m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.07 10:39
497
Т. Жүгдэр: Морь унаж чаддаггүй охиноо тулаан дунд давхиж, нум сум харваж буйг хараад их гайхсан

Энэ удаагийн "Ижий" буландаа СТА "Voice" хамтлагийн дуучин Д.Отгонжаргалын ээжтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Сайн байна уу. Та  бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Алтай нутгийн угшилтай гэж дуулсан?

-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд 1949 онд төрсөн. Намайг  Тэрбишийн Жүгдэр гэдэг. Арван хүүхдийн дундах нь болж төрсөн. Манай аав насаараа эмч хийсэн Тэрбиш гэдэг хүн байлаа. Харин ээжийг маань н.Амар гэдэг. Бага насандаа ээжийгээ дагаад мал маллаад л гүйдэг байсан болохоор бага нас мал дээр өнгөрсөн гэж хэлж болно. Аймгийн сургуулийг 1963 онд төгссөн. Төгсөөд мал  маллаж байгаад  Хөдөө аж ахуйн машинист арван жил хийгээд,  23 жил Баянхонгор аймгийн  “Одод” дөрөвдүгээр цэцэрлэгт  ахлах  тогоочоор ажилласан. Ингээд нийтдээ улсад 33 жил ажилласан даа.

-Төрсөн нутгаасаа гарч Баянхонгорт суурьшсан нь хүний эхнэр болсонтой холбоотой юу?

-Тийм ээ. 1971 онд Говь-Алтайгаасаа 21-хэн настай Баян-Хонгорт айлын бэр болсон. Манай хүүхдүүд бүгдээрээ Баянхонгорт төрсөн.

-Зурагнаас харахад танайх өнөр бүл юм?

-Би зургаан хүүхэд төрүүлсэн хүндээ. Д.Отгонжаргал хамгийн бага охин маань. Гурван том нь хүү,гурван бага нь охин.

-Д.Отгонжаргалыг сайхан дуучин гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Охиныхоо бага наснаас дурсаач?

-Бага байхдаа том болоод тийм хүн болно гэж ярьдаггүй байсан. Харин наймдугаар ангиасаа л би СУИС-т орно, дуучин болно гэж их ярих болсон. Тэгээд байнга хөгжим тавиад зурагтын хажууд дуулаад, бүжиглэж байдаг хүүхэд байлаа. Тэгээд л дуучин болсон. Өөрийнхөө зорьсондоо хүрсэнд баяртай байдаг.

-Тухайн үед дуучин болно гэхэд нь та дуртай байсан уу?

-Дуучин болно гэхэд нь би жаахан дургүй  байсан. Өөр сургуульд оруулна гэдэг байсан. Тэгсэн авга ахдаа энэ тухай хэлтэл "Юу гэсэн үг вэ. Болголгүй яахав дээ. Аав нь дуучин юм чинь" гэж байсан. Манай аав, хүүхдүүдийн минь эцэг дуучин хүмүүс. Хоёулаа их сайхан дуулдаг хүн байсан юм. Хоёр талын удам байхад дуучин бололгүй яахав. Дуучин хүн чинь их гоё шүү дээ гээд л авга ах дэмжиж өгөөд, СУИС-д орсон.

-Ханийнхаа тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Миний хүүхдүүдийн аав их авъяастай хүн байсан юм. Дорнодын техникумын механик инженерийн анги төгссөн л дөө. Дээр үед Баянхонгор аймгийн театрт  дуулдаг, баяан хөгжим тоглодог байсан. Төв аймгийн Арвастайд тракторын жолооны багш олон жил хийж байгаад эргээд нутаг руугаа явж улсын ажил хийсэн юм.

Манай хүн чинь их мэдлэгтэй, улс төр бол ёстой янзын ярьдаг, мундаг  толгой сайтай хүн байсан. Бас орос болон монгол бичгээр бичсэн номнуудыг байнга уншдаг. Монгол бичгийг 70-аад оны үед зурагтаар заадаг  байсан даа. Тэр үед л хоёр гуравхан хоног хараад, монголоор  бичээд л тэр дор нь сурч байсан юм даг. Даанч миний хань чинь их эрт биднийгээ орхиж бурхны оронд одсон.

