөө ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл би тэсэж ирлээ. Тиймээс би энэ зүй бус үйлдэлтэй хатуу тэмцэнэ. АТГ-ын байцаагч, прокурор, үндэслэлгүйгээр цагдан хорьж байгаа шүүгч, шүүхтэй тэмцэнэ" гэдгээ дамжуулсан.

-3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж АТГ-аас мэдээлээд байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Л.Гансүх бол төсвийг захиран зарцуулагч биш. Төсөв зарцуулах шийдвэрийг Л.Гансүх биш Засгийн газар гаргадаг. Гэтэл АТГ-аас 3.6 тэрбум төгрөгийг завшсан гэж мэдээлсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан "Хэргийн материалыг задруулахгүй байх" гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Сүүлийн үед АТГ хэн нэгнийг шалгахаасаа өмнө авлигачин, гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, нийгэм даяар ялладаг. АТГ гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад яллахын төлөө ажиллаж байна. Нэг тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг  "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд  80 мянган төгрөг болгож, нийслэлчүүдэд хүргэсэн. "Нүүрс" хөтөлбөр зогсч, нүүрс үнэд хүрвэл буруутан нь АТГ.