m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 10:04
219
"ЗХУ-ын Баатар" цолын 80 жилийн ой тохиож байна

“ЗХУ-ын Баатар” цол бий болсоны 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1934 оны дөрөв дүгээр сарын 16-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс дайны болон энх тайван цагт баатарлаг гавьяа байгуулсан хүмүүст олгох зорилгоор уг цолыг бий болгожээ. Дээд Зөвлөлийн тушаалаар дөнгөж дөрөв хоногийн дараа анхны хүмүүст цолыг олгох шийдвэр гарсан байдаг.

Арктикийн хүйтэн усанд осолдсон “Челюскин” усан онгоцны багын гишүүдийг аврах ажиллагаанд оролцож, баатарлаг гавьяа байгуулсан нисгэгч А.В.Ляпидевский (тэрбээр баатрын нэг дугаартай гэрчилгээ авсан Р.Э.) тэргүүтэй долоон хүнд анхны баатар цолыг олгожээ.

Харин Алтан таван хошууг сүүлд 1939 оны найм дугаар сарын нэгэнд бий болгожээ.
Өнөөдрийн байдлаар баатрын алтан таван хошууг 12,776 хүн хүртээд байна. Тэдний ихэнх нь дэлхийн II дайнд оролцож, баатар болсон байдаг. Мөн 1979-1989 онд Афганистанд явагдсан дайнаар 65 баатар төрсөн юм. Эдгээр баатруудын дотор 101 хүн хоёр удаа, гурван хүн гурван удаа, хоёр хүн дөрвөн удаа эл эрхэм хүндтэй цолыг хүртсэн түүхтэй.
Аугаа эх орны дайны үеийн алдарт нисгэгч, нисэх хүчний маршал А.И.Покры́шкин, мөн нисэхийн маршал И.Н.Кожедуб (тэрбээр дайны үед “Ла-5” онгоцоор германы 64 нисэх онгоцыг устгасан. Р.Э.) нар гурван удаа хүртсэн.

 

Уул нь ЗХУ-ын баатар цолыг анх бий болгож байхдаа нэг хүнд гурваас илүүг олгохгүй нөхцөлтэй байсан ч дөрвөн удаа баатар цол хүртсэн хоёр хүн бий. Мэдээж эхнийх нь маршал Г.К.Жуков, ЗХУ-ын удирдагч нарын нэг Л.И.Брежнев нар байлаа.

Г.К.Жуков бол дайны талбарт тулалдаж баатар болсон. Харин Л.И.Брежневт тойрон хүрээлэгчид нь түүний 60, 70, 72, 75 насны ойн баярт зориулж төрсөн өдрийн бэлэг маягаар баатар өгсөн байдаг. 1970 оноос хойш уг цолыг төрийн болон цэргийн нэр хүнд бүхий дарга нарын төрсөн өдрийн бэлэг, тэмдэглэлт ойн баяр зэрэгт зориулан хамаагүй өгөх болсоныг 1988 оноос зогсоож, зөвхөн баатарлаг гавьяа байгуулсан хүмүүст олгох болжээ.

Ю.А.Гагаринаас эхлээд бүх сансарын нисгэгч уг шагналыг хүртсэн бөгөөд гадаадын нэлээд олон хүн ч шагнуулсан байдаг. Мөн Оросын 12 хотыг баатар цолоор шагнажээ.

Харин ЗХУ задарсаны дараагаар ОХУ-ын 1992 оны гурав дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр уг цолны нэр, тэмдэгийг өөрчлөн “ОХУ-ын баатар” гэх болсон юм.