m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.08 08:51
85
Цуврал-19 Хөгжимчин хүний амийг хөнөөснийг ингэж илрүүлэв

 

Цагдаагийн албанд дадлага туршлагатай, авсан хэргээ алдалгүй илрүүлдэг олон хурандаа нар байсны нэг нь Д.Майсүрэн юм. Түүний илрүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя.

Эрүүгийн ертөнцөд онц ноцтой олон хэрэг байдаг ч 1980-аад оны үед үхсэн хүнтэй хурьцал үйлдсэн тохиолдол үгүй аж. Д.Майсүрэн даргын утас шөнө дөлөөр дуугарч “Октябрь /Одоогийн Баянгол/ нутаг дэвсгэрт эмэгтэй хүнийг хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа” гэх мэдээлэл ирэв. Хурандаа хэргийн газар очоод эхний үзлэг хийж 40 орчим насны эмэгтэйг амьсгал хураасан хойно нь хүчиндсэн болохыг төвөггүй мэдээд авлаа. Ингээд шөнө дөлөөр шалгалтын ажлаа эхлүүлэв. Ганц нэгээрээ яваа хүн бүрийг шалгаж, хот дотор болон хотоос гарч буй машин бүрийг алдалгүй шалгасан ч сэжигтэй зүйл илэрсэнгүй. Маргааш өглөө нь Ажлын хэсэг байгуулан гэрчүүдээс мэдүүлэг авах ажил эхлэв. Хэрэг гарсан байрны гурван иргэн мэдүүлэг өгсөн ч баттай баримт гэх зүйл ярьсангүй.Шөнийн ажилтай хүмүүстэй уулзаж асууж ярилцсаар “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн маргалдаад байсан.  Эмэгтэй нь тунирхан орхиод явсан. Эрэгтэй нь саарал өнгийн цувтай, босоо үстэй, үнэртэй ус үнэртүүлсэн хүн байсан” гэх мэдээлэлтэй болов. Сэжигтэн байрны ойролцоох нэгэн айл руу орж утсаар ярихдаа эмэгтэйг хамт явахыг гуйж, доллар байгаа гэж хэлж байсныг гэрийн эзэн хичээл насны өвгөн хэлэв. Тэр бас л үнэртэй ус үнэртүүлсэн, дэгжин хүн байсныг онцлов. Олон хүний мэдүүлгээс гэмт хэрэгтэн 20 орчим насны, боловсролтой нэгэн байх гэсэн таамаг дэвшүүлжээ. Шог зураач Ц.Байдыг Д.Майсүрэн зорин очлоо. Учир нь 25 мянган төгрөг алдагдсан ноцтой хэргийн ам зургийг Ц.Байдыгаар зуруулсан нь усны дусал мэт адилхан болсныг цагдаагийнхан андахгүй. Ирсэн зорилгоо хэлтэл зураач дургүйцсэнгүй “Адилгүй болчих вий” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

 

..."Андуурсан хүнийг чи сайн мэдэж байгаа юм байна” гээд баривчлав...

Бичсэн ёсоор ам зураг гарч, нийслэлийн цагдаагийн хүрээний мөрдөн байцаагчдад тараав. Хүлээсээр, шалгах ажлаа үргэлжлүүлсээр нэг л мэдэхэд сар болох гэж байв. Ам зураг үр дүнгээ өгөхгүй байх учиргүй гэдэгт итгэж байсан Д.Майсүрэн залуучуудын дунд бүжиг зохион байгуулж, тэр дундаас хайх хүсэлт гаргасан ч оюутнууд намрын ажилд явсан, тэгээд ч зөвшөөрөл өгөх дарга амарсан байв. Гэтэл удалгүй  Чехийн алдартай хамтлаг ирэх тухай зар тарав. Энэ тоглолт үзэхээр ирсэн хүмүүс дундаас сэжигтнээ хайх ёстой гэдгийг хатуу ухаарсан Д.Майсүрэн тоглолт болох өдрийг хүлээж байв. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө ажилтнуудаа байршуулан ажиглалт хийхийг үүрэгдэв. Д.Майсүрэн өөрөө тайзны араас үзэгчдийг тандав. Ажиглалтанд урдаасаа гурав дахь эгнээнд суугаа нэгэн залуу өртөв. Сайн хараад, зургаа гарган ажсаар тэр хүнийг шалгах ёстой гэж үзэн ажлаа эхлэв. Тоглолтон дундуур явсаар сэжигтэй залуугийн  тохойноос татан гаргаж ирэв. Тусгай өрөөнд ороход нөгөө залуу “Та нар хүн андуурсан бололтой” гэж их тайван хэлэв. Хурандаа “Ямар хүн андуурсан гэж.

Андуурсан хүнийг чи сайн мэдэж байгаа юм байна” гээд баривчлав. Хөдлөшгүйи нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэнийг нотлоход залуу хэргээ хүлээв. Тэрбээр ЗСБНХУ-д сургууль төгссөн хөгжимчин мэргэжилтэй нэгэн байв. Тэрбээр найз бүсгүйгээ гэртээ хонох, эсвэл гэрт нь хонохыг гуйсан ч тэр нь огт зөвшөөрөөгүй аж. Аргаа бараад бороо хаялсан шөнө алхаж явахдаа урд нь алхаж буй махлагдуу эмэгтэйг хараад хүчиндэхээр орц руу нь оржээ. Эмэгтэйн амыг барьж, боомилон хүчирхийлсэн гэдгээ хэлжээ. Бие тааруу байсан уу хөөрхий бүсгүй боомилох үед амьсгал хураасан байж болзошгүй аж. Залуу ёс бусаар хүслээ хангаад түүнийг босохгүй болохоор нь орцонд орхиод явсныг ийнхүү илрүүлсэн аж. Мөрдөн байцагч нар тэр үед их хатуу чанга дэглэмтэй байсан юм. Өөрийн мөрдөж буй хэргийн талаар ар гэр, эхнэртээ ам ангайх эрхгүй. Энэ зарчмаа Д.Майсүрэн ёсчилон дагадаг байв.

Хэрэг илэрсэн өдөр эрт гэртээ иртэл эхнэр нь “За хэргээ илрүүлээ юү. Ямар хүн хайгаад байв даа” гэхээр нь “Ийм хүн” гээд зургаа харуултал эхнэр нь “Өө Балган шив дээ. Хөгжимчин энэ залуу манай ажлаар ирж, урлагийн ажилд тусалдаг байсан юм. Гэмт хэрэг үйлдлээ гэж үү” гэх нь тэр. Хэрвээ Д. Майсүрэн хурандаа цагдаагийн ажилтны зарчмаа биелүүлээгүй, тухайн үед эхнэртээ зургаа үзүүлсэн бол ийнхүү 33 хоног нойр хоолгүй явахгүй байх аж. Хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноосон гэдэг.