m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.01 05:26
108
Бундестимд алтан цом авчирсан ачтан

Бразилд болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн оргил мөч нь финалын тоглолтын нэмэлт цагт ялалтын гоол орох агшин байлаа. Тэрхүү гоолыг оруулсан хүн нь “Супер Марио” хочит хагас хамгаалагч Марио Гётце. Тулааны үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө Германы дасгалжуулагч Й.Лёв довтлогч М.Клозег суулгаж, Гётцег гаргаж ирсэн нь зөв шийдвэр байв. Марио тоглолт өндөрлөхөөс долоон минутын өмнө буюу 113 дахь минутад ялалтын ганц гоолыг хийж, германчууд дэлхийн аваргаар тодорсныг дэлхий дахин сэтгэл догдлон харж байлаа. Бундестимд дөрөв дэх алтан цомыг авчирсан Марио Гётцегийн тухай танилцуулья.

Түүнийг олон хүнтэй зүйрлүүлдэг. Энэ дундаас Лионель Месситэй адилтгах нь түгээмэл. Мөн 1996 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналтай Маттиас Заммертай их харьцуулна. Сонирхуулахад Маттиас “Алтан бөмбөг” хүртэхдээ “Борусси”-д тоглож байжээ. “Марио бол гайхалтай хөлбөмбөгч. Үнэт эрдэнэ л гэсэн үг. Тиймээс дортмундчууд түүнийг удаан тогтоон барьж чадахгүй байх. “Борусси” бол өндөр түвшний шилдэг баг биш. Тиймээс Марио дэлхийн хэмжээний супер тоглогч болохыг хүсвэл аль нэг том багт очих хэрэгтэй. Энэ нь Германы хөлбөмбөгт ч ашигтай” хэмээн шигшээ багийн ахлагч асан М.Баллак өгүүлж байв. Үнэхээр түүний зөгнөн хэлсэн биеллээ олж, Марио 2013 онд Германы хүчирхэг баг “Бавари”-д ирсэн юм.
Марио бол яах аргагүй “Борусси Дортмунд”-ын “бүтээгдэхүүн”. Тэр найман настай байхдаа “Дортмунд”-ын өсвөрийн багт орж, хөлбөмбөгчний замналаа эхлүүлжээ. 2009 онд томчуудын багт анхны тоглолтоо хийсэн бол дараах улирал нь “Борусси”-гийн үндсэн бүрэлдэхүүний сольшгүй тоглогч болсон байв. Тэр жилээ 41 тоглолтод найман гоол оруулсан нь залуу хагас хамгаалагчийн хувьд муугүй үзүүлэлт билээ. Үүнээс хойш тоглолтын чанар нь дээшилсээр 2012-13 оны улиралд 41 тоглолтод 16 гоолоор учраагаа гомдоосон юм. Харин “Бавари”-д ирсэн эхний улиралдаа сэлгээнд ихэвчлэн суусан ч 15 гоол оруулаад амжжээ.  
Түүний давуу тал нь тоглолтыг “унших” чадвар. Мариогийн олон гоё дамжуулалтыг Левандовский гоол болгохыг бид харсан. Мөн хувийн ур чадвар сайтай нь орчин үеийн хөлбөмбөгт хамгийн чухал үзүүлэлт билээ.

Тэрбээр багадаа зуны амралтаар эмээгийндээ очих дуртай байжээ. Эмээгийн эрх хүүхэд хэдий ч ажилд тун сайн байсан гэнэ. Хэрвээ хөргөгчинд нь бэлэн хоол байхгүй бол юухан хээхэн цуглуулж байгаад 15 минутын дотор өөртөө тохирсон хоол хийчихнэ. Одоо тэр сая сая долларын хөрөнгөтэй болсон ч гэсэн амьдралын даруухан хэвшил нь хэвээрээ. Янз бүрийн шивээс хийлгэж, энд тэндхийн бааранд орж, охид хүүхнүүдтэй орооцолдоггүй болохоор хөгжөөн дэмжигчид нь түүнд сайн гэж жигтэйхэн. Багадаа Зинедин Зиданыг шүтдэг байв. Тэд адилхан байрлалд тоглодог тул тоглолтыг нь их судалдаг аж.
Хэвлэлийнхэн түүнээс ярилцлага авахдаа ирээдүйд ямар багт тоглох бодолтой талаар нь үргэлж асууна. Харин Гётце энэ асуултад нэгэн хэвийн хариулт өгнө. “Миний карьер цаашид хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Дортмундад миний гэр бүл, найз нөхөд бий. Энд би аз жаргалтай байна. Тиймээс ирээдүйд юу болох талаар бодолгүй өмнөх ажлаа л сайн хийхийг хүснэ”. Ийм хариултыг олон сэтгүүлч түүнээс сонссон биз ээ. Харин өнгөрсөн жил сэтгүүлчид энэхүү асуултынхаа хариуг сонсож, Германы нэгэн авьяаслаг хөлбөмбөгч “Бавари”-д нэгдэхийг харж билээ.

Одоо тэрбээр “Бавари” клуб болон Германы шигшээгийн том итгэл найдвар болоод байна. Хэдийгээр ихээхэн үүрэг, хариуцлага ирж байгаа ч тэр үүнийг даван гарч чадах нь гарцаагүй. Учир нь Марио Гётце өндөр түвшинд тоглоход хэдийнэ бэлтгэгдсэн хүн.