m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 11:00
58
Хилийн танхим байгуулжээ

Хилийн 0275 дугаар ангийн удирдлага Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сургуульд "Хилийн танхим" шинээр байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ үеэр ангийн захирагч хурандаа В.Батжаргал, ахмад хилчин, бэлтгэл хурандаа А.Дашням нар сум орон нутгийн удирдлага, ЕБС-ийн багш, сурагчдын төлөөлөлд ХХБ-ын түүхэн замнал, өөрчлөлт шинэчлэлийн талаар товч мэдээлэл хийсэн байна. Тус танхимд “Манай эх орон”, “Хил хамгаалах байгууллага”, “Хилийн 0275 дугаар анги” гэсэн сурталчилгааны самбарууд болон хилчдээс төрсөн МУ-ын 14 баатрын хөргийг танилцуулгын хамт байрлуулсан байна.

Хилийн танхимын нээлтийг тохиолдуулан ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Монгол Улсын хил” зохион бичлэгийн уралдаанд 11А ангийн сурагч Б.Болор тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн “Хил хамгаалах байгууллагыг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн “АХА” тэмцээнд 11А ангийн сурагч Б.Ариунчимэг түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Цаашид энэхүү Хилийн танхимыг хошууч генерал Дашбалбарын Базарсад агсны нэрэмжит болгохоор орон нутгийн удирдлага, сургуулийн захиргаатай санал солилцож, Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын ЕБС-д Хилийн танхимыг шинээр тохижуулахаар төлөвлөөд байна.