m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 07:50
31
Ерөнхий сайд эдийн засаг өсөлттэй байгаа гэв

Долоо хоног бүрийн пүрэв гаригт сэтгүүлчитэй уулздаг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт уламжлал ёсоор өнөөдөр болов. Уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.

 Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргасан байна.

Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляц өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхэлсэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцын нөлөө юм. Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ.

Энэ оны эхний улиралд эрдэс бүтээгдэхүүний гол нэрийн таван бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2.2 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувь, үүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багасчээ.

Ерөнхий сайд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, инфляц, улсын төсөв, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаар товч мэдээлэл өгсөн юм.