m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:23
75
Ерөнхий сайдыг хууль зөрчин Л.Гансүхтэй очиж уулзсан гэлээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тус газраас өгч байгаа мэдээллээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өчигдөр Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан байна. Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон бусад хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо гэж тус газраас мэдэгдлээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөх Л.Гансүхтэй уулзах мэдэгдлийг Авлигатай тэмцэх газарт хандан тавьсан юм байна. Харин тус газрын зүгээс “Зөвлөх Л.Гансүхтэй уулзах бол Мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч нарыг хамт байлгаж уулзах ёстой” гэсэн хариу өгсөн ч Ерөнхий сайд үүнийг нь зөрчин, уулзалт хийсэн гэж АТГ үзэж байна.

Мөн АТГ-аас Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг баривчлах шийдвэр гаргасан үндэслэлээ дараах зүйлээр тайлбарлалаа. Тэд Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд нүүрсийг бага үнээр худалдан авч, өндөр үнээр иргэдэд худалдсан. Ингэхдээ “Нүүрс” хөтөлбөр дээр ашиггүй ажиллаж байгаа гэж төөрөгдүүлсэн. Энэ бүхэн нь батлагдсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эл асуудлын хүрээнд тодруулж асуух зүйл ч гарахыг үгүйсгэхгүй гэлээ.