m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:30
45
С.Ганбаатар: Засаглал нь улс төрөө, улс төр нь эдийн засгаа хямрааж байгааг үндэсээр нь тасалъя

УИХ-ын гишүүн Засгийн газрын албыг давхар хашихгүй байх хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт шилжээд байгаа. Энэ талаар УИХ дахь намын бүлгүүд тус тусын байр суурийг илэрхийлж буй. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөл “Давхар дээл” тайлах асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цөөн зүйлийг тодрууллаа.

-Бие даагчдын зөвлөл "Давхар дээл тайлах" хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Харин өчигдрийн нэгдсэн чуулганаар энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн сайдууд “дээлээ тайлах”-ыг дэмжсэн. Энэ талаар бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -Бие даагчдын зүгээс "давхар дээлийг тайлах" асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Манай Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж энэ давхар дээлийг нэг мөсөн тайлъя гэдэг хатуу байр суурьтайгаар тэмцлээ явуулж ажлаа хийж байгаа. Миний хувьд ирэх долоодугаар сарын 1-нээс нэн даруй энэ хуулийг хэрэгжүүлье гэдэг байр суурьтай байна. Ард түмэн ч үүнийг хүсч байгаа.

-УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашиж байгаа учир эдийн засаг хямралд орлоо гэж МАН үзэж байгаа. Танай зөвлөл ч бас ийм байр суурьтай байна уу?  

-Ардчиллын үнэт зарчим бол засаглалын хуваариалалт гэдэг. Үүнийг гурван хэсэгт хуваарилсан байдаг. Хууль баталж, шийдвэр гаргах нь УИХ, хуулийг хэрэгжүүлэх засаглал нь Засгийн газар, хууль хэрэгжүүлэх үйл явцад ямар нэгэн маргаан гарахад таслах нь шүүхийн засаглал юм. Тус тусдаа байх эдгээр засаглал нь нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүний гарт орохоор дарангуйлал үүснэ. Өнөөдөр манай засаглал яг ийм байдалд орсоны улмаас иргэдийн 35 хувь нь ажилгүй, 70 хувь нь орлогын ядууралтай, 400 мянган хүн гудамжинд байна. Засаглалын хямрал нь улс төрийн хямрал руугаа явуулдаг, улс төрийн хямрал нь эдийн засгийн хямралаа дагуулдаг. Тийм учраас л үндсийг нь тасалъя гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. 

-Энэ хууль одоо гарсан саналаараа шийдвэрлэгдвэл Засгийн газар тарна гэсэн үг. Тиймээс ч Ардчилсан намынхан Засаг унагах санаа гэж байгаа?

-Бид Засгийн газрыг унагаах тухай ерөөсөө бодоогүй. Өнөөдөр тэгвэл тэр гол дөрвөн сайдаа авч үлдээд бусдыг нь Ардчилсан намаасаа л байгуул л даа. Энэ 17 сайдаас бусад нь бүгдээрээ мөнгө идчих гээд байгаа хүмүүс биш шүү дээ.  

-Сайд нарын “давхар дээлийг тайлах”-ын тулд Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх болно. Гэтэл Үндсэн чиг үүргийн яамны сайдууд давхар алба хашихаар өөрчилсөн заалттай харшилах юм биш үү?

-"Давхар дээлтэй" гишүүд нь 17 байх юм бол УИХ Засгийн газрынхаа хяналтад орчихоод байна. Тэрнээс биш гурав, дөрвөн гишүүн гэвэл байж болно. Олон улсын практикт ч ийм байдаг. Зарчим алдагдахгүй гэсэн үг л дээ.  

-Харин бие даагчдын зүгээс энэ асуудалд ямар нөлөө үзүүлж, хэрхэн оролцож байна вэ?

-Манай гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар хуульчидтай ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг өөрчилж байж энэ асуудал асуудалгүй шийдэгдэнэ.

-Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх боломжийн талаар судлаж байна. Одоо энэ байгаа боломжийг ашиглаад Засгийн газраа цэвэршүүлж, хянадаг болчихвол ирэх хоёр жилд үр дүн гарах магадлал өндөртэй гэсэн санаагаар судалгаа хийж байна.