m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 09:11
92
Монгол Улс Казакстан улстай тээврийн салбарын харилцаагаа сайжруулах боллоо

Монгол Улс Казакстан Улстай тээврийн салбарт хамтарч ажиллах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн уулзалт энэ сарын 7-8-ны өдөр Астана хотноо болсон. ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан, Казахстан улсын  Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров уулзсан юм. Энэ үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан Казахстаны Тээвэр, харилцаа холбооны сайд Женис Касымбектэй уулзаж, хоёр орны зам, тээврийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон аж. Сайд Женис Касымбек Казахстан Улс Монгол Улстай зам, тээврийн салбарт  бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийг ирэх тавдугаар сард Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын транзит тээврийн бага хуралд урьж буйгаа дуулгасан гэнэ.

Дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Казахстаны галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэртэй танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.  Хоёр тал зогсонги байдалд ороод байгаа агаарын тээврийн харилцааг сэргээх асуудлаар санал нэгдэж, санамж бичиг байгуулсан юм. Удахгүй Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурахаар тохиров. Мөн хоёр талын эрх бүхий байгууллагууд  нислэгийн маршрут, тус тусын нислэг үйлдэх авиакомпаниудаа томилж, харилцан  мэдэгдэхээр тогтжээ.

Авто тээврийн харилцааны хувьд хоёр тал зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцож үйлчилгээний чанарыг сайжруулахад хамтран ажиллахаар тохирлоо. Казахстан улс зорчигч тээврийн үйлчилгээний автобусыг  Монгол Улсын мөрдөж буй стандартад нийцүүлэх, автобусаар үйлчлэх компанийг ойрын хугацаанд шалгаруулж манай талд мэдэгдэхээр болов. Монголын тал олон улсын зорчигч тээврийн стандартын шаардлагыг хангасан том оврын автобус үйлчилгээнд явуулах тухай шийдвэрээ тус улсад танилцууллаа. Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлаарх хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурсан байна.