m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 01:58
133
Батлан хамгаалахын сайд Япон Улсад айлчилж байна

Япон Улсын Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүноригийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тус улсад энэ сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зочиллоо. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг ҮБХИС-ийн захирал, ноён Кокүбүн Риёосей хүндэтгэн хүлээн авч сургуулийнхаа талаар танилцуулав. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ уг сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогч нартай уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсан байна.

Дараа нь Япон Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд тус улсын Батлан хамгаалахын сайд ноён Онодэра Ицүнори Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авлаа.

Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

1995 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.