m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 03:09
142
Г.Оюунгэрэл: Зүрх сэтгэл минь тайзнаас хэзээ ч буухгүй

Азийн хатан хаан”, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг дугаарын зочноор урилаа. Тэрээр “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байгаа юм. Түүнтэй гоо сайхан, үзэл бодол, дотоод ертөнцийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Яагаад “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага байгуулах болсон бэ. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

-Манайхан загварын ертөнц гэхээр зөвхөн моделиудаар төсөөлдөг. Гэхдээ гол цөм нь загвар зохион бүтээгчид. Дизайнер байхгүй бол бид ажилгүй шүү дээ. Манайд харьцангуй авъяастай, дэлхийд үнэлэгдэхээр загвар зохион бүтээгчид төрж байна. Түүнийг сая “Мercedess benz”-ийн шоу нотоллоо. Бид тэднийгээ дэмжих ёстой.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -Жишээлбэл, танай байгууллага тэднийг хэрхэн дэмжих вэ?

-Манай загвар зохион бүтээгчид нэг шоунд оролцохын тулд бүх зүйлд анхаарлаа хандуулдаг байсан. Нүүр будаг, үс засалт нь ямар байхав, шоуны тайзаа хэрхэн янзлах гээд санаа зовох асуудалтай бишгүй тулгардаг. Харин бидний хувьд тэр асуудлыг нь мэргэжлийн төвшинд зохицуулах баг бүрдүүлж ажиллахаараа онцлог юм. Загвар зохион бүтээгч зөвхөн шинэ загвартаа л анхаарлаа хандуулна. Манай байгууллагад мэргэжлийн нүүр будагч, тайз засагч, үсчин гээд бүгд бий. Бид дизайнеруудаа дэмжээд дэлхийн зах зээлд гарахад нь тусалъя гэж шийдсэн юм.

-Үнэнийг хэлэхэд их хол сонсогдож байна?

-Үнэхээр хол сонсогдож магадгүй юм. Гэхдээ хэт холын алхмаа одоо тавих нь зөв гэдэг шүү дээ. Бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн төлөө одооноос эхэлж урагшлах болно. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Солонгосын тухай бодохоор кимчи, Францын тухай бодохоор паста санаанд ордог шиг дэлхийн хүн төрөлхтөн Монгол гэхээр шууд кашмер бодогддог байгаасай гэж хүсдэг. Бид яагаад ноос, ноолууран хувцсаараа дэлхийд манлайлж болохгүй гэж. Энэ чинь манай орны баялаг шүү дээ. Таван хошуу малынхаа арьсаар гайхалтай хувцас хийж чадах үндэстэн Монголоос өөр хаана ч байхгүй байх. Монголын үндэсний хувцсыг дэлхийн загварынхан яаж биширч, атаархаж хүлээж авдаг гээч. Тэр болгонд би эх орноороо, үндэсний урлаг, өв соёлоороо бахархдаг.

-Загвар зохион бүтээгчдийн хувьд тийм байдаг байж. Харин загвар өмсөгчдийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай загвар өмсөгч нар чадварын хувьд гайхалтай. Дэлхийн хаана ч очсон гологдохооргүй стандарттай шүү. Дэлхийн өнцөг булан бүрт, алдартай агентлагуудад монгол модель байдаг. Тэд эх орныхоо нэрийг тодорхой хэмжээгээр гаргаад л явж байгаа.

-Гэхдээ яагаад заавал гадаадад гарч ажиллаж, амьдрах хүсэлтэй байдаг юм бол?

-Хүн бүхэнд өөрт тавьсан зорилго гэж байдаг. Манай загвар зохион бүтээгч, моделиудын хувьд ч ялгаагүй. Дэлхийн зах зээлд хүч үзэхсэн гэсэн хүсэл бий. Тэгээд ч өндөр хөгжилтэй, загварын ертөнцөд байр сууриа олчихсон орны хангамж нь хүртэл өөр шүү дээ. Би гадаад руу гарч байгаа моделиудаа буруутгадаггүй. Харин ч илүү амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Манайд үнэхээр хангамж тийм муу юмуу?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг яаж гүйцэхэв дээ. Гэхдээ одоо ч эх орондоо загвараа өмсөөд, амжилттай ажиллаж амьдарч байгаа моделиуд зөндөө бий. Чадалтай, шинэ, залуу моделиуд төрж байна.

-Нууц биш бол дэлхийн хэмжээний загварын шоунд оролцоход яаж цалинждаг юм бэ?

-Харилцан адилгүй байдаг юм. Ямар шоунд оролцож байгаагаас шалтгаална. Гэхдээ чанар, чансаагаа дагаад цалин мэдээж өндөр.

-Бусад орны моделиудтай нэг тайзан дээр алхахад ямар байдаг вэ. Монгол модель тэднээс юугаараа ялгардаг бол?

-Манай моделиуд техник, алхалт сайтай. Мөн хувцсыг амилуулах, жүжиглэлт нь дэлхийн хэмжээнд үнэлэгддэг. Загвар өмсөгчид зүгээр л тайзан дээр гарч алхаад мөнгө олчихдог хүмүүс биш.

