m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.03 14:52
223
Жеймс Камерон зүүднээсээ киноныхоо санааг олжээ

“Титаник”, “Аватар”, “Терминатор” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан алдарт найруулагч Жеймс Камерон 1954 оны наймдугаар сарын 16-нд Канадын Онтарио хотын нэгэн жижиг тосгонд төржээ. Түүний аав электроникийн инжинер харин ээж нь уран бүтээлч, сувилагч байсан гэнэ. Түүнийг 17 настай байхад нь тэд АНУ-ын Калифорни хот руу нүүжээ. Жеймс Камерон 1973 онд Фуллертоны их сургуульд Физикийн чиглэлээр элссэн боловч 1974 онд сургуулиасаа гарсан байна. Тэрбээр сургуулиасаа гарсны дараа зохиол бичиж, хажуугаар нь жолооч хийж байжээ.

1977 оноос  жолоочийн ажлаа хийхээ больж, “Оддын дайн” киног хийж байсан компанид ажилд орсон хэдий ч хоёр найзтайгаа “Xenogenesis” хэмээх арван минутын уран зөгнөлт кино хийсэн байна. Тэд энэхүү киногоор олсон ашгаараа камер түрээслэн өөрсдийн студийг байгуулжээ. Тэдний анхны кино “Xenogenesis”  1978 онд бүтсэн бөгөөд Жеймс Камерон киноны зохиолыг бичиж, найруулж, продюсерлэж бүтээсэн байна.

Тэрбээр чадвараа хөгжүүлэх зорилгоор 1979 оноос “Рок ахлах сургууль” кинонд туслахаар ажиллаж, “Рогер Корман” студид загвар хийгчээр ажиллаж эхэлсэн боловч 1980 онд халагджээ. Үүнээс хойш кинонуудад дизайнер, туслах, найруулагч хийж явсаар 1981 онд киноны зураг авалт хойшилсноос болж дахин халагдсан байна. Тэрбээр халагдсаныхаа дараа бүтэн өдөржин завиар зугаалж, киноны зураг авалтыг яавал үргэлжлүүлэн авах вэ гэж бодсон ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй аж. Энэ үеэр тэрбээр хоолны хордлого авч шаналж, цочирдсон бөгөөд нэг удаа дийлдэшгүй төмөр хүн ирээдүйгээс түүнийг алахаар ирж байна хэмээн зүүдэлснээр “Терминатор” хэмээх киноныхоо санааг гаргаж байжээ.

“Терминатор” кино 6.5 сая ам.доллараар бүтсэн боловч дэлхий даяар амжилт олж тэрбээр 78 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Удалгүй “Харь гаригийнхан” хэмээх кино хийсэн нь долоон ч төрөлд Оскарын шагнал авсан байна. “Терминатор” киноны хоёр, гуравдугаар анги мөн л олон зуун сая ам.долларын ашиг авчирч, Оскарын шагналд зургаан төрөлд нэр дэвшиж, дөрвөн төрөлд шагнал хүртжээ.

Жеймс Камерон 1997 онд мөн л өөрийн нэрийг дэлхий даяар дуурсгав. Энэ нь “Титаник” кино байсан юм. Тэрбээр 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд живсэн Их Британийн хөлөг онгоцны үйл явдлаар сэдэвлэн кино хийхээр шийдэж, бүтээсэн нь энэ байжээ. Жеймс Камерон уг үйл явдал дээр залуухан хосуудын хайр дурлалыг нэмсэн байна. Ингээд кино бүтэн сарын турш бокс оффисыг дараалан тэргүүлж, дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Мөн Оскарын шагналд 14 төрөлд нэр дэвшиж, 11 төрөлд шагналыг хүртсэн.

Жеймс Камерон 2009 онд дахин дэлхийг донсолгосон кино хийв. Тэрбээр 80 хуудас зохиол бичиж “Аватар” хэмээх киногоо хийсэн бөгөөд энэхүү кино нь компьютер графикийг илүүтэй ашигласан байсан юм. Уг кино дэлхий даяар 2.7 тэрбум ам.долларын ашиг орлоготой ажилласан бөгөөд Оскарын шагналд есөн төрөлд нэр дэвшиж, гурван төрөлд шагналыг хүртсэн.

Тэрбээр 2013 оны наймдугаар сард “Аватар” киноныхоо үргэлжлэлийг 2016, 2017, 2018 онуудад гаргана гэдгээ амласан. Жеймс Камерон чанартай, цөөхөн кино хийдэг уран бүтээлч бөгөөд дээр дурьдаагүй хэд хэдэн кино түүнд бий. Чадварлаг кино найруулагч, зохиолч, продюссер Жеймс Камерон гурван Оскарын шагналыг оролцуулаад одоогоор 71 шагнал урамшуулал хүртээд байгаа аж.  

Титаник киног хийх үеэр:

Терминатор киног хийх үеэр:

Г.Төгөлдөр