-Хамгийн анх охиноо тайзан дээр дуулж байхыг нь харахад ямар сэтгэгдэл төрж байсан вэ?

-Маш сайхан санагдаж байсан. Охиноороо их бахархаад л суусан даа.

-Хаана дуулж  байв?

-СУИС-ийн оюутан театр тайлан тоглолтоо хийж байсан. Тэгэхэд л бүх ойр дотны хүмүүс болон найзууд нь ирж үзээд их гоё байсан. Бас гуравдугаар курст билүү дээ нэг их чанга  дуулдаг орос дууг дуулж билээ. Ер нь би охиныхоо бүх тоглолтуудыг нь алгасалгүй үзэгчдийн суудалд суугаад л үздэг.

-Эхэндээ дэмждэггүй байснаа сүүлдээ бодол тань өөрчлөгдөөд бүр фень нь болчихожээ?

-Тэр тийм шүү. Эхэндээ СУИС–д орно гээд байхад нь дэмжихгүй байсан. Сайхан зурдаг байсан болохоор нь зургийн ангид орох нь дээ гэж  манай гэр бүлийнхэн бодсон. Миний охин янзын сайхан зурдаг юм. Хүнийг хараад шууд л зурдаг.  Нэг бол англи хэлний ангид оруулдаг юм билүү гэсэн бодол ч байсан шүү эгчид нь.

Гэхдээ нээрээ ч дуучин хүн чинь сайхан даа, дуулдаг удам байгаа юм чинь дуучин болог дээ гэсэн бодолтой болоод, дэмжиж эхэлсэн.

-“Ану хатан” кинонд гол дүрийг бүтээж чамгүй жүжиглэх авъяастайгаа үзэгчдэд харуулсан.  Энэ дүр нь их олон хүнд таалагдсан?

-Тэр үедээ их сайхнаар хүлээж авч байсан. Манай охин чинь морь унаж сураагүй хүүхэд. Морь унаад давхиад, ном сум харваж байхыг нь хараад бид нар их гайхсан. /Инээв/

Багаасаа морь унаж сураагүй ямар сонин юм гээд л. Уг нь ч их сэргэлэн, хөдөлгөөнтэй юм юманд авьяастай хүүхэд. 

-Анх та хотод хэдэн онд орж ирж байв?

-Баянхонгороос 1996 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд нүүж ирээд 2008 онд хотод орж ирсэн. Д.Отгонжаргал Дарханд арван жилээ төгссөн юм. Хөтөлд би арав гаруй жил болоод хотод орж ирж байсан.

-Урлагийн хүнд дуулахаас гадна ёс зүй чухал. Таны охиноос ёс зүй "үнэртдэг" юм?

-Гол нь хүмүүжилтэй байх хэрэгтэй гэж их захидаг байсан даа. Мөн эрхэлсэн ажлаа сайн хийж, ажлынхаа эзэн нь байх хэрэгтэйг хэлдэг байсан юм.

Хүүхдүүдээ гадагшаа явж ажиллахыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн Монголдоо ажиллаж амьдраарай гэдэг. Тэрнийг манай хүүхдүүд мэддэг болохоор гадагшаа явсан хүн байдаггүй. Бас удаан хугацаатайгаар ч явдаггүй. Манай том охин гурван жил Японд сураад ирсэн. Хэдэн хүүхдүүдээ гадагшаа сурах гээд явчихаар нь санаад л хэцүү байдаг юм. Том охиноо сурахаар явж байхад нь би их санаж байсан.

Манай том охин улсын аварга  волейбольчин болж билээ. Улсын нэрэмжит олон тэмцээнд орсон. Дунд охин маань хөдөлгөөн багатай сурлага сайтай байсан.

-Та нөхөртэйгээ яаж танилцсанаа хуучлаач?

-Манай нөхөр Баянхонгорын хүн. Манай дүү Баянхонгорт сурч байхад нь би очиж цуг байсан юм. Тэнд гурав байна уу, дөрвөн сар боллоо. Тэгэхэд л анх нөхөртэйгөө танилцсан. Манай нөхөр Говь-Алтай руу очиж намайг аваад тэгээд л амьдрал зохиож байсан даа. Их сайн хүн байж билээ. Айлын том хүү гурван дүүтэй хүн.  Би чинь нутгаа гэхээсээ илүү Баянхонгорыг л гэнэ. Яагаад гэхээр тэнд л хүүхдүүд маань төрж, олон жил тэнд амьдарсан учраас тийм байдаг байх.

