АТГ байгуулагдсан цагаасаа эхлэн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсон нь эрх мэдэлтнүүдийг хууль ёсны дагуу ажиллаж буйг хянах нэг боломжийг бүрдүүлж өгсөн. Тус газраас хугацаа зааж өгснөөр төрийн тэрнүүнээсээ эхлээд тухайн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлдэг болсон. Хуульд заасан албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлж, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн нэгтгэжээ.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орлого 59.516.89 сая төгрөг байсан байх юм. Түүний орлого 2011 онд 17.093.2 сая, 2012 онд 118.462.61 сая төгрөг байсан гэж мэдүүлжээ. Гэтэл өнгөрсөн онд орлого нь бараг нэг дахин буусан байх юм. Тэргүүн хатагтай Х. Болормаагийн орлого 2011 онд 52.175.1 сая, 2012 онд 6.000.0 сая болсон бол энэ жил өмнөх онтой адил орлоготой байсан аж. Тэд 2011 онд мэдүүлэг бөглөхдөө 418.911.00 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлсэн нь өөрчлөгдөөгүй байна. Ерөнхийлөгч 2012 онд гурван үхэр, 20 хонь, 25 адуу, 15 ямаагаа 26.900 сая төгрөгөөр үнэлсэн бол 2013 онд мал нь бага зэрэг өсч, 28 сая төгрөгөөр үнэлжээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл 635 сая төгрөгийн үнэтэй юм байна. Харин албаны машинаас өөр машингүй гэж мэдүүлжээ.
Ерөнхийлөгч 2012 онд “Муштааг”ХХК-4750, “Анх-Эрдэнэ” ХХК-600,”Либерти” дээд сургууль-10,”АСУ” ХХК-60000, “Женко тур бюро” ХК,”Ремикон” ХК-ийн -100000 ширхэг хувьцаа эзэмшдэг нь өөрчлөгдөөгүй байна.
УИХ-ын дарга З.Энхболдын орлого 2011 онд 71.905.2 сая байсан бол 2012 онд 75.345 сая, 2013 онд 86.182.58 сая болж өсчээ. Харин эхнэр Т.Бат-Өлзий нь 2013 онд 20.499.99 сая төгрөгийн орлоготой байсан аж. Тэд хоёр орон сууцтай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьджээ. УИХ-ын дарга 2013 онд сая төгрөгийн үнэ бүхий нэг адуутай болсон юм байна. Спикер хувьдаа унаагүй гэж мэдүүлжээ. Тэдний үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл хоёр сая төгрөгийн үнэтэй.
УИХ-ын дарга З.Энхболд “Интер”ХХК-ийн1000 ширхэг хувьцаа эзэмшдэг нь хэвээр байна.
Төрийн гурван өндөрлөгөөс хамгийн их орлоготой нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Түүний орлого 2011 онд 219 сая, 2012 онд 302.700 сая байсан бол 2013 онд 318.421 сая болжээ. Түүний эхнэр нь чамлахааргүй орлоготой аж. Хатагтай Х.Сэлэнгэ 2013 онд 160 сая төгрөгийн орлого олжээ. Тэд хоёр орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтай нэг обьекттой бөгөөд нийт үнэ нь 640 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Ерөнхий сайд албаны унаанаас гадна амины LEXUS-470, 570 машинтай аж.
Ерөнхий сайд “Мах экспорт” ХХК-ийн 1.50 хувь, “Хаан жимс Эс Би Ти”ХХК-ийн 2.33 хувь, “Эмнэлгийн техник” ХХкийн 86.6 хувь, “Увс байгаль” ХХК-ийн 4.50 хувийг эзэмшдэг.