-Хүмүүс тийм л бодолтой байдаг. Өндөр туранхай бол загвар өмсөгч болоод мөнгийг хүүдийлнэ гэсэн ойлголт сэтгэхүйд нь суучихсан. Харин энэ мэргэжлийн цаана ямар үнэ цэнэ оршдог юм бэ?Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

-Бүх салбарт хүмүүс хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг. Моделиуд ч ялгаагүй. Олон жилийн хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Биеийнхээ галбирыг алдахгүй, цэх шулуун байлгахын тулд бид байнгын бэлтгэл хийдэг. Мөн хувиралт сайтай байх хэрэгтэй. Шоутай өдөр өвдсөн ч өвдөөгүй юм шиг алхах шаардлага гардаг. Тэр бүхэнд бид бэлтгэгдсэн байх шаардлагатай. Мөн залуу нас, гоо сайхнаа загварын тайзанд зориулж байна.

-Яаж хувиралт хийдэг юм бэ?

-Тухайн загвараа мэдрэх гэж тайлбарлаж болох юм. Загвар зохион бүтээгчийн хувцсаараа дамжуулж хэлэх гэсэн санааг нүүрний хувирлаараа илэрхийлнэ гэсэн үг. Жишээлвэл Катья Зол дандаа гэгээлэг, тод өнгийн, эмэгтэйлэг хувцас урладаг. Түүний загварт зориулж хувирах хэрэгтэй. Шинэ загварын хувцсыг нь өмсчихөөд байдгаараа урвайгаад байвал утгагүй шүү дээ. Харин Ариунаа Сүри гэхэд арай бараан өнгийн, хүнд стилийг харуулахыг зорьдог. “Торго”-ын Б.Болдын загварууд арай монголжуу, харц дээгүүр, бардам алхахыг шаарддаг. Бид эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг нүүрнийхээ хувирлаар илэрхийлэх хэрэгтэй.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг багахан өөрчилье. Та яагаад загвар өмсөгч болохоор шийдсэн юм бэ?

-Миний багын мөрөөдөл байсан. Хүүхэд байхаасаа зурагтаар загварын шоу үзээд дагаж алхдаг байлаа. Том болоод мөрөөдлөө биелүүлье гэж зүтгсэн. Тиймдээ ч 14 настайдаа анх тайзан дээр гарч байсан. Түүнээс хойш яг 14 жил өнгөрсөн байна. Би хүсэл, мөрөөдлөө биелүүлж яваа. Цаашдаа ч зөвхөн өөрийнхөө төлөө биш Монголын загварын ертөнцийн төлөө хөдөлмөрлөх болно.

-Энэ 14 жил таны амьдралд юу өгсөн бол. Эргээд бодоход харамсмаар санагдах үе байдаг уу?

-Миний хувь хүнд болон амьдралд минь ололт амжилт бүхнийг өгсөн. Тиймээс загварын тайзандаа дэндүү хайртай. Магадгүй энэ тайзгүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх болтлоо дассан байх. Харамсах сэтгэл төрдөггүй. Харин ч тайзан дээр алхах бүртээ сэтгэл ханамжийг мэдрэх шиг болдог. Цаашдаа ч энэ мэргэжлээрээ ажиллана гэж бодож байгаа.

-Гэхдээ залуу насны мэргэжил гэдэг шүү дээ?        

-Хүссэн, хүсээгүй хэзээ нэгэн цагт буух цаг ирнэ. Гэхдээ зүрх сэтгэл минь тайзнаас хэзээ ч буухгүй. Энэ салбарын төлөө олон зүйлийг хийх болно.

-Оргилуун их хүсэл мөрөөдөл, эрч хүч таниас мэдрэгдэж байна. Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хэр зав гаргаж байна?

-Тодорхой хэмжээгээр гаргалгүй яахав. Амьдралын утга учир нь аз жаргалтай, элэг бүтэн гэр бүл шүү дээ. Амралтын өдөр, чөлөөт цагаа аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг хүсдэг.

-Амьдралынхаа ихэнх хугацааг загварын тайзнаа өнгөрүүлсэн болохоор танд ээж болох мөч л жаахан амсхийх боломж олгосон байх. Чухам тэр мөч танд ямар мэдрэмжийг төрүүлсэн бэ?

-Амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг ээж болохдоо л мэдэрсэн. Бүсгүй хүн бүхний хэзээ ч мартагдахааргүй, аз жаргалтай үе нь тэр л байх. Хүүхдээ хараад өөрийн эрхгүй догдолж, нулимс унагадаг юм билээ. Ингээд ээж болчихлоо гэхэд итгэмээргүй ч юм шиг. Цаг хугацаа өнгөрөх бүрт өдрөөс өдөрт том болох үрээ хараад уярч, нялхардаг.

-Ээж болчихсон гэхэд биеийн жингээ гайхалтай барьж чадсан байна. Нууц нь юу вэ?

-Би хэзээ ч хоол сойдоггүй. Цагаар хооллож, эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг. Хоносон хоол, хурц хоол нээх иддэггүй юм. Жингээ барих бас нэг давуу тал маань би амттанд дургүй. Багаасаа л чихэр, шоклад сонирхдоггүй хүүхэд байсан. Энэ нь нэг бодлын надад тусалдаг байх. Мөн усан бассейн, фитнесээр хичээллэдэг.

-Харин гоо сайхны хувьд?

-Байнга гоо сайханд ороод, нүүрээ арчлаад байх зав байдаггүй. Учир нь эрт гэртээ харьж, хүүтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд арьсаа арчилдаг. Өөрийнхөө арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, цэвэрхэн байлгаж, амраадаг юм.