-Анхны хүүхдээ хэдэн настайдаа гаргаж байсан вэ?

-21 настайдаа анх төрж байлаа. Д.Отгонжаргалыг 33-тайдаа отголж байсан юм.

-Олны танил тэр дундаа дуучин хүний ээж арай өөр байдаг болов уу гэх мэдрэмж төрөөд байдаг юм?

-Их сайхан шүү. Сайхан байлгүй яахав.

-Ямар нэгэн хэцүү зүйл бий юу?

-Хэцүү юм байхгүй шүү дээ.  Би тэр хэл амыг огтоосоо тоодоггүй юм. Угаасаа л дагаж байдаг юм байна гэж боддог. Тэр хов ямар наалдах биш, өвчин биш дээ гэж боддог. Эхэндээ хаяа эмзэглэдэг л байсан. Сүүлдээ тоохоо байсан даа. /Инээв/

Эрүүл л байж байвал хүний хэлснээр ямар болох биш дээ.

-Дуучин болох гараа нь “Voice” хамтлагт орсноор эхэлсэн шүү дээ?

-Миний охин чинь 2007 оноос хойш энэ хамтлагтаа дуулж эхэлсэн. 2008 онд хэсэг завсардаад,тэр оныхоо сүүлээр буцаад уран бүтээлээ хийж эхлээд л одоо хүртэл тасралтгүй дуулж явна. Би ахлах тогооч байсан болохоор хоол, ундыг нь тааруулж хийж өгнө. Хамтлагийнх нь хүүхдүүд ирээд л хоол идэх их дуртай. Манайхаар их ирцгээдэг байсан. Дуучин хүн сайхан шүү.

Эгч нь одоо боддог юм. Ер нь сайхан мэргэжил юм байна. Яаж дэмий өөр сургуульд оруулчихаагүй юм гээд.

-Ямар дууг нь илүү сонсох дуртай вэ?

-Хүүхдийнхээ дуулсан дуу болгонд л дуртай  даа. Гэхдээ би хамгийн анхных  дуу болох “Ижий дээ бичсэн захидал” гэдэг дуунд их хайртай. Надад зориулж дуулж байсан юм. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн хөгжим, талийгаач Загдын Түмэнжаргал гуайн шүлэг. Бас анхны клип “Өнө Мөнх орон” дуунд их хайртай сонсох дуртай.

- Охин тань дуучин бас жүжиглэх авьяастай гэдгээ удаа дараа харууллаа?

- Тийм шүү. “Ану хатан”-аас өмнө “Хязгааргүй” мьюзикл моно дуурьд тоглосон. Тэгэхэд нь сайн жүжиглэдэг юм байна гэдгийг нь мэдэрсэн. Хүмүүс ч тэгж харж байсан байх. Тэр богино хэмжээний жүжгээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Гранпри” шагнал авсан. Мөн 2011 онд  “Гэгээн Музаг”-аас Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал гардсан.

-Та өөрөө хэр дуулдагбэ?

-Би бүүр багадаа аавыгаа дагаад дээр үед бригадаар сумын тоглолт гээд явснаа мартдаггүй юм. 60-70 оны хооронд бригад хэсээд жүжиг тоглоод, дуулаад явдаг байлаа шүү дээ. Хүүхэлдэйн жүжиг тоглож явахдаа 16-хан настай байж.

-Урлагийн хүн болох шахсан юм биш үү?

-Арай ч үгүй ээ. \Инээв\ Хонины захад орны тор нэхээд суучихдаг байсан. Сав л хийвэл нэхмэлээ бариад авна. Дээр үед бүх айлууд төмөр ортой байсан даа. Тэрний урдуур унжуулж татах тор айл болгоноос уралдаж гоё хээтэйг нэхэх гээд хичээнэ. Бас хатгамал хийнэ. Дэрний уутаа гоёх гээд том, том  цэцэг навчтай хатгамал хатгадаг. Би бас их олон хосын хуримын дээлийг оёсон. Хараагаа муудтал оёсон доо. Одоо хараа муудаад оёхоо больсон.

-Бидний урилгыг хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.